Ш.Абэгийн бодлогыг эсэргүүцэж, зулын гол болов

Дэлхийн II дайн дууссанаас хойш улс орныхоо баримталж ирсэн дайныг эсэргүүцэх үзлийг өөрчлөх бодолтой байгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн бодлогыг эсэргүүцэж, Токио хотын нэгэн иргэн өчигдөр олны нүдэн дээр өөрийгөө шатаажээ.

50 эргэм насны тэрхүү эр Токиогийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг Шинжүкүгийн галт тэрэгний буудалд Ш.Абэгийн бодлого болон дайны хор хөнөөлийн талаар нийтэд хандан үг хэлснийхээ дараа ийм үйлдэл хийсэн гэнэ. Хотын цагдаа нар галыг унтрааж, түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэмцэгч эрийн биеийн байдал ямар байгаа талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Японд иймэрхүү үйлдэл өмнө нь гарч байсан удаагүй бөгөөд нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан ч ховор болдог юм.

Ш.Абэ энэ он гарсаар армийнхаа хүчийг зузаатгах, зэр зэвсгийн худалдаа хийх зэрэг хэд хэдэн чухал шийдвэр гаргасан нь Японы одоогийн Үндсэн хуультай зөрчилдөж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)