Ч.Сайханбилэгийг Худалдаа хөгжлийн банкныхантай уулзуулахгүй байх захирамжийг шүүх баталжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар захирамж гаргасны дагуу Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг уржигдар 23.35 цагийн үед АТГ-аас Цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэхээр мөрдөгчид авч явсан юм. Харин өчигдөр Д.Эрдэнэбилэгтэй хамт яллагдагчаар татагдсан бусад холбогдогчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэхийг шийдвэрлэх хурал болох байв. 

Нийслэлийн Прокурорын газраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт таслан сэргийлэх (хилээр гарахыг хориглох, цагдан хорих зэрэг) арга хэмжээ авхуулах саналыг уржигдар хүргүүлсэн бөгөөд өчигдөр өглөө хэлэлцэхээр шүүгч нь товлосон байв. Гэвч дээрх яллагдагч нарын өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэхээр болсон юм. Гэвч дугаар шилжих мөчид шүүх ямар нэг шийдвэр гаргаагүй, хүсэлтийг нь хэлэлцээгүй байв.

Мөн НПГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Худалдаа хөгжлийн банкны удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хориг тавиулахаар тус шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч уг саналыг нь хүлээн авч, хэргийн бусад холбогдогчтой уулзуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)