Ч.Хүрэлбаатар: Санхүүжилт нь буцаагдсан 38 төсөлд 34 тэрбум төгрөг олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэв. Хурлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх оны төсвийн төсөлд хэд хэдэн ололттой тал байна. Нэгдүгээрт, 2016 онд сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чухал зорилтуудын санхүүжилтийг тусгасан байна. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн ажлуудаа хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, 2018-2019 оны хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн гишүүдийг оруулна” гэв.

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 24 хувиар нэмэгдсэн дүн. Биелэх боломжтой юу?

Ч.Хүрэлбаатар: -2020 оны төсвийн төслийг зохиохдоо гадаад орчин дахь дөрвөн эрсдэлийг тооцсон. Эхнийх нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн эдийн засагт тодорхойгүй байдал авчирч байгаатай холбоотой. Мөн эрдэс баялаг, түүхий эдийн үнэ хэлбэлзэх магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих төлөв бий. Европын хэлэлцээрүүдэд мөн эрсдэл үүсэж болзошгүй. Дотоод орчинд ч дөрвөн эрсдэл байна гэж төсөөлсөн. Дэлхийн эдийн засгийн байдал экспортын үнэд нөлөөлж магадгүй. Цаашлаад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа нь том эрсдэл. Гуравдугаарт, ФАТФ-ын “саарал жагсаалт”- ыг эрсдэл гэж харж байгаа. Нүүрсний экспорт 42, төмрийн хүдрийнх 8.2 сая тонноор өснө гэж тооцсон. Алтны олборлолт хоёр тонноор буурахаар төсөөлсөн.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах шалтгаан болсон концесстой холбоотой асуудлууд өнөөдөр ч маргаан дагуулж байна.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Цаашид ч байгуулахгүй.

-Иргэдийн цалин, хөлсийг хэдэн сараас хэдэн хувиар нэмэгдүүлэхээр тооцсон бэ?

-Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ.

-Хөрөнгө оруулалтыг нь “царцаасан” барилга байгууламжийг нь дуусгана гэж байгаа. Үүнд хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай вэ?

-“Царцаасан” төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхдээ гурван зарчим барина. Юуны түрүүнд, өртөг өссөн нь экспертизийн дүгнэлтээр баталгаажсан, эсэхийг харгалзана. Хоёрдугаарт, санхүүжилтийг нь шийдэнгүүт тухайн объект ашиглалтад орох ёстой. Гуравдугаарт, ашиглалтад оруулсан атлаа үлдэгдэл мөнгөө авч чадалгүй төсөв нь татагдчихсан төслүүдэд мөнгийг нь өгнө. Нийт 23 төсөлд 23 тэрбум төгрөг тусгасан. Харин санхүүжилт нь татагдсан 38 төсөлд 34 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар байна вэ?

Д.Тогтохсүрэн: -Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгээс гарсан саналын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүгээр гуравдугаар хэлэлцүүлэг явуулах эрх зүйн орчныг тодорхой болгож байгаа хэрэг. Энэ долоо хоногт зөвшилцөл үргэлжилж, дараагийн долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг хийх байх.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)