Ч.ОТГОНБАЯР: Нөхөр маань “Чи ил гараад хэрэггүй, баригдвал би хоригдъё” гэсэн

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ч.Отгонбаяр саяхан төрд хөдөлмөрөө үнэлүүлжээ.  Гавьяат хуульч цол хүртсэнийхээ дараа тэрбээр манай сонинд ярилцлага өгсөн юм.

-Та аль нутгийн хүн бэ, ээж аавынхаа тухай яриач?

-Баянхонгор аймгийн уугуул, Галуут сумд төрсөн. Намайг ойтой байхад аав, ээж минь томилолт авч, Улаанбаатарт шилжин суурьшсан юм. Миний аав Д.Чүлтэм их хөдөлмөрч хүн байв. Ахмад дайчин аав минь 1939-1945 онд хил дээр алба хаагаад нутагтаа ирж, аймгийн намын хороонд зааварлагчаар ажилласан гэдэг. Хожим Улаанбаатар хотын захиргаанд, дараа нь Сүхбаатар дүүргийн V хорооны даргаар ажилласан. Мөн АУДС-ийн аж ахуйн дарга, Иргэдэд үйлчлэх товчооны даргын албыг олон жил хашсан даа. Ээж минь Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 12 жил ажилласан. Дайны дараах хүнд, хэцүү үед малчин хүүхнүүдийг идэвхжүүлэх нөр их ажилд идэвхтэй оролцож, МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон гэдэг. Тиймээс манай гэр бүл хот руу нүүсэн. Би жилдээ нэг удаа Галуут сумдаа очин, Хонгор хайрхандаа сүслэн мөргөдөг өө.

-Чүлтэмийн хүүхдүүд багадаа их адтай байсан гэж ярихыг сонссон юм байна.

-Бид эхээс тавуул. Уг нь наймуул байх байлаа. Ах, эгчийн дараа төрсөн гурван хүүхэд эндсэн гэдэг. Дараа нь би гарсан. Арай гэж тогтож үлдсэн гэх. Айл айлаас гуйж авсан 100 даавууны өөдөс зүйж оёсон дээлтэй охин байлаа. Тиймээс их эрхэлж, энхрий өссөн. Миний даахь үргээх найрыг их өргөн тэмдэглэсэн гэдэг. Цэцэрлэгийн ангийнхан минь намайг өм цөм үстэй зарим газраа үсгүй гэж их гайхна. Энэ нь ээж, аав үс хусахдаа толгойд хөхөл үлдээсэнтэй холбоотой. Бидний багад аав, ээж ажил ихтэй, гэрийн бараа хардаггүй байлаа. Ах, эгч бас хичээлдээ явчихна. Би хоёр дүүгээ харахын зэрэгцээ хичээлийг нь дувтуулна, өөрөө хичээлээ хийнэ. Гэр орноо цэвэрлэнэ. Их ажилтай хүүхэд байж.  Охин дүү Ч.Баяржаргал их сурлагатай. Долдугаар ангидаа нийслэлийн тооны олимпиадад түрүүлсэн. Дараагийн жилээс нь I сургуулийн тооны ангид шилжин суралцсан. Сургуулиа төгсөөд Орост сурч, инженерийн мэргэжил эзэмшсэн. Одоо “МSC холдинг” компанид ажилладаг. Ахыг Ч.Бизъяа гэдэг. Өдгөө 80 гарсан ч  “Анима” дүрслэх урлагийн сургуульд багшилж, уран бүтээлээ туурвисаар байна. Тэрбээр 2014 онд Гавьяат багш цол хүртсэн. Манай гэрийн анхны Гавьяат даа. Хоёр дахь нь би боллоо.

-Одоо таны тухай ярилцъя.  Та бас залуудаа их идэвхтэй, завгүй нэгэн байв уу?

-Манай гэр бүл удмаараа Монголын төрд зүтгэж буй. Тодруулбал, өвөө Дашдоо гүний хүрээний ноёны тамгын газарт насаараа ажиллаж, төрийн зэрэг, цолтой болсон. Аав, ээж маань ч төр засагтаа 50 гаруй жил үнэнчээр ажиллажээ. Тэднийхээ удам залгамж болсон би төрд 40 жил алба хашлаа. Миний хүү Сэрдамбын Чинбат одоо гаалийн албанд ажиллаж байна. Би хотын ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийг 1973 онд төгссөн. Эвлэл, пионерийн ажилд идэвхтэй, урлаг, спортод авьяастай, хэнхэг хүүхэд байв. Биднийг багад аав, ээж ажлаар үлгэрлэхээс гадна зөв байх, чин сэтгэлээсээ хандах тухай сургана. Үүгээр зогсохгүй, ахмадууддаа хүндлэлтэй, хүнийг баян, ядуу гэж ялгахгүй шударга харилцах, хадамдаа ээлтэй, нөхөртөө халамжтай яваарай гэх зэргээр захиж, сургасан. Ялангуяа ээж минь зүйр цэцэн үгээр сургаж ирсэн. Дээр нь эвлэл, пионерын ажил хүүхдүүдэд их зөв хүмүүжил олгодог байлаа. Дунд ангиасаа л пионерын бүлгийн дарга, ахлах ангидаа Эвлэлийн хорооны товчооны гишүүнээр ажиллаж байв. Урлагийн хувьд манай ангийнхан Пионерын ордны дууны дугуйланд явна. Төрийн концертын хүүхдийн найрал дуунд дуулдаг байлаа. Мөн Спортын төв ордны хүүхдийн II шигшээд багтаж, ойрын зайд гүйдэг сэн. Спортын II зэргийн тамирчин явлаа даа. Ээж, аав хоёр “Сургууль төгсөх нь, хичээл номоо анхаар, ирээдүйгээ бод” гэснээр урлаг, спортоос өөрийгөө татсан. II сургуулийн 10б ангийг төгсөхдөө нэгдүгээрт жагсаж, хүссэн сургуулиа сонгож, дуртай хуваариа авсан. Ингээд хуульч мэргэжлийг сонгосон.

-Хэний зөвлөгөөг дагав?

-Маш зөв сонголт хийсэн гэж боддог. II сургуулийн анги удирдсан багш Мижиддорж минь надад “Хуульчийн мэргэжил их сайхан” гэж зөвлөсөн. Багшийнхаа үгэнд орж хуульч болсон. Ингээд Хууль зүйн яамны нэр дээр оросын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангид элсэж, 1979 онд төгссөн. Хэлний бэлтгэл ангиас эхлээд зургаан жил сурсан. Эрхүүгийн их сургууль, тэр дундаа хуулийн ангийг нь миний мэдэх нэр хүндтэй олон алдартан төгссөн. Их сургуульд бас л идэвхтэй оюутны нэг болсон. 1-3 дугаар курстээ янз бүрийн илтгэл тавьж, заримдаа үед түрүүлж, шагнуулна. Дөрөвдүгээр курст байхдаа Захиргааны тэнхимийн багш А.А.Пешковын удирдлага доор “Монголын захиргааны эрх зүй” илтгэл бичиж нэгдүгээр байрт орж билээ. Энэ тухай сургуулийнхаа сонинд гарч байв.

-Хууль зүйн яаманд ногоон шугамаар ажилд орсон уу?

-Уг нь Хууль зүйн яам ажилд авна л гэсэн. Сургууль төгсөх жилээ би хүүгээ төрүүлсэн юм. Нялх хүүхэдтэй ирсэн учраас Сайдын Зөвлөлийн хурлаас Хууль цаазын дунд сургуульд багшлуулахаар томилов. Ингээд намар нь багшилж эхэллээ.  Тухайн үед гаргасан шийдвэрт одоо ч баярладаг. Үнэхээр миний хувь заяа багш болох байж гэж сүсэглэдэг, бахархдаг. Миний ажлын гараа багшаас эхэлсэн. Иргэний эрх зүйн хичээл зааж, олон мянган шавьтай болов. Хэрвээ төрийн албан хаагч болж, Хууль зүйн яаманд үлдсэн бол дөрвөн хананы дунд цаастай “зууралдаад” насыг барах байсан биз. 1979-1991 онд Хууль цаазын дунд сургуульд багшилжээ.  

-Ардчилсан хувьсгал ялсантай зэрэгцээд л сургуулиасаа гарсан юм уу?

-Намайг багшилж байх үед 1989, 1990 онд ардчилсан хувьсгал өрнөсөн. ШУА-д цөмийн физикч ажилтай миний хань Л.Сэрдамба энэ өөрчлөлтийн хувьсгалд идэвхийлэн оролцсон. Би сэтгэл зүрхээрээ дэмждэг байлаа. Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулахад манай хүн долоо дугаарын батлахтай байв. Нөхөр минь эхний үед “Чи бие муутай, хүүхдүүд нялх, бага байна. Ил гараад хэрэггүй. Хичээл номоо заагаад чимээгүй байж бай. Баригдвал би ганцаараа хоригдъё” гэдэг байсан. Өөрөөр хэлбэл, нөхөр маань ардчилсан хувьсгалд оройлон оролцож, би эхэн үедээ ард нь чимээгүй дэмжсэн. Өдөржин явж, орой нь гэртээ ирээд юу болсоныг ярьдаг, зөвлөдөг байв. Би 1990 оны хоёрдугаар сард ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож, үнэмлэхээ гардаж авсан. Хууль цаазын дунд сургуульд Социал демократ намын төлөөлөл болж, анхны салбар зөвлөл байгуулан даргаар нь ажиллаж, олон оюутныг энэ хөдөлгөөнд нэгтгэсэн. Тэр үед манай сургуулийн намын үүрийн дарга Д.Даваасамбуу “Чи бие муутай, ингэж болохгүй” гэж анхааруулсан удаатай. Гэтэл манай оюутнууд намайг хамгаалж “Та багшийг дарамталлаа” гэж билээ.

-Өвөө, аав, ээж тань МАХН-ын гишүүн. Үзэл бодлоо өөрчиллөө, бидний бүтээснийг үгүйсгэлээ гэж шүүмжилсэнгүй юү?

-Тийм  шүүмжлэлд өртөөгүй. Аав, ээж “Та нар өөрсдөө мэд” гэсэн. Залуучууд өөрийн сонгосон замаар явах нь зөв гэж дэмжиж байв. Заавал миний намд бай, намайг дага гэсэнгүй, тэд минь. Гэхдээ тэд намдаа үнэнч, гишүүн нь байсаар таалал төгссөн. Миний хувьд Монголд шинэчлэлт, өөрчлөлт хэрэгтэй гэсэн үүднээс ардчилалд чин сэтгэлээсээ идэвхийлэн оролцсон. Ингээд Ардчилсан социалист хөдөлгөөний анхдугаар хурал 1991 оны аравдугаар сард боллоо. Тэр хуралдааны үеэр би “Эрх зүйн системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөхөд хамгийн түрүүнд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай” гэж хэлсэн нь одоо бичлэгт бий. Сүүлдээ ардчилсан социалист хөдөлгөөн маань Монголын социал демократ нам болж өргөжсөн. Анхны дарга нь Баабар буюу Б.Батбаяр. Дараа нь Р.Гончигдорж дарга ажлыг нь авсан. Бид цоо шинэ нийгэм байгуулах гэж байгаа учраас эрх зүйн үндсэн баримт бичгээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Улмаар Ардчилсан социалист хөдөлгөөний дэргэд хуульчдын хөдөлгөөн өрнүүлсэн. Д.Ламжав багш, УИХ-ын гишүүн, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нарын олон хуульч нэгдсэн. Хууль эрх зүйн чиглэлээр хэлэлцүүлэг яриа өрнүүлж явлаа.

-Та шударга, хичээнгүй, бүтээлч байдлаараа эмэгтэйчүүдийг манлайлж иржээ. Энэ талаараа ярих уу?

-Хүүхнүүдээрээ маш их бахархдаг. Ардчилсан социалист хөдөлгөөний дэргэдэх анхны социал демократ эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг 1991 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулан улс даяар зарлаж байв. Хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ганц Эмэгтэйчүүдийн холбоо ажиллаж байсан бол хоёр дахь байгууллага гарч ирсэн. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах олон байгууллага үүсгэсэн. Үүний нэг нь миний олон жил ахалсан Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан юм. Ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор эл санг 1994 онд байгуулсан. Хөдөө ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний нийгмийн идэвхийг сэргээх, өөртөө итгэх итгэлтэй болгох, шийдвэр гаргах түвшинд ажиллах сургалтуудыг хийж эхэлсэн. Мөн манлайллын чиглэлээр олон сургалт явуулсан. Эдийн засгийн хувьд биеэ даах олон хөтөлбөр хэрэгжүүлжээ. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сангийн ажлаар минь орон нутгийнхан намайг андахгүй. Нотариатын тухай хуульд өөр ажил эрхлэхийг хориглоно гэсэн заалт орсон тул 2011 оноос сангаа дүүдээ шилжүүлсэн. Одоо сангийнхаа хүндэт ерөнхийлөгч. Манай тэргүүлэгчид үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлээд олон ажил хийж байгаа. Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ мэтээр эмэгтэйчүүдийнхээ төлөө тасралтгүй ажиллалаа. 1992 онд Германы Социал демократ намын эмэгтэй гишүүдийг урьж Монголд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр чуулга уулзалт Өмнөговьд зохион байгуулсан.

-Ардчилсан хувьсгалт хөдөлгөөн үр дүнгээ өгчээ, тийм үү?

-Тийм шүү, манай хөдөлгөөнд нэгдсэн олон эмэгтэй өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд ч хараат бус боллоо. Би ч үр шимийг нь хүртсэн. Ардчилсан социалист хөдөлгөөний дэд дарга А.Ганбаатар Польшийн “Солидарность” хөдөлгөөний  тэргүүн Лех Валенсатай холбоо тогтоосон юм. Улмаар намынхаа боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Варшавын их сургуульд 10 хүн суралцуулахаар явуулсны нэг нь би. Варшавт Захиргаа, хуулийн чиглэлээр 3.5 жил суралцаж, төгссөн. Лех Валенса хожим нь Польшийн Ерөнхийлөгч болсон. Ирээд нэр дэвшигч П.Очирбатын сонгуульд ажиллалаа. Ингээд анхны ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон доо, бид. Дараа нь би Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн референтээр ажилласан.  

-Таны удирдсан ТББ-ууд дандаа амжилттай ажиллаж иржээ.

-Монгол Улсад иргэний нийгмийн төлөө хувь нэмрээ оруулсан олон ТББ байгуулсан. Заримыг нь дээр яриандаа дурдлаа. “Гал голомт үндэсний хөдөлгөөн”, “Зориг” санг үүсгэн, байгуулалцсан. Одоо эдгээр байгууллагынхаа удирдах зөвлөлд байна.

-Та бас сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулж байсан шүү дээ.

-1992 онд Варшавын их сургуульд суралцаж байхдаа сонгуульд нэр дэвшсэн. Эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө их зүйл хийдэг хэмээн манай нам надад итгэл үзүүлсэн. Говийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах хэрэгтэй гэсэн. Өмнөговь аймагт анх удаа нэр дэвшив. Варшавын онгоцноос Монголд буугаад л маргааш нь Өмнөговь руу явсан. Манай нам шинэхэн. Намын нэр нь гадаад байлаа. Хөдөөгийнхөн “Нөгөө Данхраат намын хүүхэн ирлээ” гэлцэнэ. Ингээд УИХ-ын сонгуульд анх удаа оролцож, боломжийн санал авсан. 1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байсан Ц.Баярсайхан, бид хоёр дахин нэр дэвшиж, сонгогдож байлаа. Парламентад ажиллахдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хоёронтоо сонгогдсон. Надаас өмнө, хойш ч эмэгтэй хүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгож байсангүй. Миний үед эрх зүйн шинэчлэл хийхийн төлөө цаг наргүй ажилласан. Одоо болтол хүчин төгөлдөр байгаа эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг би удирдан, батлуулж байлаа. Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг улам гүнзгийрүүлж, шинэчлэлт, өөрчлөлт хийхэд хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ мэт олон арван хууль батлуулж, санаачилж, батлах эх суурийг тавилаа. Парламентад байхдаа их л сэтгэл гаргаж, цаг наргүй зүтгэсэн. 1993-2000 онд Социал демократ намын улс төрийн зөвлөлийн гишүүн байлаа. Ингээд манай нам бусад намтай нэгдэн Ардчилсан нам байгуулсан. Одоо энэ намын дэргэдэх Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна.

-Багш байсан тухайгаа ярихгүй юу?

-Монголын төрд 40 жил зүтгэлээ. 25 жилд нь багшилжээ. Монгол Улсад  хуульч мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсныг минь төр үнэлсэн.  Хууль цаазын дунд сургуульд 12, “Түшээ”, “Шихихутуг” дээд сургуульд 13 жил ажиллажээ.  Өөрийн мэдсэн сурсан бүхнээ залуу үеийн хуульчдад хэлж өгдөг. Тэднээрээ бахархдаг.

-Харамсалтай нь, зарим хуульч ёс зүйгүй болжээ. Энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Хуулийн, тэр дундаа, нотариатын салбарт 2001 оноос хойш 18 жил зүтгэлээ. Энэ хугацаанд 2009-2013 онд Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажилласан. Нотариатын танхимын эрх зүйн орчныг бүрэн шинэчиллээ. Дотоод эрх зүйн орчныг өөрчилж, тус байгууллагыг Олон улсын нотариатын холбоонд элсүүлсэн. Хууль, тэр дундаа нотариатын байгууллагын хувьд шавартай хутгалдлаа гэх юм. Уг нь нотариатч маш хариуцлагатай ажил. Нотариатч шүүхтэй адилхан соёмботой тамга дарж, хүний эрхийг баталгаажуулдаг хариуцлагатай алба. Өөрөөр хэлбэл, хүний болон байгууллагын өмчийн эрхийг одоо хэний мэдлийнх вэ гэдгийг тогтооход бүрэн баталгаа болдог. Манай танхим алдаа дутагдал гаргасан нотариатчдад хариуцлага тооцож, заримынх нь эрхийг хүчингүй болгосоор ирсэн. Эрхийг нь  түдгэлзүүлсэн бол тодорхой хугацаагаар сургалтад хамруулдаг. Сахилгын арга хэмжээ авч, торгож, сануулж, донгодно. Уулын мод урттай, богинотой гэдэг. Олны дотор ганц нэг алдаа гаргах нь бий.

-Нотариатын байгууллага хэрхэн шинэчлэгдэж байна вэ?

-Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд дан нотариатчид  байсан бол өдгөө Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүхээс  төлөөлөл орж сахилгын асуудлыг шийддэг болсон.   Нотариатч  төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг. Ний нуугүй хэлэхэд, нотариатч алдаа гаргах нь бий. Энэ нь өргөсөн тангараг, ёс зүйгээ умартаж, танил талынхаа гуйлгаар хувийн эрх ашигтайгаа хутгаж байна гэсэн үг. Нөгөө талаасаа сонор сэрэмжгүй, анхаарал болгоомжгүй байна. Нүдээр харж чадахгүй зүйлийг нотлох баримт үндэслээд итгэл үнэмшлээрээ хийж буй хэрэг. Одоо хөгжилтэй орны жишгээр цахим нотариатыг хөгжүүлэхээр ажиллаж, үр дүнд хүрсэн. Энэ бол дэвшил. Ихэр хүн ирэхэд иргэний үнэмлэхийг нь харж байгаад баталгаажуулж өгдөг байсан. Одоо хурууны хээгээр нь өмчийн эзэн нь нотариатын газарт ирсэн хүн мөн, бишийг гэдгийг төрийн үйлчилгээний Хур системээс үздэг. Би нотариатчдын ирээдүйг өөдрөгөөр хардаг.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (43)