Ч.Санжаадамба тэргүүтэй 200 гаруй бөх допингийн асуудлаа шийдэхийг МҮХБ-ноос шаардаж байна

Допингийн асуудлаар Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүдийн зүгээс допингийн шинжилгээг шударгаар авдаг байх, нэр хүндийг нь ихээр унагаж байгаа асуудлуудыг цэгцлэхийг Монголын бөхийн холбоонд шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн бөхчүүд хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор холбогдох хороодын хуралдааныг хийж, допингийн асуудлаа эцэслэн шийдэхийг шаардаж, 200 гаруй бөхчүүд нэгдэн МҮХБ-нд хандаж байна.

Мэдээллийн үеэр Монгол Улсын гарьд Б.Гончигдамба хэлэхдээ “МҮБХ өнөөдөр чиг үүрэг зорилгоо умартан хоорондоо талцан хуваагдаж хууль шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. МҮБХ-ны сүүлийн 10 гаруй жил аймаг, дүүргийн наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах буцаан олгох зэрэг асуудалд дур мэдэн шийдвэр гаргаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар мэдээлэл, залруулга хийгээгүй. Үндэсний наадмын бөхийн барилдаанд оноолтыг будлиантуулах асуудал даамжирсаар байна. Үүнийг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Монгол Улс 1999 онд Допингийн холбоонд нэгдсэн. Сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь үндэсний бөхийн үзэгч болон бөхчүүд сэргээшийг байх ёстой зүйл мэтээр бодож хүлээн зөвшөөрөх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь үндэсний бөхийн ёс жудаг, өв соёл, уламжлалыг уландаа гишгэж байна гэж үзэж байна” гэлээ.

Улсын аварга Ч.Санжаадамб
а хэлэхдээ “Монголын бөхийн холбоо сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй,  асуудлыг эцлэн шийдэхгүй цаг хугацаа алдаж байгаа юм. Энэ асуудлыг өнөөг хүртэл эцэслэн шийдэхгүй байгаа нь байдаг л асуудал мэт буруу жишгийг тогтоож бөхийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Холбоо өнөөг хүртэл хуралдахгүй байгаа нь үндсэн чиг үүргээ барьж ажиллахгүй байна гэж бөхчүүд үзэж байна" гэж хэлэв.

Улсын аварга Н.Батсуурь хэлэхдээ “Үндэсний бөхийнхөө өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож, холбоотойгоо хамтран ажиллахыг шаардаж байгаа юм. Баяр наадмын тухай хууль 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа. Тиймээс энэ хуулиа шинэчлэхийн төлөө Монголын бөхийн холбоо санаачлагтай ажиллах хэрэгтэй байна ” гэсэн юм.

Бөхчүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж допингийн шинжилгээг шударгаар авдаг байх, нэр хүндийг нь ихээр унагаж байгаа асуудлуудыг цэгцлэхийн тулд нэгдэж, холбоондоо шаардлага хүргүүлж буйгаа онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)