Шагайн харвааны уухайг сонссон хүний хийморь сэргэдэг

Шагайн харваа

Монголчууд малынхаа ашиг шимийг хүртэн, амьдрал ахуйдаа хэрэглэж, арьс, нэхий, яс зэрэгт хүндэтгэлтэй хандан, эрүүл мэндээ нөхөн сэргээх, тоглож наадах цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, бөгцөг няслах зэргээс салбарласан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын овог аймгуудын дунд түгэн дэлгэрснийг түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 

Сурвалж бичгүүдэд “Харвах намнахдаа мэргэн халх Монголын эрчүүд хана хасаа өрж, харваа, цэц мэргээ сорьдог байжээ” гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав хоморгод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах, цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо нэгдэж, бие биедээ хүндэтгэл үзүүлэн урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч юм.

Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 эрчүүдээс бүрдэх бөгөөд тоглож буй хоёр баг 30 хасаа өрж есөн тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үед баг тус бүрээс хоёр харваач сууж, тус бүр дөрвөн сум тавьж, гурван өрөг харван нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожилд тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн хоёр баг дундын уухайгаар хүндэтгэлээ илэрхийлж, бас урам хайрлан оноо цэц мэргийг нь ахиулдаг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг.

• Төв халхын угалз уухай

• Боржигон уухай

• Зуутын идэрийн уухай

• Баруун монгол буюу дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ.

Төв болон баруун аймгуудад шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсөж үрждэг, шагайн харвааны уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг хэмээн бэлгэддэг.

Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)