Шадар сайдаа хөдөө хөөж явуулаач, Ерөнхий сайд аа

Манай улсын 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрсэн гэсэн дүгнэлтийг ОБЕГ-аас гаргажээ. Аймгуудаас Завханд 14, Өвөрхангайд 10, Увсад 11, Хөвсгөлд 13, Булганд ес, Архангайд долоон суманд өвөлжилт хүндрээд байгаа нь хамгийн их газар нутаг, мал сүргийг хамарсан гэсэн үг. Дээр дурдсан 91 суманд цасны зузаан 20-60, хунгарласан газраа 60-130 см хүрч, мал өвс тэжээлээ олж идэхэд бэрхшээл үүсчээ.

Ойрын 3-4 хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч, зүүн зүгийн зарим нутаг, говийн зүүн хэсэг, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас орж, салхи Алтайн уулс, Арц богдын өвөр хоолойгоор ширүүсэх төлөвтэй байгаа. Цаашдаа цас нэмэгдэж, нягтарч хатуурвал 91 дээр 96 сум нэмэгдэнэ гэсэн тооцоог онцгойгийнхон хийжээ. Хэдийгээр нар наашилсан ч өвөл, хаврын чилийсэн дөрвөн сард малчин монголчууд байгалийн аяыг харахгүй гээд хаачихав. Зарим газар нөөцийн өвс дууссан сурагтай. Ойрын хэдэн жил тохиогоогүй айхтар хүйтэрч, цас нэлээд орсон энэ өвөл Улсын онцгой комисс хөдөөгөө бараг эргээгүй нь хачирхмаар. Энэ комиссыг толгойлдог Шадар сайд Б.Тэрбишдагва нисдэг тэргээр хөдөө тийш морилох сураг гараад тасарлаа.

Монгол үндэстнийг үеийн үед тэжээсээр ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөж үржүүлэх, зуд турхнаас хамгаалах үүрэг төрд бий. Бүр Үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл өнөөгийн төр засаг, дарга даамлууд сандал ширээтэйгээ зууралдсаар, албан тушаалын амбийцдаа хөтлөгдсөөр энэ хатуухан өвлийг үдэх гэж байна. Малаа барвал модоо барихын цондон гэдэг билээ. Даруйхан арга хэмжээ авахгүй бол цас зуд, байгалийн араншин хаашаа ч эргэж мэдэхээр болчихоод байх шиг. Төр засаг байгаа юм бол ядахдаа газар дээрээ байдал ямар байгааг нэг харчихаач. Ийм амаргүй үед үндсэн ажлаа хойш тавьчихаад засагт байна, байхгүй гэж эрхэлж суугаа Шадар сайдаа хөдөө хөөж явуулаач, Ерөнхий сайд аа. Мал, малчид маань ядруухан, зутруухан л байх шиг байна даа.


 А.Халиун


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)