Ч.Чулуунжав: Бороо хур ихтэй байвал хар цохны идэвхжил долоо хоногийн дараа дуусна

Нийслэл, орон нутаг болон зуслангийн бүсэд хар хорхой их үзэгдэх болсон. Ялангуяа Таван шар, Халдварт, Нисэх, Хөтөл зэрэг газарт оройн цагаар эл амьтан үй олноороо бужигнаж байна гэх. Урин дулаан цаг дуусахаас өмнө иргэд бага насны хүүхдээ гадаа тоглуулахыг эрмэлзэж буй боловч нисдэг хар шавжаас болж гадаа гарах нь битгий хэл, цонхоо ч онгойлгож чадахгүй байгаагаа цахим хуудсандаа нийтлэх болов. 

“Сибирийн түймрээс дайжсан хорхой байх”, “Чих рүү орвол ус хийгээрэй”, “Энэ амьтны булчин сайн хөгжсөн тул хазуулбал үхэлд хүргэх аюултай” зэрэг таамаг төдий мэдээллийг иргэд цахим орчинд тарааж буй учраас Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шавж судлалын лабораторийн эрдэмтэн, доктор Ч.Чулуунжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-ын Сибирьт гарч буй түймрээс дайжсан жижигхэн хар хорхой манай улсад орж ирсэн хэмээн иргэд таамаглаж байна. Энэ хэр үнэний ортой бол?

-Энэ амьтан хорхой биш. Хорхойг хялгасан, туузан, хавтгай, бөөрөнхий зэргээр ангилдаг. Манай оронд 9000 гаруй төрөл, зүйлийн хорхой бий. Гол төлөөлөгчид нь хүж, хүр, хүүхдийн хялгасан, эвхмэл, төмсний дугараг зэрэг. Энэ хүрээний хорхойнууд далай тэнгис, урсгал ус, хөрсөнд үзэгддэг. Мөн ихэнх хорхой хүн, малын биед шимэгчилж амьдран өвчин үүсгэдэг юм. Харин энэ амьтныг цох гэж нэрлэх нь зөв. Хатуу далавчтан багийн эвэрт цохтныхон овгийн шавж. Түүнийг нь 32 баг болгож хуваадгийн 28 нь манай оронд бий. 

Монгол оронд 14 000 төрлийн шавж, 2000 орчим зүйл цох байдаг. Тэдний нэг нь хүмүүсийн хар хорхой гэж нэрлээд байгаа жийгээ цох. Хорхой гэж нэрлэдэг нь шинжлэх ухаан муу хөгжсөн үеийн л хэллэг. Энэ амьтан түймэр боллоо гэхэд сүргээрээ дайждаг амьтан биш. Түр зуурын шилжилт хөдөлгөөн байнга хийдэг. Царцаанаас өөр тив алгасан нүүдэллэдэг шавж байхгүй. Экологийн орчин нөхцөл нь бүрдэх, үржилд орох, идэш тэжээлээ хайх, цаг уурын нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас болж 15-20 км зайд шилжилт хөдөлгөөн хийж буй нь энэ.

-Хүн, амьтанд ямар нэг халдварт өвчин тараах эрсдэлтэй, хазуулбал үхэлд ч хүргэх аюултай зэргээр иргэд ярьж байна. Тийм аюултай амьтан уу?

-Хүн амьтанд халдварт өвчин тараах эрсдэлтэй амьтан биш. Хазуулсан хүн амиа алдсан тохиолдол би лав сонсоогүй. Монголд жийгээ, буглаа, шүрэн, эвэрт хэмээх цохнууд түгээмэл тархсан байдаг. Бүрхүүл буюу далавч нь хар бараан өнгөтэй байх нь түгээмэл. Түүн дээрээ улаан, ягаан, шар толботой. Энэ нь тухайн амьтны амьдрах орчноос шалтгаалдаг. Шавьжаар хооллодог бусад амьтнаас өөрийг нь хамгаалж цэцэг, навчнаас ялгагдахгүй байхад уг толбонууд тусалдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь цохын биеэс ялгарч байгаа шүүрэл, салстад агуулагдах янз бүрийн өнгөтэй пигментүүд юм. 

Зарим цох махаар хооллодог учраас ургамлын хортон шавжийн тоо толгойг цөөлөх сайн талтай. Монгол оронд элбэг тааралддаг буглаа хэмээх улаан цоохор толботой цох цэцгийн дохиур, цоморлогоор хооллодог. Хүн хаздаг нь жийгээ бөгөөд монголчууд энэ цохыг зуудаг хар ч гэж нэрлэдэг. Хамгийн гоёмсог нь шүрэн цох. Шүртэй адил бөөрөнхий биетэй. Харин гэрэлт цохын дийлэнх нь шөнийн амьдралтай, өдөр нь хөрс, хад чулуун доогуур орж нуугдаад, харанхуй болмогц ил гарч хоол тэжээлээ хайж, үржилд орцгооно. 

Гэрэлт цохнууд хэвлий хавиараа харанхуйд гэрэлтдэг бодис ялгаруулдаг бөгөөд идэвхтэй нисэлтийн үед тэр нь улам тодорч харагддаг. Халуун дулаан оронд том биетэй, ийм гэрэлтдэг цох их тохиолдоно. Хамгийн том биетэй цохнууд дулаан оронд л бий. Түүнчлэн тариан талбай дээрх хогийн ургамлыг идэж устгадаг цох байхад тариа, ногооны үндсийг идэж сүйтгэдэг нь ч бас бий.

-Энэ цох буудайн ургалтад сөргөөр нөлөөлөхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Олшроод, олшроод тариа буудайд сөргөөр нөлөөлөхгүй. Дулааны улирлын үед гэрэлтэй, ил задгай талбайд олноороо цуглардаг нь байдаг л үзэгдэл. Харшил үүсгэдэг гэсэн яриа гарсан байна лээ. Тийм зүйл огт байхгүй.

-Идэвхжилийн үе нь хэзээ дуусах вэ?

-Бороо хур ихтэй байвал долоо хоногийн дотор л дуусна. Энэ шавж нүүлээ гэхэд түймрээс дайждаг амьтан биш. Шавжийн түр зуурын шилжилт байнга л явагддаг шүү дээ. Ингэж бужигнаж байгаа нь үр удмаа үлдээхийн тулд, байгаль цаг уурын шалгуурыг давахын төлөө хийж буй үзэгдэл.

-Амьдралын мөчлөг нь ямар байдаг бол. Ганцхан жил амьдраад үхчихдэг юм уу?

-Цохнууд хавар буюу зуны эхэн сард үржилд орж эвцэлдэнэ. Эм нь хоёр сар хүртэл хугацаанд өндгөө тээж, хөрсөнд эсвэл ургамлын навчин доор төрүүлнэ. Өндөгний тоо харилцан адилгүй. Зарим нь 2-3-ыг гаргаж байхад зарим нь 200-300-г төрүүлэх нь бий. Өндөгнөөс авгалдай, авгалдайгаас хүүхэлдэй болж бойжно. Энэ үйл явц ойролцоогоор нэг жил явагдсаны дараа бие гүйцнэ. Гэтэл зарим цохонд энэ үйл явц ганц хоёрхон сар явагддаг. Ихэнх цохын амьдрах хугацаа 4-5 сар, маш цөөн зүйлийнх нь 2-3 жил байдаг. Сarabidae буюу жийгээ цохны үржлийн үе өдийд дуусчихсан. Насжилтыг нь нарийн судалсан, тоймтой тоо баримт байхгүй. Цаг агаарын таатай нөхцөл бүрдвэл 4-5 жил ч амьдрах боломжтой.

-Энэ цох чих рүү ордог нь ямар шалтгаантай юм бол?

-Чих рүү ордог нь өөр анги, зүйлийн шавж. Хорогдох байраа хайж яваад л харанхуй газарт орж буй нь тэр. Цох бол гэрэл рүү тэмүүлдэг амьтан. Жаахан нар гарахаар нисэх хөдөлгөөн нь идэвхэжнэ. Харанхуйд гэрэл даган гэрт орж ирдэг. Үүд хаалгаа битүүлээд унтвал аюулгүй.

-Жийгээ юугаар хооллодог амьтан бэ?

-Ургамлын үндсээр хооллоно. Бие гүйцсэн шатандаа өөрөөсөө жижиг шавж зооглох нь бий. Манай оронд 40 гаруй зүйлийн хортон шавж байдаг бөгөөд халдварт өвчин тараахад үүрэг гүйцэтгэдэг. Жийгээ цох бус, хүр, өрөөсгөл, якобсоны төөлүүр зэрэг эрвээхэй, нарсны төөлүүр Сибириэс манай улсад орж ирвэл эрсдэлтэй. 1956 оны судалгаагаар манай орны ойн 63 790 га талбайд Сибирийн хүр эрвээхий (Dendrolimus sibiricus) тархаж, 17 700 га талбайн хар модыг идэж сүйтгэсэн байдаг. Хөхтүрүү, шумуул, дэлэнч зэрэг хос далавчтан шавж хооллох үедээ хүн ба сүүн тэжээлт амьтдын бие дээр сууж цус сорж амьдрахаас гадна амьтдын тайван байдлыг алдагдуулах тул малын тарга хүч, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг.

Иргэдийн санааг чилээж буй энэ цохны идэвхжлийн үе удахгүй дуусах аж. Харин чих рүү жижиг биет орсон тохиолдолд ус хийх зэргээр оролдож болохгүйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Жижиг биет амьд байхад чих рүүгээ ус, тос зэргийг хийх нь хэнгэрэг цоолох эрсдэлтэй учраас хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй аж. Яаралтай эмчид очих боломжгүй нөхцөлд чих рүүгээ гэрэл тусгаад гарч иртэл нь тэвчээртэй хүлээх ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. 

Г.Жавхлан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)