​Ч.Хүрэлбаатар: Ирэх жилийн төсөв 10 хувийн эрсдэлтэй

2019 оны төсвийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Төсвийн гол үзүүлэлтүүдийг Засгийн газраас өргөн барьсан түвшинд баталлаа. Та бүхний боловсруулсан төслийг “хэт өөдрөг” гэж ч шүүмжилсэн. Ирэх онд төсөвт тодотгол хийх үү?

-Бид 2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурьтай байсны дагуу хийгээгүй. Ирэх оны төсвийн төслийг нэлээд сууж боловсруулсан. Орлогыг төсөөлөхдөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх зарчим баримталсан. Тиймээс ч Сангийн яамны зүгээс төсвийг тодотгохгүй гэдэг байр суурьтай байна. Хуульд зааснаар орлого нэмэгдсэн тохиолдолд төсвийг тодотгодоггүй. Харин орлого буурсан тохиолдолд тодотгол хийх ёстой. Эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Ирэх жилийн төсөв 10 хувийн эрсдэлтэй болсон.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой баримтууд төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд анхаарал татлаа. Ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж 47 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнийг үр дүнтэй олгохын тулд ямар зарчим баримтлах вэ?

-Засгийн газрын өргөн барьсан төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэг ч төгрөг тусгаагүй байсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүд дээрх хөрөнгийг суулгасан гэж бодож байна. Энэ сангийн хөрөнгийг хамгийн зөв механизмаар олгох ёстой гэдэг байр сууриа 2017 оноос л илэрхийлсэн. Учир нь уг санд асуудал бий. Тиймээс ч Засгийн газрын сангуудыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулчихаад хөрөнгө оруулалтыг нь үргэлжлүүлэх бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар баримталсан.

-Засгийн газрын тусгай сангуудыг яаж цэгцэлнэ гэж?

-Ерөнхий сайд маш тодорхой чиглэл өгсөн. Тусгай сангуудыг Сангийн яамнаас шалгахаар болсон. Илэрсэн зөрчлийг нь арилгаж, олон нийт, банкуудын оролцоог ТУЗ-д нэмэгдүүлнэ. Тусгай сангаар дамжуулан зарим яамны урсгал зардлыг ч санхүүжүүлж байсан жишээ ч бий.

-УИХ-ын нэг гишүүнд найман тэрбум төгрөг баталсан юм уу?

-Тойрогт асуудал их бий. Тэр мөнгийг тухайн тойргийн төлөвлөсөн хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Үүнийг л “УИХ-ын гишүүдийн мөнгө” гэж нэрлэн, улстөржүүлээд байгаа юм. Орон нутагт амьдарч байгаа иргэд энэ зовлонг мэднэ дээ.

-Ерөнхийлөгч төсвийн төсөлтэй холбогдуулан тодорхой санал гаргасан. Тэдгээрийг тусгасан уу?

-Засгийн газраас 2019 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэх үед Ерөнхийлөгч саналаа өгөөгүй байсан. Өргөн мэдүүлснээс хойш УИХ-д Ерөнхийлөгч чухам ямар санал ирүүлснийг мэдэхгүй юм.

-Шатахууны үнийг тогтворжуулахын тулд Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

-“Wall street journal”-д өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) мэдээлснээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 72 ам.доллароос 63.56 болтлоо буучихаад байна. Тиймээс шатахууны үнэ буурна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Аи-98 бензинээс бусад төрлийн шатахууны онцгой албан татварыг Засгийн газар тэглэсэн. Өмнө нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр газрын тос импортлогч компаниудад өгсөн мөнгөний хэмжээг та бүхэн санаж байгаа биз дээ. Ер нь үнийн өсөлтийг хамгийн сайн шингээдэг зүйл нь зах зээл өөрөө юм. Зах зээлийн зарчмаар явуулах ёстой гээд бид зүгээр хараад суугаагүй. Онцгой албан татваруудаа буулгачихсан шүү дээ.

-Таны гарын үсэг бүхий шийдвэрийг үндэслэн Хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээлийг “Голомт” банканд олгосон гэдэг нь үнэн юм уу?

-Сангийн сайдын эрхлэх асуудалтай Хөгжлийн банк нь огт холбоогүй. Тэр асуудал надтай хамаагүй. Энэ зээлийн талаар мэдээлэл надад алга. Арилжааны банкны авсан зээл Сангийн сайдтай холбоогүй.


У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)