Ч.МӨНХ-ЭРДЭНЭ: Хөгжмийн урлагт өрнө, дорнын хөг аяс тун зохистой хорших юм

Гавьяат жүжигчин, Консерваторын багш, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ХБНГУ-ын Мюнхен хотын Консерваторын Ардын хөгжмийн тэнхимд хэд хоног ажиллаад иржээ. Түүнтэй цөөн хором ярилцаж, ямар сэтгэгдэлтэй ирснийг нь сонирхлоо.

-Тус сургуулийнхан харп буюу босоо ятга, герман үндэсний, боярнууд ихэвчлэн тоглодог цита хэмээх хөгжмийн зэмсгээр суралцдаг оюутнууддаа монгол ятга тоглодог хөгжимчин, багшаар хичээл заалгажээ. Тэд юу эрэлхийлсэн бол. Арга барил уу?

-Ятгачдаас би, морин хуурчдаас Морин хуурын чуулгын хөгжимчин, удирдаач Н.Жигжиддорж, хөөмийчдөөс тус чуулгын уран бүтээлч Н.Ашид явсан юм. Эхний өдөр гурвуул хамт хичээл заасан бол маргаашаас нь тус тусдаа ажилласан. Нэг өдрийн хичээлийн хөтөлбөрөөс сонирхуулбал багштай нь хамтарч импровизац буюу газар дээр нь найруулж тоглосны дараа босоо ятга, цита, монгол ятгын гурвал зохиол тоглосон. Б.Наранбаатар багшийн ятгын гурвалыг зэмсгүүдэд ноотоор нь хуваарилж, тоглуулсан юм. Маш гоё, өвөрмөц сонсогдож байлаа. Тоглох явцад багш нар бидний арга барилд анхаарал хандуулж байгааг ажигласан. Гүнзгий чичиргээг ямар үед хийж байна, хаана нь цохилттой чичиргээ орж ирэв, амьсгаагаа ямар үед хэр зэрэг авдаг зэргийг нарийн анзаарч байсан.

-Арга барилын онцлог, туршлага тань тэнд суралцаж буй герман болон гадаадын оюутнуудад эрдэм болох нь ээ.

-Энэ хичээл бол манай сургууль болон Мюнхений Консерваторын хамтын ажиллагааны эхэн үеийн нэгэн алхам юм. Хоёр талын мэргэжилтнүүд цаашид олон ажилд хамтрах байх. Манай зүгээс тус сургуультай жааз хөгжмийн чиглэлд нэлээд хэдэн жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. Харилцаа үргэлжилсээр. Тэр сургуульд манай улсаас таван оюутан жааз хөгжмөөр суралцаж байна. Оюутнууд маш сайн сурдаг, сургуульдаа нэр хүндтэй юм байна. Тэдний тайлан тоглолтын үеэр Монголоос багш нар урьсан хэрэг л дээ. Багш, оюутнууд хамтарсан тоглолт хийсэн. Таван оюутны нэг нь ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатарын охин Э.Шүтээн жааз хөгжмийн онол, хөгжмийн зохиомжийн ангид суралцдаг юм билээ. Маш гоё бүтээлүүд төрүүлжээ. Хамтарч тоглоход хүнд ч шинэлэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй хөгжмийн бүтээлүүд байна. Морин хуурч, хөөмийч хоёрын заасан хичээлийг тус сургуулийн дуулаачийн ангийн оюутнууд, мөн хөгжим судлаачид сонирхсон. Хуурч Н.Жигжиддоржийнхоо ур чадварыг биширлээ. Хийлчтэй хамт суугаад л, шууд импровизац хийсэн нь ямар сонсголонтой байна вэ. Ерөөсөө л төрчихсөн хөгжимчин гэж бодож, бахархсан. Бодоод байх нь ээ, хөгжмийн урлагт өрнө, дорнын хөг аяс тун зохистойгоор хоршдог, маш сайхан эгшиглэн үүсдэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)