Ч.Ундрал: Шүүмжлэлд өртөөгүй уран бүтээл бол сайн уран бүтээл биш

“Би чамд хайртай 2”, “Ээжээ надтай гэрлээч”, “Луйвар” зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Ч.Ундралтай шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Choi Hainzan” продакшны уран бүтээл “The Woman” киноны дүрийг бүтээсэн төдийгүй, продюсерээр нь ажиллажээ.

-Та ойрд кинонд тоглоогүй хэсэг чимээгүй болсон. Энэ хугацаанд шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байсан уу?

-Тийм ээ. Хамгийн сүүлд “Ээжээ надтай гэрлээч”, “Луйвар” кинонуудад тоглосноос хойш кинонд тоглоогүй. Харин  сүүлд өөрийн үүсгэн байгуулсан “Choi Hainzan” продакшныхаа шинэхэн уран бүтээл “The Woman” кинонд продюсераар ажиллалаа.

-“Choi Hainzan продакшныг хэзээ үүсгэн байгуулсан бэ?

-Анх 2013 онд хөтлөгч, нэвтрүүлэгч бэлтгэх сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн бизнесийн байгууллагуудын видео реклам, нэвтрүүлэг хийдэг байлаа. Сургалтын хувьд олон чадварлаг шавь төрүүлсэндээ бахархдаг. Харин видео реклам хийх нь хожим нь үлдэцгүй санагдсан учир 2018 оноос продакшн болгож өөрчлөөд кино урлагийн салбар руу чиглүүлсэн.

-Продакшны нэр өвөрмөц санагдлаа.

- Өвөө, аав хоёрынхоо нэрийг нийлүүлж өгсөн юм.

-The Woman киног хэдий хугацаанд хийсэн бэ?

-Киноны зохиол дээр 2016 оноос эхлэн ажилласан. Түүнээс хойш хоёр гурван жил киноны жүжиглэлт, зураг авалт болон бусад зүйлсэд бэлдсэн.

-Үзэгчид киног өнгөцхөн дүгнээд цаад санааг нь ойлгохгүй орхих тохиолдол их ажиглагддаг. Энэхүү киногоороо ямар санааг дэвшүүлэхийг зорьж ажиллав?

-Найруулагч, зохиолч бид гурав энэхүү уран бүтээлээрээ дамжуулан байгаль, эх дэлхийнхээ хөгжлийн талаар дуугарахыг зорьсон. Бид “эх дэлхий, дэлхий ээж минь” гэж ярьдаг. Тэгвэл энэ эх дэлхийн хөгжил гэдэг нь хэтийдсэн их суурин хөгжил биш юм.

Харин байгаль өөрөө эх дэлхийн хөгжил гэсэн санааг монгол эмэгтэй хүнээр төлөөлүүлэн дэвшүүлэхийг зорьсон. Тэр ч утгаараа гадаадын жүжигчин тоглуулж, гадаад нэр өгсөн. Магадгүй уран бүтээлчдийн хэлэх гэсэн санааг зарим үзэгчид хардаггүй байж болно. Гэхдээ үзэгчид киноны дүрс, хэлэмж бүхнийг анзаарч, ямар санааг илэрхийлэх гээд байгааг ойлгож үзээсэй гэж хүсэж байна.

-Дүрийн хувьд яагаад “Ким ду хан” киноны Солонгос жүжигчнийг сонгох болсон бэ?

-Киноныхоо дэвшүүлсэн санаатай холбоотой. Мөн монголчуудын сайн таньдаг гадаад жүжигчин. Бидний үед “Зоригт эрийн түүх” кино шуугиулж байсан. Тухайн үеийн залуус хар малгай өмсөж, цагаан ороолт зүүгээд л дуурайдаг байлаа шүү дээ. Тиймдээ ч монголчуудад танигдсан гадаад жүжигчин гэдгээр нь урьж тоглуулсан.

-Мөн хоёр хүүхдийн дүр олон хүмүүст хүрсэн байх. Одоо үед хүмүүс хүүхдүүдтэйгээ хамт суугаад үздэг кино ховор байгаа ажиглагддаг.

-Эх хүний хувьд эмзэглэж явдаг зүйлийн нэг л дээ. Сүүлийн үеийн Холливуд болон Монгол кинонууд хараал ихтэй эсвэл 18-аас дээш насныханд зориулсан байгаа ажиглагддаг. Хуучны монгол кинонууд бол  үг хэллэг сайтай, давхар утга санааг илэрхийлсэн төдийгүй хэд ч үзсэн уйдамгүй байдаг. Тиймээс хүүхдүүдтэйгээ хамт үзэж болох уран бүтээл хийхийг зорьж байсан. Тэр ч утгаараа энэ кинонд нэг ч зүй бус үг хэллэг агуулаагүй. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ чөлөөтэй үзэж болох бүтээл.

-Кино бүтсэн нэвтрүүлгийг харахад судлаач, шүүмжлэгч нараас зөвлөгөө авч байгаа харагдсан.

-Киноны зохиол бичигдэх үеэс л эхэлж МУИС-ын Монгол ёс заншил, бэлгэдэл зүй судлаач, доктор, профессор С.Дулам багш зөвлөхөөр ажилласан. Мөн СУИС-ийн доктор, профессор Н.Ганхуяг багш маань киноны найруулга дээр зөвлөж ажилласан. Кино уран бүтээлчид бидний ихэнх нь хотод өссөн учир ёс заншил, монгол ахуй тал дээр алдаа гаргахаас сэргийлж болгоомжтой хандсан.  

-Цаашид продакшны хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Миний хувьд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд болохгүй байгаа зүйлсийг хөндөхийг хичээдэг. Дараагийн хоёр төслийн ажилд орсон байгаа. Энэ талаар арай танилцуулах болоогүй байна.

Кино бол техник дээр бүтдэг. Бид техник тоног төхөөрөмжийн стандартыг баримталдаг. Тиймдээ ч энэхүү киноныхоо зураг авалтыг  Монголд ховор байдаг камераар авсан. Үүгээрээ манай продакшн бусдаас онцлог байгаа юм.

-Олон улсын кино наадмуудад “The Woman” киногоороо оролцох бодол бий юу?

-Мэдээж. Гэвч сүүлд цар тахлаас болж  олон улсын кино наадмуудад оролцож чадаагүй. Харин удахгүй наймдугаар сард Сингапур, Хятад зэрэг улс орнуудад фестиваль болохоор товлогдсон. Бид нар киногоо явуулчхаад л хүлээж байна.

“УРЛАГ НИЙГМИЙН ТҮРҮҮНД ЯВДАГ БОЛОХООС ДАГАЖ ЯВДАГГҮЙ”

-Хоёулаа таны тоглосон уран бүтээлүүдээр яриагаа үргэлжлүүлье. “Гурван долоо хоног” кинонд та “Би чамд хайртай” киноны дүрээс залуухан харагддаг шүү.

-“Гурван долоо хоног” кино бол МҮОНРТ-ийн Б.Баяр найруулагчийн бүтээл. Би оюутан байхдаа тоглож байсан. Тухайн үед киноны зураг авалт Тэрэлжид өрнөсөн болохоор хотоос очсон ганган цагаан охинд их туршлага болсон. /инээв/

-“Би чамд хайртай 2” кино тухайн үед үзэгчдэд хүрсэн хэдий ч судлаачдын шүүмжлэлд нэлээд өртсөн. Өөрсдийн хувьд  уран бүтээлээ хэрхэн дүгнэдэг вэ?

-Мэдээж шүүмжлэлгүй бүтээл гэж байхгүй. Шүүмжлэлд өртөхгүй байна гэдэг өөрөө муу бүтээл. Логикийн хувьд ганц хоёр алдаанууд байдаг. Магадгүй кино групп маань хэтэрхий залуухан байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Юутай ч энэ кино тухайн цаг үеийг байлдан дагуулж чадсан бүтээл.

-Та киноноос гадна тайзны олон бүтээлд тоглосон байх.

-Тийм ээ. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” болон “Дурлахгүйгээр үнсэлцье” зэрэг жүжгүүдэд тоглосон. Эдгээр жүжгүүд нэлээн дээр үед гарч байсан учир одооны хүүхдүүд үзэж амжаагүй байх. Дуу нь тухайн үедээ нэлээн хит болсон. Тайзны бүтээл эцэстээ дурсамж болоод үлдчихдэг зүйл санагддаг.

-Таны тоглосон дүрүүдээс аль дүр нь тантай ойр санагдсан бэ?

-Байхгүй юм байна. Бүгд надаас өөр.

-Дүр бүтээнэ гэдэг таны хувьд ямар ойлголт вэ?

-Том зүйл л дээ. Мэргэжлийн жүжигчин хүн “дүр бүтээлээ” гэж хэлэхээсээ их айдаг. МУГЖ  гэдгээрээ танигдаагүй мөртлөө дүрээрээ ард түмэндээ танигдсан жүжигчид бий. Тиймээс дүр бүтээх гэдэг үгийг манай залуу жүжигчид зөв хэрэглэж байгаасай гэж боддог.  Мэдээж уран бүтээлчдийн чин хүсэл бол дүр бүтээх. Тэгэхээр ямар ч жүжигчин хүн “дүр бүтээлээ” гэж ам бардам хэлж чаддаггүй юм. Түүнийг ард түмэн хэлдэг.

-“Урлаг нийгмийг дагуулж явах ёстой” гэдэг үгтэй санал нийлдэг үү?

-Мэдээж санал нийлнэ. Урлагийн ямар ч төрөл нийгмийн оюун санааг хөтөлж явах ёстой. Харин сүүлийн үед хөтлөх гэхээсээ илүү үзэгчдээ дагаад байгаа юм болов уу гэдэг бодол төрөөд байна. Энэ бол буруу зүйл. Урлаг үзэгчдийг дагаж мөнгө олох хэрэглүүр битгий болоосой гэж боддог.

-Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа санагддаг.  Уран бүтээлч хүний хувьд тэгж санагддаг уу?

-Хөгжиж байгаа. Тухайлбал, “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж хийсэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь“ кино олон улсын наадмуудад амжилттай оролцож байна. Мөн жүжигчин Б.Амарсайханы кинонууд ч олон наадмаас шагнал хүртсэн. Ингээд харахаар манай үеийнхэн дотроос маш сайн уран бүтээлчид төрөн гарч ирсээр байна. Энэ бол манай кино урлаг хөгжиж байгаагийн тод жишээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Бямбасүрэн 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)