Ч.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн царцсан 22 барилгын хөрөнгийг шийдэх шаардлагатай

Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга хүрэлцэхээ больсон. Үүний улмаас нийслэлд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд буюу агааржуулалт, гэрэлтүүлэггүй анги танхимд өдрийг өнгөрүүлэх боллоо. Хичээлийн танхимд нэг хүүхдэд хоёр ам метр талбай ногдох ёстой атал нийслэлд энэ тоо 1.4, аймгийн төвийн сурагчдад 1.8 байна. Боловсролын хүрээлэнгийнхэн төрийн өмчийн сургуулиудын 80 орчим хувь нь эл стандартыг хангахгүй байгааг судалсан байдаг. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинд боловсрол эзэмшүүлэх нь шийдвэрлэх чухал асуудлуудын нэг мөн. Тиймээс БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай энэ талаар ярилцсанаа хүргэе.

-Хүн ам өсөж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд ялангуяа нийслэлд сургууль, цэцэрлэг хүрэлцэхээ больсон. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд салбарын яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 242 нь Улаанбаатарынх. I-XII ангид нийт 592 850 хүүхэд суралцдаг гэсэн статистик бий. Аймгуудад дунджаар 20-35 сургууль ногдож байна. Тодруулбал, эл салбарт сая орчим хүн боловсрол эзэмшиж буйгаас 60 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд, 30 хувь нь цэцэрлэгт, үлдсэн нь их, дээд болон техник мэргэжлийн сургуульд суралцаж байна. Энэ хэрээр шийдвэрлэх асуудал их.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилт дэвшүүлсэн. Мөн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгохоор тусгасан. Сүүлийн гурван жил төр, засгаас уг зорилгыг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө оруулаад байна. Үүний хүрээнд орон нутаг болон хот, суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломжийг судалж, биелүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1435 цэцэрлэг (нийслэлд 672)-т 3-6 насны 256 000 хүүхэд хүмүүжиж байгаа. Цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 хувь нь “алба”-нд явдаг. Гэхдээ цэцэрлэгийн барилгуудын багагүй хувь нь 30-аас дээш жилийн настай, үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагынхан гаргасан. Өөрөөр хэлбэл, газар хөдлөх, гал түймэрт өртөх, хөгц мөөгөнцөртэй барилга сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс БСШУСЯ шинээр бүтээн байгуулалт эхлүүлэхээс илүүтэй сургууль, цэцэрлэгийн их засварын ажилд анхаарлаа хандуулсан. Улсын хэмжээнд энэ ажлыг хийхэд жилд 150 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл 2019 оны улсын төсөвт их засварт зориулж гурван тэрбум төгрөг тусгасан байх жишээтэй.

-Салбарын сайд 2020 оны бодлогоо тодорхойлохдоо сургууль, цэцэрлэг шинээр барихаас илүүтэй ашиглалтад оруулах боломжтой барилгуудыг яаравчлуулж, хөрөнгө оруулалтыг түүнд чиглүүлнэ гэж байсан. Энэ онд сургууль, цэцэрлэгийн хэчнээн барилга ашиглалтад оруулах юм бол?

-23 сургууль, 39 цэцэрлэгийн барилгыг 2019 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнээс ирэх есдүгээр сарын 1 гэхэд 13 сургууль, 29 цэцэрлэгийг нээх бүрэн боломжтой. Үлдсэнийг нь он дуусахаас өмнө ашиглалтад оруулна. БНХАУ, АНУ, Япон Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, шинээр барьж байна. Гадаадынхны дэмжлэгээр энэ онд ашиглалтад оруулах барилга хэд хэд бий.

Улаанбаатар хотын сургуулиуд орон нутгийнхаас эрсдэлтэй орчинд хичээллэж байгаа нь үнэн. Олон хүүхэдтэй анги танхим дахь агаарын чанар муу байна. Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж, агаар дахь нүүрсхүчлийн хий ДЭМБ-ын зөвлөж буйгаас өндөр байх болсон. Энэ нь сурагчдыг ядрааж, сурах тэмүүлэлгүй болгохоос гадна эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх шаардлагатай.

-Сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд хэчнээн барилга нэмж барин, өнөөдрийн хэрэгцээг хангах вэ?

-Өмнөх онуудаас шилжиж ирсэн, энэ жил шинээр барьж байгаа зэрэг нийт 304 барилга бий. Үүний 125 нь сургуулийнх, 179 нь цэцэрлэгийнх. Эдгээрийн тал шахам хувийг он дамжуулан барьж байна. Зөвхөн сургуулиудын барилгыг ашиглалтад оруулчихвал хүчин чадал нь одоогийнхоос тэлж, нэг ээлжид 56 000 хүүхэд нэмж сургах боломжтой. Харин алслагдсан дүүргийн хороод, аймгийн төвүүдэд цэцэрлэг түлхүү барьж байгаа. Дээр дурдсан 304 барилгыг 2020 онд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тэр болтол ачаалал бага багаар буурна. Хоёр жилийн дараа хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт биелэхээр байна.

-Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй бүтээн байгуулалтын ажил цаасан дээр, сууриндаа гацах тохиолдол цөөнгүй. Сургууль, цэцэрлэгийн нэлээд хэдэн барилга царцсан гэж дууллаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Олон жил дамжуулан бариад дуусдаггүй, өөрөөр хэлбэл, царцсан сургууль, цэцэрлэгийн 22 барилга байна. 2009-2016 онд улсаас эдгээр барилгад санхүүжилт олгож байсан ч гүйцэтгэл нь 20-30 хувиас хэтрээгүй тул сүүлийн гурван жилд мөнгө төсөвлөөгүй. Улсын төсвийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд эдгээр барилгыг үргэлжлүүлэх шаардлагатай. Тиймээс бид эл саналаа Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэж байна. Үүнээс гадна валютын ханшийн өсөлт, түүхийн эдийн үнийн хөөрөгдлөөс шалтгаалан зарим барилгын төсөвт өртөг нэмэгдсэн. Ийм 31 барилга байгууламж байгааг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, төсөв мөнгийг нь 2019 оны улсын төсөвт суулгасан.

БСШУС-ын салбарт энэ жил шинээр 381 төсөл эхлүүлсэн. Үүнээс 226-г нь аймаг, орон нутагт шижлүүллээ. Сургууль, цэцэрлэг, музей, спортын барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, их, дээд сургууль, цогцолбор барих зэрэг 7-8 чиглэлээр эдгээр төслийг хэрэгжүүлнэ. Энэ онд дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц орон нутагт 58.7, нийслэлд 46.7 хувьтай байна.

Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдэгдэхгүй зовоох боллоо. Үүний улмаас тендер зарлах, бүтээн байгуулалт эхлүүлэхэд хугацаа алддаг. Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн 19 барилгын газар асуудалтай байсны 10 орчмыг нь нийслэлийн ЗДТГ-аас шийдэж өглөө. Үлдсэн хэдийнх нь газрыг чөлөөлөх, эсэх нь тодорхойгүй байна.

-Гүйцэтгэгч компаниуд барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулдаггүйг мэргэжлийн байгууллагынхны хяналт султай холбон тайлбарладаг. БСШУСЯ-ныхан энэ олон төсөл, арга хэмжээг хэрхэн хянах вэ?

-Боловсролын салбарт энэ онд түүхэндээ байгаагүй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тиймээс манайх явцын хяналтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн арга бодож олсон. Барилгын хөгжлийн төвийнхний хяналтын механизмыг цахим системд нэвтрүүллээ. Үүний үр дүнд сум, аймаг, улсын хэмжээнд барьж буй барилгуудыг цахимаар хянадаг болсон. Харин тухайн гүйцэтгэгч компани 7-14 хоног тутамд мэдээллээ шинэчилж байх юм. Сангийн яамныхан ч санхүү, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэлийг хянах программыг өнгөрсөн сарын 20-ноос ашиглалтад оруулсан. Түүгээр тухайн барилгын санхүүжилт хаана саатаж, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг хянах юм. БСШУСЯ-ны бүх албан хаагчид гэрийнх нь ойролцоох сургууль, цэцэрлэг, спортын 1-2 барилгыг хариуцуулан, долоо хоног тутам хянуулж байгаа.

Нөгөөтээгүүр, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг шийдсэн ч зураг төсөл, тендер, газрын асуудлаас болж бүтээн байгуулалтын нийт хугацааны 50 хувийг алддаг нийтлэг зөрчил байна. Ийм шалтгаанаар ихэнх барилгыг хоёр жил дамнан барьдаг. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өнгөрсөн гуравдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс мөрдөж байна. Цахимаар бараа, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн шинэ зохицуулалтыг харгалзана. Тодруулбал, tender. gov.mn цахим сайтыг улам боловсронгуй болгож, барилгын ажил гацаасан, муу түүхтэй компаниудыг “хар жагсаалт”-д бүртгэх юм. Дээр хэлсэнчлэн бичиг цаас бүрдүүлж, гэрээ байгуулах гэсээр хугацаа алддаг байсныг болиулж, ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлыг өмнөх оныхоо аравдугаар сараас эхлүүлэх боломжтой болгосон. Оны өмнө гүйцэтгэгч компаниудаа сонгон шалгаруулж, гэрээгээ байгуулан, дараа оныхоо хоёрдугаар сар гэхэд бүх түүхий эдээ татсан байхаар зохицуулсан юм. Зөвхөн боловсролын салбарт биш, улсын төсвөөр барих бүх объектын тендерийг ийм зарчмаар явуулах юм.

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны усан хангамж, ариун цэврийн байгууламж шаардлага хангахгүй, хоол, хүнсний аюулгүй байдал алдагдсаныг судалгааны олон баримт гэрчилж буй. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотоос илүүтэй орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн ариун цэврийн байгууламж хүнд байна. Ялангуяа алслагдсан аймгуудад бие засах газрын орчин нөхцөл хангалтгүй. Тиймээс олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хүүхдийн эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглүүлнэ.

Сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлийн асуудал тулгамдсан хэвээр. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг саяхан баталж, I-V ангийнхныг үдийн хоолтой болголоо. Ирэх жил салбарын нийт хөрөнгө оруулалтын багагүй хувийг нийтийн хоолны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, түүнийг дагасан дэд бүтцийг бий болгоход зарцуулна гэсэн. Учир нь таван жил тутам хийдэг, “Хүн амын дундах хоол тэжээлийн V судалгаа”-нд I-V ангийн хүүхдүүдийн дунд А, D аминдэм, зарим төрлийн эрдэс бодисын дутагдал их байжээ. Энэ нь хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол, хүнсээр хангах шаардлага тулгарсныг илтгэж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)