Ч.ЧИНБАТ: Сурталчилгааны үед дагаж мөрдөх журмыг зөрчсөн, эсэхийг шалгаж байна

Засгийн газрын өнгөрсөн сарын 27-ны хуралдаанаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталсан. Уг журам зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалттай. Гэтэл нэр дэвшигчид хоорондоо, мөн сонгогчидтой уулзахдаа гар барих, тэврэлдэх, амны хаалт зүүгээгүй, нэг удаагийн бээлий өмсөөгүй зэргээр журам зөрчиж буйг иргэд нийгмийн сүлжээгээр шүүмжлэв. Уг нь сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна гэж уг журмын 3.1-т тусгасан. Хэрэв хурал, цуглаан хийх бол орчныг нь тогтмол ариутгаж, цэвэрлэн, иргэдийг 1.5 метрийн зайтай байлгаж, оролцогчдын биеийн халууныг хэмжих ёстой. Үүнээс гадна хэвлэмэл материал тараахдаа нэг удаагийн бээлий өмсөх, материалаа айлын хаалгыг тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж, хэрэглэсэн амны хаалтаа цуглааны дараа битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях ёстой гэнэ. Энэ ажлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн менежер, ажилтан, шадар туслагч нар хариуцаж, зохион байгуулах үүрэгтэй.

Дээрх журмыг Засгийн газраас баталж, тогтоол үйлдсэн учир зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн, эсэхийг шалгаж байна. Одоогоор дүнг нэгтгээгүй” гэв. Улсын онцгой комиссын хувьд журмын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг дүүргүүдийн Онцгой комисст хүргүүлсэн гэнэ.