Шавартай хутгалдсан хуульчийн ёс зүй

Хуульчид өргөсөн тангаргаа ер нь санадаг болов уу гэж надад нэг биш удаа бодогдсон. “Хуульч би олон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамаална. Энэ үүргээ үнэнчээр биелүүлэхээ тангараглая. Өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэх агуулгатай тангараг өргөдөг юм билээ. Өдгөө зарим хуульч тангаргаа умартан, ёс зүйгээ уландаа гишгэх болсон нь харамсалтай.

Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан нэгэн бизнес эрхлэгчээс гурван сая ам.доллар нэхсэн, цагдаагийн ажилтан бусдын аминд хүрсэн, шүүгч нар авлига авсан, өмгөөлөгч хууль зөрчлөө зэрэг ноцтой мэдээллүүд ар араасаа хөврөх болсон нь угаас доройтоод буй хуульчдын нэр хүндийг шавар, шалбаагтай хутгаж орхив. Өдгөө олон нийтийн дунд хуульчдад итгэх итгэл улам бүр алдарсаар байна. Хуульчдын мэргэжлийн нэр хүнд ямар байх нь тэдний ёс зүйгээс шууд хамаардаг гэх юм билээ.

Саяхан прокурорын байгууллагад ажиллаж асан нэгэн хуульч эхнэрээ бие, сэтгэл, эдийн засгийн хүчирхийлэлд 10 гаруй жил байлгасан мэдээллийг цагдаагийн алба хаагч олон нийтэд ил болгов. Прокурор О ёс зүйн доголдолтой байсан нь дараах шалтгаантай аж. О-гийн аав, ээж нь хоорондоо таарамжгүй харилцаатайг ойрын хүн нь өгүүлсэн. Тэд нэг хашаанд хэрнээ тусдаа гэрт амьдардаг гэх. Тиймээс О эмээ дээрээ өссөн гэнэ. Багаасаа үл хайхрах хүчирхийлэлд өртөн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас ангид өссөн нь түүнд нөлөөлж, хүйтэн хөндий, бүрэг ичимхий, зожиг нэгэн болоход нөлөөлсөн бололтой. Улмаар хань, үр хүүхдэдээ зүй бус зан гаргах шалтгаан болсон байж ч мэднэ. Товчхондоо, гэр бүлийн хүмүүжил, хүн чанар, өссөн орчин нь хуульчийн ёс суртахуунд ихээхэн нөлөөлдөг хэмээх академич С.Нарангэрэл гуайн үгийг дээрх жишээ нотолж буй мэт.

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар хэд хоногийн өмнө хүний амь бүрэлгэсэн гэх хэрэгт нэр холбогдсон. Гэрчийн мэдүүлснээр согтууруулах ундаа хэрэглэсэн нэгэнд хариуцлага тооцох гэж авч яваад эсэргүүцэл үзүүлсэн, үг хэлээ ойлголцоогүйнх нь төлөө боож унагаснаас болж, нас барсан бололтой. Мэдээж хэргийг санаатай үйлдээгүй. Гэхдээ тухайн цагдаагийн алба хаагчид ёс зүйтэй байж, хуулиа дагаж ажилласан бол өнөөдөр ийм эмгэнэлтэй хэрэг гараа ч уу, үгүй ч үү. Ямартай ч эл хэргийн улмаас төрийн цагдаад итгэх олон нийтийн итгэл дахин алдарсан гэхэд хилсдэхгүй. Мэдээллийн дор бичсэн доромж үгтэй өч төчнөөн сэтгэгдэл, хэдэн зуун ууртай эможоос энэ нь тодорхой харагдах шиг. Ер нь олонх мөрдөгчийг маш бүдүүлэг авиртай гэлцдэг юм билээ. Зарим нь нийтээр дагаж мөрдөх наад захын соёл мэддэггүй. Гэрчийг шууд л гэмтэн мэтээр харж, зүй бусаар харилцсан тухай гомдол байнга гардаг. Өнгөрсөн онд цагдаагийн алба хаагчидтай холбоотой 296 хэрэгт 318 хүн шалгуулжээ. Тэдний 112 нь мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, дөрөв нь газар, хэлтсийн дарга, 11 нь дэд дарга, 113 нь хэв журам хамгаалах үүрэг бүхий офицер, 15 нь замын цагдаа, 29 нь хэсгийн байцаагч байсан аж.

Түүнчлэн Салхитын мөнгөний ордтой холбоотой лицензийн маргааныг шийдсэн, зуучилсан гээд нэр холбогдсон шүүгч нарын эрхийг Ерөнхийлөгч түдгэлзүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Бүгдээрээ, эсэхийг мэдэхгүй ч дээрх хэргийг шийдсэн нэр бүхий гурван шүүгч авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байдаг. Тагнуулын ерөнхий газрынхан гадаадаас их хэмжээний валют орж ирсний дагуу шалгасан байна. Эх сурвалжийн хэлснээр гадаадын иргэний тэр их хэмжээний мөнгө хаашаа орсон, хэнд зориулсан болохыг шалгаж явсаар шүүгч нарын мөрөөр орсон юм уу даа. Шүүгч нарын энэхүү авлига, хээл хахуулийн хэрэг нь газар авч, удамших хандлага ажиглагдаж байгааг хэн хүнгүй харж буй.

Үүнээс гадна өмгөөлөгч нар үйлчлүүлэгч нь гэм буруутайг мэдсээр байж, харыг цагаан, цагааныг хар болгох гэж зүтгэдэг. Хэргийн явцаас шалтгаалан мөрдөн байцаах болон шүүн таслах ажиллагаанд зориудаар саад учруулдаг. “Өмгөөлөгч гадаадад эмчилгээнд явсан”, “Өмгөөлөгч өвчтэй учраас”, “Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул” гэх зэргээр шүүх хурлыг хэчнээн ч удаа хойшлуулж болдог. Жишээ нь, Ноён уулын орчимд олгосон лицензийг хүчингүй болгохтой холбоотой шүүх хурал 60 гаруй удаа хойшилсон. Шүүх хурал хойшилсон шалтгааны цөөнгүй нь өмгөөлөгч ирээгүйтэй холбон тайлбарладаг. Үйлчлүүлэгчээ хаан мэтээр өргөмжилж, хүч хэрэглэх, хууль зөрчих, хүний амь бүрэлгэх нь бараг зөв мэтээр шүүхэд нотолгоо бүрдүүлж, тухайн баримтаараа шийдвэрт нөлөөлөх гэж оролддог билээ, өмгөөлөгч нар.

“Хуульч ч гэсэн хүн, алдаа гаргаж болно” хэмээн магад та бодож байгаа байх. Хуульчид үүнд “үгүй” хэмээн хариулж байна. Тухайлбал академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл эл асуудлыг ил тод, бүр чангаар шүүмжилж буй.

Уг нь, Монгол Улсад хуульчийн ёс зүйг зохицуулахад чиглэсэн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, шүүгчийн, прокурорын, нотариатчийн, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм, цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй. Гэхдээ эдгээр хууль тогтоомж, дүрэм, журам нь нийгмийн эрэлтийг хангаж чадахгүй байна.

Академич С.Нарангэрэл “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд ёс зүйн зөрчлийг мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гэж оновчгүй томьёолсон. Мөн эл дүрэмд “Энэ дүрмийн заалт нь өөрөө, эсхүл бусад этгээд зөрчихөд нь туслах, ятгах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэх ойлгомжгүй заалт бий. “Прокурорын ёс зүйн дүрэм”-д прокурор “хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх” гэсэн нь угтаа нэг талыг барихыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм биш үү. Хуульчийн ёс зүйн зөрчлийг “хууль”, “хууль тогтоомж”, “бусад акт”, “дүрэм” зөрчих гэж тодорхойлсон байна. Ёс зүйн зөрчлийг эрх зүйн зөрчлийн нэг төрөл болох сахилгын зөрчилтэй хольж хутгасан нь алдаа. Сахилгын зөрчил бол хэн нэг этгээд захиргааны хэм хэмжээний актад сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан албаны болон бусад үүргийг биелүүлээгүй хууль зөрчсөн үйлдэл.

Хуульчийн ёс зүйн зөрчлийг сахилгын зөрчлөөс зааглан ялгаж чадаагүйн улмаас сахилгын зөрчил болон хуульчийн ёс зүйд хамааралгүй зүйлийг ёс зүйн зөрчил гэж үзэх нь газар авсан. Үүнээс гадна дагаж мөрдөж буй ёс зүйн дүрэмд хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон байна. Жишээлбэл, “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.3 дугаар зүйлд “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын арга хэмжээ ногдуулж болохгүй” гэж заажээ. Хэн нэгэн шүүгч, прокурор, мөрдөгч бусдаас их хэмжээний хахууль авсан нь нэг жилийн дараа илрэх тохиолдолд ёс зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй байх нь” хэмээн шүүмжилсэн.

Монголын хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, ёс зүйн хөтөлбөр боловсруулан батлах цаг нь ирсэн гэдгийг Монголын хуульчдын холбоо, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар хэлж буй. Тиймээс тэд саяхан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн билээ.

Өдгөө хуульч мэргэжил нийгэмд илүүдэж буй. Хуульчийн мэргэжлээр элсэлт авдаг сургууль борооны дараах мөөг шиг олон. Харамсалтай нь, их, дээд сургуульд ёс зүйн хичээл зааж буй багш нь шинэ төгсөгч, ашиглаж буй сурах бичиг, гарын авлага нь чанарын шаардлага хангадаггүй юм байна. Бүр тодруулбал, одоо ашиглаж буй хуульчийн ёс зүйн сурах бичиг нь Барууны орнуудаас хуулбарласан, Монголын хөрсөнд тохиромжгүй хөтөлбөр ажээ.

Хуульчийн ёс зүйг дээшлүүлэхэд анхаарахгүй бол “Манай шүүгч, хуульчид олонхоороо мөнгөний хамааралтай болсон байна. Хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийн мөнгөөр хувийнхаа амьдралыг цэцэглүүлж байгаа шүүгч, өмгөөлөгч, прокурорууд хуульчийнхаа ёс суртахууны зарчим, тангаргаа мартаж, олон түмнийг хохироосон тохиолдол Монголд олон бий. Өнөөдөр баячууд гэмт хэрэг хийхээс айж эмээхээ больсон. Энэ бол прокурор, шүүгч, өмгөөлөгчдийн хэрэг шийддэг аргын нэг ёсны толь юм” гэх олон нийтийн ойлголт улам бүр газар авч мэдэхээр байна. Нөгөө талаар “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутуу, түүхийгээсээ болоод алдаа гаргадаг хуульч цөөхөн. Харин ёс суртахууны ялзралд орсон шүүгч, прокурорууд л хуульчдын нэр хүндийг гутааж байна” гэж мэргэжил нэгтнүүд нь хэлдэг. Ямартай ч хүний муу арилдаггүй, тэнгэрийн муухай арилдаг гэдэгчлэн хууль зүйн салбараа нэг мөр цэвэрлэж, цэгцлэх цаг болсныг өнөөгийн нийгэмд болж буй, шил шилээ дарсан таагүй үйл явдал илтгэсээр байгаа нь үнэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)