Ч.Хүрэлбаатар: Өрийн удирдлагын тухай хууль нь Рио тинто, Оюутолгой зэрэг компаниудын өрийг зохицуулдаг хууль биш

Татварын багц хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэл гаргасан. Ингэхдээ "Татварын багц хууль нь нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж байгаа бөгөөд эдгээр хуульд үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн олон асуудал байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Харамсалтай нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд хандан “Ерөнхийлөгчөөс 4 дэх хоригоо хүлээж авлаа, хоригийг хүлээж авах боломжгүй” гэх зэргээр мэдээлэл хийж, хариуцсан яамныхаа нэрээр “хариу тайлбар” гэх зүйл гаргуулан, татварын багц хуульд байгаа ноцтой асуудлуудыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь төрийн ёсонд нийцэхгүйгээс гадна Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нэн зохимжгүй үйлдэл болж байна" гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын тайлбарыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзнэ үү.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбар хийхдээ "Тэр хүмүүс хуулиа уншиж үзмээр байна. Өрийн удирдлагын тухай хууль нь Засгийн газрын өрийг зохицуулсан хууль юм. Хувийн хэвшил болоод бусад хүмүүсийн авсан өр үүнтэй хамааралгүй. Төсвөөс эргэн төлөх ёстой өрүүдийг зохицуулдаг хуулийг Өрийн удирдлагын тухай хууль гэж нэрлээд байгаа юм. Түүнээс биш Рио тинто, Оюутолгой зэрэг компаниудын өрийг зохицуулахгүй. Зээлийн хүүд ногдох татвар батлагдсан хуулийн 20.2.1-д заасны дагуу 10 хувь болж 1 дахин буурсан байна гэхмэтчилэн олон заалт дээр буруу тайлбар хийсэн байна лээ. Гэхдээ би тэр хүмүүсийг буруутгахыг хүсэхгүй байна. Үнэхээр ойлгохгүй байгаа бол хуралд суугаад, асууж болно шүү дээ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)