Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч НДШ-ийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаа больсон бололтой

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийгмийн даатгалтын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаар бэлтгэж байгаа талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерт бичсэн мэдэгдэлдээ "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" хэмээсэн. 

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар дахин жиргэхдээ Ерөнхийлөгч НДШ-ийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаа больсон талаар мэдэгдэв. Тэрбээр "Юу ч гэсэн З.Энхболд НДШ-ийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихгүйгээ хэлжээ. Овоо ш дээ, миний хэлснийг ойлгож, болохгүйг нь мэдэж авсан байна. Өөрөө дарга байхдаа улс орныг сонгодог утгаар нь дампууруулж, УИХ-д бүлэггүй болтлоо намаа ялагдууулж байсныхаа учир шалтгааныг одоо нэг ойлгочих хэрэгтэй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)