Ч.Улаан: Хаврын тариалалт 70 орчим хувьтай үргэлжилж байна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн тариалалтад зориулж 5000 гаруй мкв талбайтай 160 гаруй хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр зээлийн хөрөнгөөр олгосон хэмээн онцоллоо.

-Хаврын тариалалт 70 орчим хувьтай үргэлжилж байна-

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо 16.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил жигдэрч эхэлсэн. 

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Тавдугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээгээр 260.0 мянган га-д үр тариа, үүнээс 251.0 мянган га-д улаанбуудай, 9.6 мянган  га-д төмс, 2.8 мянган га-д хүнсний ногоо, 6.2 мянган га-д малын тэжээл, 13.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 292.4 мянган га-д тариалалт хийснээр үр тариа, төмсний тариалалтын явц 70 орчим хувьтай, хүнсний ногоо 30 хувьтай явагдаж байна. 

Тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байгаа нь энэ жилийн 5 дугаар сар бүхэлдээ хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байгаа тул тариалалтын ажил удаашралтай явагдаж байна. Түүнчлэн шөнөдөө хүйтэн байгаатай холбоотойгоор хүнсний ногооны үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажил үндсэндээ эхлэж чадаагүй байна.

Энэ  хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.6  мянган тонн шатахууныг 50 хувийн, 250 гаруй  аж ахуйн нэгж, иргэнд   62  тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлээд байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй  “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 50-165 морины хүчтэй трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Түүнчлэн “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих”  төслийн хүрээнд нийтдээ 9.0 мянган га талбайг услах хүчин чадал бүхий усалгааны техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээс өнөөдрийн байдлаар 3.0 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 40 гаруй бороожуулагчийг  12 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр 20 гаруй аж ахуйн нэгж, иргэнд зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 9 нэр төрлийн 2.2 тонн хүнсний ногооны үр, 45 тонн төмсний супер элит үрийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүнсний ногоо тариалагчдад үнэгүй олгож байгаагийн зэрэгцээ 32 м2 талбай бүхий 160 ширхэг нийлэг хальсан хүлэмж нийлүүлж иргэдэд хөнгөлөлтэй нөхцлөөр зээлээр олгов.

“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд  171.0  сая төгрөгийн санхүүжилтээр 15.6 мянган ширхэг бага тархацтай жимс жимсгэний суулгац нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 02 тоот албан даалгавар гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Хаврын тариалалтын ажлын явцыг эрчимжүүлэх, тариаланчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсох, тулгадсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн 7 хоногт Яамны удирдлага  Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн тариалан бүхий сумдад ажиллав.

Орон нутагт ажилласантай холбоотойгоор тариалангийн талбайн хөрсний үржил шимийг байгалийн болон механик эрсдэлээс хамгаалах, бордоо ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон эрхлэх зэрэг ажилд төрийн захиргааны бүх шатны байгууллага  болон төрийн бус байгууллага, тариаланчид малчид онцгой анхаарал хандуулж хамтран ажиллах шаардлагатай байгааг салбарын сайд анхааралдаа авч зохих үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгч, энэ жилийн батлагдсан  төсөв, санхүүгийн боломжиндоо тулгуурлан тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэхэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)