Ч.ӨНӨРСАЙХАН: Хариуцлагыг чангатгавал өвчлөл буурна

Сонгинохайрхан дүүргийн IX хорооны өрхийн эрүүл мэндийн “Энх-Элбэрэл” төвийн дарга, эмч Ч.Өнөрсайхантай ярилцлаа. Тэрбээр саяхан БНХАУ-д зохион байгуулсан сүрьеэгийн тусламж, үйлчилгээний туршлага солилцох сургалтад хамрагдсан 30 эмчийн нэг юм.

-Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-д сүрьеэг илрүүлэх шинжилгээ хийдэг үү?

-Манай улсад анхан (өрх, сумын эрүүл мэндийн төв), хоёрдугаар (дүүргийн Сүрьеэгийн кабинет), гуравдугаар (Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон мэс заслын тасаг) шатлалын эмнэлэгт сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. “Глобал” сангаас төсөл хэрэгжүүлсэнээр сүүлийн жилүүдэд ӨЭМТ-өөс үзүүлдэг тусламж, үйлчилгээ сайжирсан. Тодруулбал, ӨЭМТ-д сүрьеэгийн эрсдэлийг тодорхойлох долоон үнэлгээг асуумжаар авч, хамгийн багадаа дөрөв нь эерэг байвал цэрний шинжилгээ авч, дүүргүүдийн Сүрьеэгийн кабинетад шинжлүүлдэг. Шинжилгээний хариу сөрөг гарвал эмчилгээг ӨЭМТ-д хийнэ. Харин эерэг бол дараагийн шатлалын эмнэлэгт хандахаас өөр аргагүй. ӨЭМТ-д сүрьеэг илрүүлж, оношлон, эмчилж, хавьтлын урьдчилан сэргийлэх буюу өвдсөн хүний гэр бүл, ойр дотнынхныг шинжилгээнд хамруулдаг. Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол бүрийг бүртгэж, эмчилгээг хянаж байна.

-Сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихэссэн үү, буурсан уу?

-Сүрьеэгийн илрүүлэг сайжирсан нь өвчлөл ихэссэн мэт харагдуулж байна. Бүх ӨЭМТ-д сүрьеэгийн асуумж авч, шинжилгээ хийж буй. Сүрьеэгийн өвчлөлийн шинэ тохиолдлын тоо буурч, тархац багассан. Улсын хэмжээнд жилд 100 мянган хүн амд 4200 хүн сүрьеэгээр өвддөг байсан бол одоо 3600 болж буурсан. Сонгинохайрхан дүүргийн хувьд сүрьеэгийн өвчлөл жилд 580 бүртгэгддэг байснаа 380 болж буурсан. Нэмж хэлэхэд, хувийн эмнэлгүүд мэдээ, тайлангаа Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлдэггүй учраас сүрьеэгийн өвчлөлийн бүртгэл, хяналт муу байна.

-Сүрьеэгийн эмчилгээг удаан хугацаанд хийдэг учраас иргэд эм бэлдмэлийг дундаас нь орхих нь бий гэсэн. Ер нь эмчилгээ тасалснаар ямар урхагтай вэ?

-ӨЭМТ нь эрүүл мэндийн анхан шатны байгууллага учраас хүмүүст илүү ойр байдаг. Арав гаруй жилийн өмнө ӨЭМТ-д бие нь өвдсөн хүн ирсэн тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг байсан. Тухайн хүн дараагийн шатлалын эмнэлэгт эмчлүүлсэн, эсэх нь эргэлзээтэй. Үүнийг огт бүртгэж, хянадаггүй, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо муу байлаа. Тиймээс сүрьеэтэй хүн эмчилгээгээ орхигдуулснаас олон эмд тэсвэртэй сүрьеэгээр өвдөх тохиолдол ихэссэн. Өнөө үед уушгины эмгэгтэй хүн бүрийг бүртгэж, гэр бүл, эргэн тойрныхныг нь ч шинжилгээнд хамруулж, эмчилдэг болсон. Нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт эм уух, эмчилгээ, шинжилгээ хийлгэх бүрт бүртгэж байна. ӨЭМТ-өөс өвчтөнийг бүрэн хянаж байгаа. Иргэд сүрьеэгийн халдвар авч, өвчилсөн бол эмчилгээгээ бүрэн хийлгэн, гэр бүлийнхнээ хавьтлын шинжилгээнд хамруулах шаардлагатай. Ингэж чадвал сүрьеэгийн эмчилгээ сайжирч, тархалт буурна.

-Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Бүх хүнд л сүрьеэгийн халдвар байдаг. Дархлаа суларвал энэ өвчин ил гардаг. Сүрьеэгээр өвдсөн ч далд үедээ байх тохиолдол бий. Тиймээс ӨЭМТ-д зөөврийн рентген аппарат, мэргэжлийн эмч авчран, сүрьеэ илрүүлэх болон хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг дуудсан ч ирэх нь тун цөөн. Заримдаа бүр машинаар очиж авдаг. “Би сүрьеэгүй учраас судалгаанд хамрагдахгүй” гэдэг. Аль болох олон хүн хамруулахын тулд уушгины сайн эмч үзэж байна гэвэл ирцгээдэг. Хавьтлын шинжилгээ хийлгээгүй эмэгтэй жирэмсэлж, дархлаа нь суларснаар сүрьеэгээр өвдсөн. Энэ нь жирэмсний хяналтад орох үед оношлогдсон. Хэрвээ ӨЭМТ-өөс дуудахад сүрьеэгийн шинжилгээнд хамрагдсан бол жирэмсэн үедээ эмчилгээ хийлгэхгүй. Ураг, элэг хамгаалах гэх зэргээр давхар олон эмчилгээ хийх шаардлагатай болно. Тиймээс иргэн, эмч хоёрын хариуцлагыг сайжруулах хэрэгтэй. Хэрэв шинжилгээнд хамруулахаар дуудахад ирээгүй бол иргэнд, гэр бүлийн гишүүдийг нь шинжилгээнд хамруулаагүй бол эмчид хариуцлага тооцох ёстой.

Хятадад сүрьеэгийн эмийг хяналтгүй буюу хоёр сараар өгч, гэрээр уулгадаг. Гэхдээ өвчтөнийг заавал нэг хүн дагаж ирээд, гарын үсэг зурж, эм уулгах хариуцлага хүлээдэг. Бид “Өвчтөн эмчилгээгээ тасалдаг уу” гэж асуухад хятад эмч нар гайхаж, ямар утгатайг нь ч ойлгоогүй.

-Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг төрөөс санхүүжүүлдэг. Нэг хүний сүрьеэгийн эмчилгээний зардал хэдэн төгрөг байдаг бол?

-Сүрьеэгийн бүх тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тухайлбал, эмд мэдрэг сүрьеэ (ӨЭМТ-д эмчлэх боломжтой)-г хоёр, олон эмд тэсвэртэйг нь 40 сая гаруй төгрөгөөр эмчилдэг. Манай улс сүрьеэгийн эм бэлдмэлийг гадаадын орноос худалдан авдаг учраас өртөг өндөр байна. Тиймээс өвдсөн хүмүүс бусдад халдвар тараахгүй байж, эмчилгээгээ бүрэн хийлгэвэл улсын төсвийг хэмнэнэ. Эмчилгээгээ тасалж, дахин өвдвөл олон эмд тэсвэртэй сүрьеэтэй болдог. Өмнө нь хэрэглэж байсан антибиотикуудад сүрьеэгийн нян тэсвэртэй болдог учраас энэ төрөл рүү шилждэг. Манай улсад олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг хоёр жилийн хугацаанд хийдэг байснаа саяхнаас есөн сар болгож богиносгосон. Үүнээс гадна сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэдэг эмийг шарханд түрхэх, хоолой руугаа цацах зэргээр хэрэглэх тохиолдол урьд нь элбэг байсан. Үүнээс үүдэн олон эмд тэсвэртэй сүрьеэгээр өвдөх тохиолдол нэмэгдсэн.

-Сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-14 ба түүнээс олон хоног ханиалгах, цустай цэр гарах, ядрах, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаж, шинжилгээ хийлгэх ёстой. Сүрьеэгээр өвдөхгүйн тулд дархлаагаа дэмжиж, ажил, амралтаа зохицуулах, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Нэгэнт өвдсөн бол ойр орчныхноо урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчилгээгээ бүрэн хийлгэх хэрэгтэй. Мөн албан байгууллагууд ажилтнуудаа бүх төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэхэд Эрүүл мэндийн болон бусад яам бодлогоор дэмжих ёстой.

-ӨЭМТ хэрхэн санхүүждэг вэ?

-Манай ӨЭМТ-д сард дөрвөн сая төгрөгийн санхүүжилт олгодог. Нийслэлийн хэмжээнд 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв эмнэлгийн тусламж, үйлчилгээ муу бол магадлан итгэмжлэхгүй, дахин тендер зарлаж, эмч шалгаруулж авдаг. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг бид иргэний харьяалал харгалзахгүй хийдэг. ӨЭМТ-ийн төсвийг хязгаарлах бус, гүйцэтгэлээр нь санхүүжүүлбэл иргэдэд хүрч үйлчилж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Дархлаажуулалтад хүүхдүүдийг хамруулдаг шиг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж чадвал өвчлөлөөс сэргийлнэ.

-БНХАУ-д сүрьеэгийн тусламж, үйлчилгээний туршлага судлах сургалтад та хамрагдсан. Тус улсад сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

-Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр сүрьеэгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, туршлага судлах зорилготой нэг сарын сургалтад Монгол Улсаас гурван шатлалын эмч нарын төлөөлөл 30 эмчийг хамруулсан. Хятад улсад сүрьеэгийн шинэ тохиолдол жилд 880 мянга орчим илэрдэг. Олон эмд тэсвэртэй сүрьеэгээр жилд 73 мянган (100 мянган хүн амд ногдох тоогоор) хүн өвддөг. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмчилгээг бүрэн хийлгэдэг, 95 хувь нь бүрэн эдгэрдэг гэсэн. Тэнд олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг зургаан сарын хугацаанд хийхээр судалж байна. Тус улс сүрьеэгийн нэгдсэн эмнэлэг болон урьдчилан сэргийлэх гэсэн хоёр төвтэй. Улсын болон хувийн бүх шатны эрүүл мэндийн байгууллага сүрьеэгийн асуумж авч, сэжигтэй тохиолдол илэрвэл 24 цагийн дотор цахим бүртгэлийн системд оруулдаг. Бүртгээгүй бол өндөр торгуультай. Цахим системд бүртгүүлэх нь эмийг цагт нь ууж, эмчилгээгээ бүрэн хянах давуу талтай. Тухайлбал, эмч, өвчтөнтэй цахим программаар холбогдож, эм уух дохио өгдөг. Эм уусан, эсэхийг сар бүрийн шинжилгээгээр хянадаг. Манайд “Тубис” нэртэй программ бий ч зөвхөн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийнхэн ашигладаг. Нэг эмчид 10-аас илүүгүй өвчтөн ногддог юм билээ. Сүрьеэгийн нян шүднээс бусад биеийн бүх хэсгийг өвчлүүлдэг учир хамрын салст, хоолой зэргээс арчдас авч шинжилдэг. Мөн шээснээс илрүүлэх шинжилгээ хийдэг.

-Иргэд эмчилгээгээ бүрэн хийлгэснийг урд хөршийн эмч нар хэрхэн хянаж байна вэ?

-Хятадад сүрьеэгийн эмийг хяналтгүй буюу хоёр сараар өгч, гэрээр уулгадаг. Гэхдээ өвчтөнийг заавал нэг хүн дагаж ирээд, гарын үсэг зурж, эм уулгах хариуцлага хүлээдэг. Бид “Өвчтөн эмчилгээгээ тасалдаг уу” гэж асуухад хятад эмч нар гайхаж, ямар утгатайг нь ч ойлгоогүй. Хятадад ийм тохиолдол байдаггүй учраас тэр шүү дээ. Манайхан л хайнгаасаа болж эмчилгээгээ тасалж, олон эмд тэсвэртэй сүрьеэгээр өвдөж, бусдыг ч өвчлүүлж байна. Мөн эмч нар нь мэдээллээ солилцож, туршлага хуваалцах дотоод холбоо бүхий системтэй. Бүх эмч эмчилгээний нэг аргачлалыг дагаж мөрддөг. Тухайн аргачлалыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх төвд судалгаа явуулсны үр дүнд боловсруулдаг. Эмээ дотооддоо үйлдвэрлэдэг учир хямд өртөгтэй юм билээ.

-Сүрьеэгийн эмч нар халдвар авах эрсдэлтэй байдаг. Хятадын эмч нар үүнээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

-Бид халдвар судлалын 10 гаруй эмнэлэгтэй танилцсан. Эмч, өвчтөний зорчих хэсэг ханаар тусгаарлагддаг. Тасаг бүрийн үүдэнд угаалтуур, солих гутал, амны хаалт зэргийг тавьж, эмч орохдоо хэрэглээд, гарахдаа зориулалтын саванд хийдэг. Халдвар дамжихгүй байх нөхцөлийг бүрэн хангасан гэсэн үг.

Бэлтгэсэн: Б.Уянга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)