“Шалгалт” айсуй

Улаанбаатарчууд энэ өвөл түүхий нүүрс түлэхгүй. Агаарын бохирдлыг бууруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд ийм шийдвэрт хүрэх нь зайлшгүй шаардлага байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Утаанаас салах талаар урьд нь төр, засгаас олон арга хэмжээ авсан ч үүн шиг дорвитой алхам хийсэн нь үгүй. Засгийн газрын 62 дугаар тогтоол болон гарсан эл шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг шалгах өвөл хаяанд ирлээ. Гэр хорооллын айлуудыг гал алдуулахгүй өвөлжүүлэхэд хүрэлцэх хэмжээний, чанартай түлш үйлдвэрлэсэн, эсэхийг “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ хөндлөө.

Нийслэлчүүд өвлийн турш ойролцоогоор 1.2 сая тонн түүхий нүүрс түлж, хорт утаа үйлдвэрлэдэг байжээ. Харин нүүрсийг халж, сайжруулсан түлш ашигласнаар дээрх үзүүлэлт 600 000 тоннд хүрч буурахыг албаныхан онцолсон. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний түлш үйлдвэрлэж байж улаанбаатарчууд өвлийг давна гэсэн үг. Одоогоор 200 000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн бөгөөд хомсдол, гачигдал үүсэхгүй, гэр хорооллын айлуудыг тав тухтай өвөлжүүлэх бүрэн боломжтойг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Өвлийн турш ашигладаг түлш 1.2 сая тонноос 50 хувь багассанаар агаарын бохирдол ч тэр хэмжээгээр багасахыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон хэлсэн.

Шахмал түлшийг айл бүрт хүргэхийн тулд хотын хэмжээнд нийт 540 борлуулагч ажиллуулахаар гэрээ байгуулжээ. Тэдний олонх нь урьд нь гэр хороололд түүхий нүүрс борлуулж, амьжиргаагаа залгуулдаг байж. Борлуулагчид иргэдийг гал алдуулахгүй байх үүрэг хүлээжээ. Нэг борлуулагч 400 айл хариуцаж, түлшээр хангах аж.

Иргэд сайжруулсан түлш худалдан авахын тулд заавал “Сайн” карттай байх ёстой. Энэ нь төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү тухайн өрх хэр их түлш ашиглаж буйг хянах цахим систем гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, дүүрэг, хорооныхон өдгөө гэр хорооллоор явж, “Сайн” картыг тараан, тухайн айлын талаарх мэдээллийг цахим системд оруулж байгаа юм билээ.

Хэдийгээр ажил энэ маягаар үргэлжилж буй ч сайжруулсан түлштэй холбоотой гомдол, бухимдал тасрахгүй байгаа. Жишээ нь, ханын зуухтай айлууд шахмал түлш түлэхээр асахгүй, утаа их гарч байгаа гэж гомдолложээ. “Сайжруулсан түлш түлэхэд хүндрэлтэй байгаа айлууд ханын зуухаа инженерийн тооцоо, зөв технологиор бариагүй. Тиймээс айлуудын ханын пийшинд сайжруулсан зуух холбох технологи боловсруулж, түүнийгээ гэр хорооллын иргэдэд зааж, сургалт явуулж байна” гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон хэлсэн. Дараагийн нэг асуудал нь чанар. “Нүүрснээс илчгүй юм. Яаж өвлийг давна аа”, “Ерөөсөө асахгүй байна” гэж шүүмжлэх иргэн цөөнгүй бий. Харин албаныхан түлш чанартай бөгөөд иргэд галлаж чадахгүй байгаа нь гол асуудал хэмээн онцолсон.

Юутай ч нийслэлийнхэн утааг багасгах томоохон алхмаа хийлээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг 2018 оны хоёрдугаар сард баталж, өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлсэн. Улаанбаатарчууд үүнд хэр сайн бэлдсэнийг айсуй өвөл шалгаж, дүн тавина.

Бэлтгэсэн: Ч.Мөнх

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Хоёрхон шуудайг олгох “заавар” хүмүүсийг бухимдуулжээ

Өнгөрсөн хавраас эхэлж улаанбаатарчуудын ярианы сэдэв болсон зүйл бол шахмал түлш. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж буй. Гэсэн ч шахмал түлш нийслэлийн гэр хорооллын 200 гаруй айл өрхөд хүрэлцэх, эсэхэд эргэлзэх иргэн цөөнгүй байна. Мөн тус түлш нүүрсийг гүйцэхүйц хэмжээний илчтэй, чанартай, эсэхэд ч эргэлзсээр байгаа юм. Сайжруулсан түлшийг хэрхэн борлуулж байгааг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн XXII хороо, “Цайз” захын хажууд байрлах цэгт очив. Тэр хавьд борлуулалтын цэг цөөнгүй. Бараг км тутамд нэг байх шиг харагдсан. Зорьж очсон цэгийн борлуулагч Ч.Жанлав “Цаг агаараас шалтгаалаад өдөрт 10-15 тонн шахмал түлш худалдаж байна. Дулаанд багахан зарна. Манай монголчууд цагийг нь тулгаж өвөлдөө бэлддэг. Хүйтрэхээр л “шуураад” ирнэ” гэлээ. Иргэд шахмал түлшинд ямар “дүн” тавьж байгааг Ч.Жанлаваас лавлахад “Олонх нь ам сайтай байна. Нам даралтын зууханд тохирч байна гэж олон хүнээс сонслоо. Харин ханан пийшинтэй хүмүүс асахгүй байна гэх юм. Асуудал түлшинд биш, зууханд байгаа биз гэж бодож сууна. Хотын утаа хэрээс хэтэрсэн шүү дээ. Засаг, төрөөс хийж буй ажлыг дэмжих л хэрэгтэй. Ингэж байж л үр, хойчоо эрүүл саруул амьдрахад нь тусална” гэлээ.

Биднийг ярилцах зуур 4-5 хүн түлш худалдаж авав. Нэг өрхөд хоёр шуудайг олгох заавартайд бүгд л бухимдана. Нэг нь “Өнөөдөр миний цалин, ээжийн тэтгэвэр буусан. Ахиухан авчихмаар байна. Хөгшин хүн даарчих гээд байх юм” хэмээн борлуулагчаас гуйв. “Цаанаасаа ийм заавартай ч үнэхээр хөгшин хүн, нялх хүүхэдтэй бол өгөхгүй гэж гүрийх хэцүү юм” гэсээр дөрвөн шуудайг өгөөд явуулав. Өнгөрсөн зун зарим хүн шахмал түлшнээс их хэмжээгээр худалдан авч, дамласан хэрэг мэр сэр гарсан тул иргэдэд картаар олгох болсон. Картыг хороогоор дамжуулан өрхүүдэд олгох бөгөөд зөвхөн харьяа дүүргийнхээ түлш борлуулах цэгээр л үйлчлүүлэх боломжтой аж. Учир нь иргэдэд олгох карт тусгай кодтой тул өөр цэгт ажиллахгүй гэнэ.

Дараа нь Хан-Уул дүүргийн VII хороо, Яармагийн эцэст байрлах цэгийг зорив. Сэрүүхэн өдөр байсан тул иргэд уурлаж, бухимдсан ч түлшээ авсаар байгаа нь харагдлаа. Нэг иргэн мөн л олон шуудайг авахаар учир байдлаа тайлбарлан зогсоно. Тэрбээр “Манай гэр Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Харин ажил Яармагт. Ажил оройтож тардаг учраас гэрийнхээ ойролцоох цэгээс авч чадахгүй юм. Өдөр бүр ажлын дундуур түлш авах гэж гарах хэцүү. Болж өгвөл цалин буусан үедээ их хэмжээгээр авах юм сан” гэв. Борлуулагч нь холоос ирдэг гэх учир байдлыг нь ойлгож “норм”- ын хоёр дээр нэгийг нэмж өгсөн. Гэтэл нэг залуу ирснээ борлуулагчийг загнаж гарлаа. Учрыг тодруулахад “Би хөдөө ажилладаг. 14 хоног ажиллаад, хотод ирж долоо хононо. Эхнэр минь мөн л ажлаар хөдөө явж таарсан тул гурван хүүхдээ дүүдээ үлдээсэн юм. Гэтэл хөдөө явахдаа авч өгсөн түлш сайн шатаагүйгээс гэр хүйтэн, хүүхдүүд минь хоёр давхар хөнжил нөмрөөд унтаж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ гээд хүүхдүүдийг хөлдөөх нь” гэлээ. Шахмал түлш борлуулах цэгүүдэд иргэд ийн бужигнаж байна. Төр, засгаас хэрэгжүүлж буй ажлыг дэмжих хэрэгтэй хэмээх нэгэн байхад эсрэгээрээ хандах нь цөөнгүй.

Бэлтгэсэн: Ж.Уранмандал

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Г.ДАВААЖАРГАЛ: Шахмал түлшний илчлэг түүхий нүүрснийхээс хоёр дахин их

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд шахмал түлшний илч муу байна гэж шүүмжлэх болсон. Танай байгууллагынхан уг түлшийг өнгөрсөн жилээс туршсан гэсэн. Ямар үр дүн гарсан бэ?

-Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Тавантолгой түлш” компанийг байгуулж, түлш үйлдвэрлэж байна. Тус компанийнхан Ухаа худагийн, угааж, боловсруулсан нүүрсээр түлш үйлдвэрлэж буй. Шахмал түлшний түүхий эдийн техникийн үзүүлэлт нь улаанбаатарчуудын өргөн хэрэглэж ирсэн Багануур, Налайхын нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй.

-Угааж, боловсруулсан нүүрсээр түлш үйлдвэрлэх нь ямар давуу талтай вэ?

-Түүхий нүүрс үе давхаргаасаа хамаараад харилцан адилгүй чанартай байдаг. Тэр хэрээр илчлэгийн түвшин харилцан адилгүй. Харин угааж, боловсруулсан нүүрсний илчлэг тогтмол 6000 орчим ккал/кг байна. Түүнчлэн тухайн түлшинд агуулагдаж буй дэгдэмхий бодис болон чийглэгийн хэмжээ ч бага. Чийглэгийн хэмжээ бага байвал хурдан асна гэсэн үг шүү дээ.

-Улаанбаатарт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож, шахмал түлш хэрэглэж буй гол зорилго нь утааг бууруулах. Сайжруулсан түлш ашигласнаар утааг хэдэн хувь бууруулах талаар судалсан уу?

-Тоос, тоосонцрын агууламж, азот, хүхрийн давхар исэл, угаарын хий гэсэн дөрвөн үзүүлэлтээр утааны хэмжээг тодорхойлж байгаа. Шахмал түлшнээс хэр их утаа ялгарч байгааг хэмжсэн. Багануур, Налайхын нүүрстэй харьцуулахад тоос, тоосонцрын агууламж 60 хувь буурсан дүн гарсан. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй түлшний технологийг Эрчим хүчний яамны зөвлөл гаргаж, баталгаажуулсан. Судалгааны үндсэн дээр баталсан орц, найрлагын дагуу үйлдвэрлэж буй учир түүхий нүүрснээс чанаргүй байх үндэслэлгүй.

-Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол хэдэн хувь буурахыг танай байгууллагынхан тооцсон уу?

-Түлшний хэрэглээ 1.2 сая тонноос 50 хувиар буурч байгаа. Мөн чанар нь сайжирч, шатаахад ялгарч буй бохирдлын хэмжээ нь багассан. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг үйлдвэрлэдэг гэр хорооллынхон сайжруулсан түлш хэрэглэснээр утаа 40 хувиар буурна гэж таамаглаж байгаа.

Бэлтгэсэн: Ж.Уран

БАЙР СУУРЬ

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний чанар, хүртээмжийн талаар мэргэжилтнүүд болон иргэдийн байр суурийг сонирхлоо.

Стандартын дагуу үйлдвэрлэсэн нь нотлогдсон

Н.ШИНЭ-ОРГИЛ (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга):

-Манай байцаагчид шахмал түлшний бат бөх чанар, илчлэг, чийглэг, дэгдэмхий бодис зэрэг үзүүлэлтийг шалгасан. Итгэмжлэгдсэн лабораториудад нийт долоон удаа шинжлүүлэхэд стандартын дагуу үйлдвэрлэсэн нь нотлогдсон. Иргэдээс “Илчгүй байна” гэсэн гомдол ирүүлсэн. Тиймээс сайжруулсан түлш түлж, туршихад ч сайн шатсан. Хүмүүсийн яриад байгаа шатахгүй, цогшихгүй, халахгүй байгаа гэдэг нь үндэслэлгүй гэж бодож байна. Орон нутгийн иргэд шахмал түлш худалдаж авах хүсэлт ирүүлэх болсон. Тэд чанарыг нь мэдээд л хүсэлт тавьсан биз ээ.

“Сайн” карт борлуулалтын системийг хялбаршуулна

Г.ДАВААБААТАР (“Тавантолгой түлш” компанийн хэвлэл мэдээллийн ажилтан):

-Нийслэлийн хэмжээнд 540 борлуулалтын цэг ажиллана. Одоогоор 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж түлш борлуулах гэрээ байгуулсан. Үүнээс 250 гаруйд нь түлшээ хүргэж, борлуулж эхэлсэн байна. Иргэдийн регистрийн дугаарыг бүртгэж, өдөрт хоёр шуудайг олгож буй. Энэ нь нэг хүн их хэмжээгээр аваад, дамлан худалдахаас сэргийлж байгаа хэрэг юм. Өнгөрсөн зун ийм тохиолдол мэр сэр гарсан. Тухайлбал, Долоон буудлын эцэст нэг шуудай түлшийг 5000 төгрөгөөр худалдаж байсан. “Сайн” картыг үйлчилгээнд нэвтрүүлснээр борлуулах системийг хялбаршуулна. Нэг өрхөд энэ өвлийн турш нийт гурван тонн түлш авах квот олгоно. Иргэд картаа уншуулж, авсан түлшнийхээ хэмжээг квотоосоо хасуулна гэсэн үг. Ингэхээр түлш хомстох, дамлан худалдах, үнэ хөөрөгдөх асуудал үүсэхгүй.

Бүтэн шуудайг нэг л өдөр түллээ

О.НОМИН (Сонгинохайрхан дүүргийн XI хорооны иргэн):

-Нэг айлд өдөрт хоёр шуудай түлш л өгнө гэнэ. Бид цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс. Цалин буусан даруйд ахиухан авчихмаар байна. Мөн өглөөнөөс орой хүртэл ажиллаж, бор хоногтоо л гэрийн бараа харж байхад аль заваараа өдөр бүр түлш авахаар дугаарлаж зогсох вэ.

Хорооноос карт олгоно гэсэн. Манайд одоогоор өгөөгүй байна. Хэд хоногийн өмнө хоёр шуудай түлш авч, түлж үзлээ. Чанар муутай юм билээ. Манайх “Дөл” зуухтай. Тэр зуухандаа түлэхэд асах ч үгүй, цогших ч үгүй байсан. Бүтэн шуудайг нэг л өдөр түллээ. 25 кг гэсэн үг. Өвөл үүнээс хэд дахин ихийг хэрэглэнэ.

Манай гэрийн ойролцоо борлуулалтын цэг алга

Х.ЧИМЭДЦЭРЭН (Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн):

-Шахмал түлшийг энэ намар л хэрэглэж үзлээ. Ерөөсөө халахгүй юм. Манай гэрийн ойролцоо түлш зарж байгаа цэг алга. Хайлаастын эцэст л ганц бий. Хэдэн буудал явж очихоор хоёр шуудайнаас илүүг өгөхгүй гэсэн. Урьд нь машинаар нь авчихдаг байлаа. Өдөр бүр хоёр шуудай зөөх хэцүү. Өвлийг яаж давна даа гэж бодох юм.

Өдөрт 1-2 тонныг зарж байгаа

Ц.БЯМБАА (Баянгол дүүргийн XXII хороонд шахмал түлш борлуулагч):

-Одоохондоо дулаахан байгаа учир өдөрт 1-2 тонн шахмал түлш борлуулж байна. Хүйтрэхээр 3-4 тонныг борлуулна. Хүмүүс эхлээд ам муутай байсан. Мөн “Яаж галлах вэ” гэж асуудаг. Би өөрөө түлж үзээгүй болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ л чадахаараа зааж өгч байгаа. Түлэх аргаа л зөв олох ёстой юм билээ. Одоохондоо нэг өрхөд өдөрт хоёр шуудай түлш өгөөрэй гэсний дагуу л борлуулж байна. “Сайн” карт тараагаад эхлэхээр их хэмжээгээр борлуулж болно гэсэн. Манай хороонд карт тарааж эхлээгүй. Энэ сарын 20-ноос тараах сураг дуулдсан.

Бэлтгэсэн: У.Саран

ДЭЛХИЙН ЖИШИГ

“Хар алт” бол эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр биш

Эрчим хүчний хямд эх үүсвэр болдгоороо нүүрс ихээхэн ач холбогдолтой. Гэвч түүнээс ялгарах нүүрсхүчлийн хий нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг учраас олон оронд ахуйн хэрэглээнд ашиглахаас аль болох татгалзаж буй. Япон, БНСУ, БНХАУ-д нүүрс боловсруулах дэвшилт технологиудыг аж үйлдвэрлэлийн салбартаа түлхүү ашиглаж буй.

Японд гэхэд нүүрсийг ихэнхдээ хуурай аргаар боловсруулдаг. 30 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахад 4-5 сая шоо метр ус зарцуулдаг байна. Харин хуурай аргын технологи нь усны оронд элс ашигладгаараа онцлог гэнэ. Ингэж боловсруулсан нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ижил аж. Энэ технологийг Японы “Нагата инженеринг” компанийнхан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм байна. Япон Улс 100 хувь импортын нүүрс хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн оны байдлаар нийт эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг “хар алт”-наас гарган авчээ. Тус улсын хувьд эрчим хүч гарган авах хамгийн хямд эх үүсвэр нь нүүрс биш бөгөөд байгалийн хий ашиглах нь өртөг багатай аргуудын нэгд тооцогддог.

Хятадын томоохон үйлдвэрүүдэд нүүрсийг байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглаж, үр ашгийг нь дээшлүүлэх бодлого баримталж байна. Тэд нүүрсээ илчлэг нь өндөр байхаар боловсруулж, дэвшилт технологи нэвтрүүлэн, олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ. Тухайлбал, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдийн 11 хувь нь нар, салхины цахилгаан станцуудыг хөгжүүлэх зорилготой аж.

Сүүлийн гурван сард БНСУ-ын хойд хэсэгт агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс дөрөв дахин ихэсжээ. Тус улсад нэг тонн сайжруулсан түлшний үнэ 2015 онд 57.5 ам.доллар буюу ойролцоогоор 170 гаруй мянган төгрөг байсан бол өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн тухай “Аljazeera” цахим хуудсанд мэдээлжээ. Ингэснээр иргэд шингэрүүлсэн хий, цахилгаанаар гэр, сууцаа халааж хэвшихэд нөлөөлнө хэмээн эрх баригчид нь үзсэн байна.

Парисын хэлэлцээрт нэгдсэн орнууд нүүрснээс эрчим хүч гарган авах технологи ашигладаг үйлдвэрүүдийнхээ тоог 2030 он хүртэл үе шаттай багасгаж, 2050 онд бүрмөсөн халах зорилт тавьжээ. Учир нь агаарын бохирдлоос болж дэлхийн хэмжээнд жилд долоон сая хүн амиа алдаж буйн 600 000 нь хүүхэд байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Баясгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)