Ч.Чинбат: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гомдол мэдээлэлд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон

Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүний энэхүү үйлдэлд МСНЭ өнөөдөр байр сууриа илэрхийлж, хариуцлага тооцохыг шаардаад буй. Тэгвэл бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбатаас авсан тодруулгыг хүргэж байна.

Тэрбээр "Энэ асуудлаар тайлбар хийх нь зүйтэй гэж бодож байна. 

Нэгдүгээрт, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл түгээсэн тул цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байна. 

Хоёрдугаарт, өнгөрсөн баасан гарагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг би өрөөндөө дуудаагүй. Бас зодоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэр хүн өөрөө миний өрөөнд орж ирсэн. Миний удирдлаган дор ажилладаг алба хаагчийн шалгаж байгаа гомдол мэдээлэлд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон. 

Би "Хуулийн зүйл заалтыг наймаалцаж тохиролцдоггүй" гэж хэлсний хариуд тэр хүн маш их уурлаж, эрээ цээргүй авирласан. Би түүнийг энэ зохисгүй үйлдлээ зогсоогоод миний өрөөнөөс гарахыг шаардсан. Гэтэл миний шаардлагыг биелүүлээгүй. Үүгээр зогсохгүй, "Чиний булайг дэлгэнэ" гээд утсаараа лайв хийж байсан. 

Өөрөөр хэлбэл, би албаны өрөөндөө ажлаа хийж байтал тэр хүн өөрөө орж ирээд саад болсон. Тэр хүн миний шаардлагыг биелүүлээгүй учраас би Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түүнийг албадаж өрөөнөөсөө гаргасан. Болж өнгөрсөн үйл явдал товчхондоо ийм л байна.

Одоогоор энэ асуудал ЦЕГ-ын Дотоодын хяналт, аюулгүй байдлын газарт шалгагдаж байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. 

Нэмж хэлэхэд, сүүлийн хоёр хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд давамгай байдлаа ашиглаж цагдаагийн байгууллага болон алба хаагчийн нэр төрд халдаж байгаад харамсаж байна" хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (47)