Ч.Хүрэлбаатар: Хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын төсөвт тодотгол хийх төслийг боловсруулахдаа хэд, хэдэн зарчим баримталлаа. Нэгд, аж ахуй нэгж, иргэдэд үзүүлж байгаа дэмжлэгийг үргэлжлүүлнэ. Хоёрт, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зардлыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Гуравт, экспортын орлого голлож буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авна.  Дөрөвт, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахын тулд энэ жил гэрээ байгуулж амжаагүй, ажил нь эхлээгүй хөрөнгө оруулалтын ажлыг цуцлах, санхүүжүүлэх дүнг бууруулах зарчим баримталсан.

Хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор боллоо. Мөн Ерөнхий сайдын зүгээс аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн НДШ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийг мөн үргэлжлүүлэх чиглэл өгсөн. 

Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.

НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болов. 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн он дуустал олгоход 322 тэрбум, НДШ-д хөнгөлөлт үзүүлэхэд 144 тэрбум шаардлагатай болсон, энэ бүхнийг шийдвэрлэсэн. ААНОАТ-ыг тэглэхэд 105 мянган аж ахуй нэгжид нөлөөлдөг" гэж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)