Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн Ойн жим амралтын газрын баруун талд ой модноос гутаа гарч байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны 11.08 цагт ирсэн байна. Үүний дагуу Аврах гал унтраах 10, 18 дугаар ангийн 21 албан хаагч очиход хоёр га орчим газарт ой түймэр гарч байсан бөгөөд түймрийг газар дээр нь бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн хоёр цэгт объектын гал түймэр гарчээ. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Гачуурт явах замд зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан, машин шатаж байна гэсэн дуудлага өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийнхныг очиход “Toyota prius 20”, “Toyota probox”  загварын суудлын автомашин мөргөлдөж  долоон хүн бэртэж, “Toyota probox”  загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байсан.

Тус дүүргийн VIII хороо, Улаанхуарангийн VI гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсний дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход таван ханатай гэр, эд хогшил, зуны байшин, амбаар, иргэн Д-ын таван ханатай гэр, эд хогшил, иргэн Ө-ийн таван ханатай гэр, эд хогшил, зуны байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.

Мөн өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22-ын товчоо өнгөрөөд автозам дээр зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход HOWO загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас жолооч 48 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг иргэд гаргасан байжээ. Тэрбээр хүнд гэмтсэн тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)