Ч.СОЛОНГО: Гуниг муухай зүйл биш

Монголын урчуудын эвлэлийн галерейд өнгөрсөн аравдугаар сард дэлгэсэн “Эх” үзэсгэлэнг үзсэн юм. Байгаль, эх дэлхийгээ хайрлахыг уриалсан үзэл санаатай тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг сонирхолтой арга техникээр урласан байв. Гэвч тухайн үед уран бүтээлчтэй нь уулзах боломж олдоогүй. Харин 2020 он гарсны дараахан “Дун” нэртэй роман уншсан минь намайг дээрх үзэсгэлэнгийн эзэнтэй холбочихов. Учир нь тус романы зохиолч Ч.Солонго “Эх” үзэсгэлэнг гаргасан байжээ. Үгээр, бас өнгөөр урладаг бүсгүйтэй ярилцсанаа хүргэе.

-Утга зохиолын дээд сургуульд зохиолч мэргэжил эзэмшсэн гэсэн. Харин хэзээнээс зурав?

-Гуравдугаар ангиасаа зурсан. Дунд сургуулиа төгсөөд мэргэжил сонгох болоход нэлээд хэдэн сонголт байсны нэг нь зураач. Дүрслэх урлагийн дээд сургуульд элссэн ч долоо хоног сураад л болихоор шийдсэн юм. Намайг “Ингэх ёстой” гэдэг үгээр хайрцаглах мэт санагдсан. Тиймээс нэлээд бодсоны эцэст утга зохиол судлаач, зохиолч мэргэжлээр сурахаар шийдлээ. Сэтгэлийн хөөрлөөр бус, ухамсартайгаар хийсэн сонголт минь.

-Хэсэг хугацаанд орхисон ч үргэлжлүүлэн зурсан шалтгаан тань юу вэ?

-Би багаасаа мөрөөдсөн, эргэн тойрныхон минь ч намайг зураач болно л гэж боддог байлаа. Тэгж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй болохоор ч тэр үү, хэсэг хугацаанд зурахыг хүсээгүй. Ер нь аав минь намайг зураач болгох дургүй, дипломатч болгоно гэдэг байв. Нэг удаа “Аав нь нэг л өдөр өнгөрнө. Тэр үед бурхны өмнө очоод шийтгүүлэх вий дээ” гэлээ. Гайхаад “Яагаад” гэж асуутал “Миний охин өнгийг маш сайн мэдэрдэг. Охиноо яагаад зураач болгоогүй юм бэ гэвэл аав нь юу гэнэ дээ” гэв. Энэ яриа болсны маргааш л аав минь өөд болсон. Түүнээс хойш жил орчим би зурах талаар бодохыг ч хүсээгүй. Харин 2013 оны сүүлчээс дахин эхлэхээр шийдсэн юм.

-Зураач болно гэж мөрөөдөж явсан үеийнхээс аавыгаа өөд болсны дараах уран бүтээлүүдийн тань өнгө аяс хэр өөрчлөгдсөн бэ?

-Маш их өөрчлөгдсөн. Одоо ч надад аавыгаа өнгөрөхөөс өмнө зурсан зарим бүтээл минь бий. Өсвөр насны охин байснаас ч тэр үү, их зоригтой шийдлүүдтэй. Яагаад гэж лавласан, аливаад шүүмжлэлтэй хандсан зураг олон. Харин одоо бүтээлийн өнгө аяс их зөөлөрсөн. Сэдэв, агуулгын хувьд илүү гүнзгий болж. Эмэгтэй хүн ээж болсны дараа илүү тэвчээртэй болдог юм билээ. Энэ шинж ч бүтээлд минь шингэж буй байх. Ер нь нас ахиж, амьдрал туулахын хэрээр бүтээлийн өнгө аяс, чанар, агуулга өөрчлөгддөг.

-Та “Эх” үзэсгэлэнгээ өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан. 2013 оноос хойш эл үзэсгэлэндээ бэлдсэн гэсэн үг үү?

-Сурахын хажуугаар 2013 оноос ном бичиж, зургаа ч зурж байлаа. “Эх” үзэсгэлэнд 90-ээд зөөлөн баримал дэлгэсэн юм. Тэднийгээ энэ хугацаанд урласан. Гар аргаар урладаг болохоор хугацаа ч их зарцууллаа. Эхэндээ үзэсгэлэн гаргана гэж бодоогүй л дээ. 2016 оноос л бүтээлүүдээ нэгтгэж үзэсгэлэн гаргавал зүгээр юм байна гэж бодсон. Гол нь үзэсгэлэнгийн минь агуулгыг хүмүүс ойлгоосой л гэж хүсэж байв. Би аялах дуртай. Ялангуяа Монголынхоо үзэсгэлэнтэй газруудаар. Харамсалтай нь, хөдөөгүүр явахад хог новшиндоо дарагдчихсан ямар аймшигтай дүр зураг харагддаг гээч. Тэр бүхнийг эл үзэсгэлэнгээрээ “хэлэх”-ийг хүссэн юм. Миний үзэсгэлэнг хүүхдүүд сайн үзсэн. Тэд тайлбарлуулахгүйгээр ойлгож байна билээ. Их олзуурхсан шүү.

-Үзэсгэлэндээ куратор ажиллуулаагүй нь ямар учиртай вэ?

-Яг үнэнийг хэлэхэд би гурван ч кураторт санал тавьсан. Гэтэл өөдөөс шууд л үнэ ярьсан. “Хэний үзэсгэлэн бэ, ямар бүтээлүүд дэлгэх вэ” гэдгийг асуугаа ч үгүй байж мөнгө ярьсан нь таалагдаагүй. Тэгээд л дургүй хүрч, шарандаа кураторгүйгээр дэлгэчихсэн. Уг нь дараагийн үзэсгэлэнгээ төлөвлөөд бүтээлүүдээ хийгээд эхэлчихсэн. Болдог бол гудамжинд гаргачих юм сан.

-Зурж суухдаа жаргадаг уу, эсвэл бичиж суухдаа юу?

-Хоёр өөр жаргал шүү дээ.

-Ямар ялгаатай гэж?

-Ажих нь ээ, би зурж байхдаа бичих зүйлийнхээ талаар боддог юм билээ. Тэгэхээр зурах гэдэг миний хувьд бясалгах, олон зүйл бодож амждаг боломжит цаг.

-Зургаасаа сэдэвлэн зохиол бичиж, эсвэл зохиолоосоо сэдэвлэн зурж байв уу?

-Аль аль нь бий. “1970 он бид гурав” гэхчлэн “Дун” романыхаа хэд хэдэн хэсгийг зурсан.

-Ямар үед танд шинэ санаа их төрдөг вэ?

-Сэтгэл хөдлөлд автсан үед. Би гунигийг муухай гэж боддоггүй. Харин ч бодох, туурвих сэдэл илүү төрдөг. Жаргалтай үед ямар ч шинэ санаа төрдөггүй, надаас юу ч гардаггүй. Би хөгжим сонсоод гудамжаар алхах дуртай. Тэгж явахдаа элдвийг ажиглана. Тэр хэрээр шинэ, сонирхолтой санаа ургадаг юм.

-Туурвисан бүтээл тань таны санаанд хүрэхгүй байх тохиолдол бий юү?

-Нэг санаа олно. Тэгээд зохиомжоо гаргана. Тэр нь зотон дээр буухдаа өөр болж буух нь бий. Анхандаа ч тийм тохиолдолд бухимддаг, өөрийгөө зурж чаддаггүй гэж боддог байлаа. Одоо бол тоодоггүй. Тийм л болох ёстой юм байлгүй. Зохиол ч бас тийм. Үндсэн шугам нь тархинд байгаа ч цаасан дээр буухдаа өөрчлөгддөг.

-Зураач бүрт эхэлчихсэн хэрнээ дуусгаж чаддаггүй, эсвэл маш удаан хугацаанд зурсан бүтээл байдаг. Танд ч гэсэн бий байх.

-Уг нь би удаан зурдаггүй. Удаан бодож, хурдан зурдаг. Харин нэг зургийг жил орчим “нухаж” байна. Зураг бол сэтгэлийн хоол. Миний зургийг хүмүүс өөрсдийнхөөрөө харж, сэтгэлээ хооллоосой гэж хүсдэг. Нөгөөтээгүүр, би бүтээлүүддээ бэлгэдлүүд их шингээдэг онцлогтой. Зурж байх явцад бүтээл минь амь орж буй мэт мэдрэмж төрдөг. Тэгэхээр нь “За дуусчихлаа. Одоо оролдоод дэмий” гэж боддог доо. Түүнээс биш гоё болгоно гээд дахин дахин нухаад байдаггүй.

-Ямар бэлгэдлүүд шингээдэг гэж?

-“Эх” үзэсгэлэнгээ гаргахын тулд судалгаа нэлээд хийсэн. Монголын болон гадаадын домгууд, шашнуудын тухай, ардын болон уртын дуу, язгуур урлаг гээд “ухаж” өгсөн. Мөн зохиолчоор сурч байх үедээ уншсан, дуулсан зүйлс ч бүтээлд маш их нөлөөлдөг.

-Ямар орчинд ажиллах дуртай вэ?

-Ганцаараа байх дуртай. Хөгжим сонсоод арав гаруй цаг тасралтгүй зураад суучихсан байх үе бишгүй.

-Ихэвчлэн тод өнгөөр “тоглож” өөрийгөө илэрхийлдэг юм билээ. Бүтээл бүртээ ашигладаг өнгө бий юү?

-Бий бий. Цэнхэр өнгө. Заримдаа бүр “Энэ өнгийг ашиглахгүй дээ” гээд өөрөөсөө хол тавьдаг ч нэг л мэдэхэд барьж аваад зурчихсан байдаг.

-Тэгвэл ямар өнгийг ашиглах тун дургүй вэ?

-Улаан хүрэн өнгөөс жаахан зугтдаг.

-Дараагийн үзэсгэлэнгээ төлөвлөсөн гэсэн. Хэзээ, ямар онцлогтой бүтээлүүдээ дэлгэх бол?

-Хоёр үзэсгэлэнгийн талаар бодож байна. Нэг нь хайр дурлалын сэдэвтэй. Нөгөөх нь жижгээс томорсон хэмжээтэй, зөөлөн баримлуудаараа дэглэнэ. Цаг хугацааны хувьд тодорхой хэлж мэдэхгүй юм. Яарахгүй байна. Би доторхоо тийм ч амархан уудалчихдаг хүн биш.

-Зургаар, эсвэл зохиолдоо хэзээ ч хөндөхгүй гэж боддог сэдэв байдаг уу?

-Байхгүй ээ. Юуг л бол юуг хийх, хөндөх боломжтой.

-Та “Дун” романаа хэр удаан “нухсан” бэ?

-“Эмээ” бүлгийг 2010 онд, “Өвгөн салхи”-ийг оюутан байхдаа бичсэн. Багш нар надад “Үнэнийг чинь хэлье. Чи яруу найргаар гавихгүй юм байна. Үргэлжилсэн үгийн зохиолоор дагнавал дээр” гэдэг байлаа. “Дун”-гаа бодож, нухаж явсаар 2017 онд дуусгаж, 2019 онд хэвлүүлсэн.

-“Дун”-г гаргасны дараа уншигчид болон мэргэжилтнүүдээс ямар сэтгэгдэл их сонсов?

-Түүхчид “Овоо юм судалж бичсэн байна” гэсэн. Утга зохиол судлаач нар магтаал их хэлсэн. Хүн өөрт ойр мэдрэмжийг илүү “шүүрч” авдаг мэт санагддаг. Уншигчдаас ч янз бүрийн л үг сонслоо. Тухайн мөчид төрсөн мэдрэмж нь уг уран бүтээлийн аястай төстэй байвал илүү үнэлдэг мэт санагдсан шүү.

-Анхны ном бол уншигчдад өөрийгөө танилцуулах “нэрийн хуудас”. Яагаад “Дун”-гаар өөрийгөө танилцуулахыг хүссэн юм бэ. Их өвөрмөц санагдсан.

-Багадаа айлын хүүхдүүд гадаа тоглож байхад би том өрөөндөө ном уншаад л суудаг охин байв. Аав минь “Б.Ренчин гуайн “Заан залуудай”-г ойлгохгүй бол хүн болно гэж яриад юу гэх вэ. Лааз өшиглөөд яваарай” гэнэ. “Дун”-гаас миний хүмүүжил харагддаг. Надтай төстэй хүмүүс бий л байлгүй. Тэд миний номыг унших байлгүй дээ.

-Зохиол бичих явцдаа үйл явдал, дүрүүддээ хөтлөгдөж хэр шаналдаг вэ?

-Шанална аа. “Дун”-гийн гол дүр эрэгтэй. Тэгэхээр би хорвоог эрэгтэй хүн шиг харж, тэр мэдрэмжээр бичих ёстой болсон. Ингэхийн тулд 10 жил зүтгэсэн. Аливааг харахдаа эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс тэс өөр. Мөн мэдрэмжүүдийг үнэн байлгах хэрэгтэй. Би л зохиолч гээд дураараа, худлаа бичиж болохгүй. Зохиолоо бичиж байх үед түүнийгээ л бодоод, автаад явсан. Харин дууссаныхаа дараа салах гэж их зовлоо.

-“Дун”-гийн гол дүр Далайхүүг “амилуулах”-даа хэн нэгнээс сэдэвлэсэн үү?

-Далайхүү бол миний ухаанаас ургасан дүр. Би эрэгтэй байсан бол ямар байх вэ гэдгээ “Дун”-гаараа харуулчихсан гэхэд болно.

-Ингэхэд та зүүдээ манадаг уу. “Дун”-д зүүд гэмээр дүрслэлүүд байдаг.

-Маш сайн манадаг. “Дун”-д зүүднээсээ сэдэвлэсэн хэсэг олон бий. “1970 он бид гурав” бүлэг, Далайхүүгийн элсэн дундуур явдаг хэсэг ч гэсэн миний зүүд.

-Анхны үзэсгэлэнгээ гаргаж, номоо хэвлүүлсний дараа ямар мэдрэмж төрөв?

-Үзэсгэлэнгээ буулгачихаад нэг их гүнзгий амьсгаа авсан. Миний хүссэнчлэн хүүхдүүд их үзсэн болохоор сэтгэл өег байлаа. Харин “Дун”-г минь залуус уншаасай гэж хүсэж байна. Ажих нь ээ, нас тогтсон хүмүүс түлхүү уншиж байгаа нь харагддаг.

-Та ямар зохиолчдын бүтээлийг шимтэн уншдаг вэ?

-Б.Ренчин гуайг биширдэг. Михайл Булгаковт хайртай. Ер нь Оросын зохиолчдод дуртай. Виржиниа Вүүлфт хайртай. Сүүлийн үед Францын зохиолч Франсуаза Саганы номуудыг уншиж байгаа. Би муу зохиол барьж авах дургүй. Анхаарал татсан, сайн зохиол унших дуртай. Хүмүүс номын өмнөх үгийг нь түрүүлж хардаг бол би дундаас нь уншиж байгаад үргэлжлүүлэх, эсэхээ шийддэг.

-Дараагийн номоо хэзээ гаргах вэ?

-Эхлүүлчихсэн л явна. Хэзээ дуусгах юм, бүү мэд.

-Кино, жүжгийн зохиол бичих бодол бий юү?

-Сонирхож, оролдож л байна. Ялангуяа гадаадынхыг түлхүү судалж байгаа. Хүүхдийн үлгэрийн цуврал гаргахаар бас төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)