Ч.МЭРГЭН: Хямралыг хэрхэн даван туулах талаар олон захирал санал бодлоо хуваалцана

Дэлхийн болон Монголын шилдэг бизнесмен, хөрөнгө оруулагч, илтгэгчдийг оролцуулсан “Beyond COVID-19:Vir¬tual Growth summit” цахим чуулганыг манай улсад анх удаа энэ сарын 19-22-нд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан “Growth Summit Global”-ын үүсгэн байгуулагч, “Тогтох трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн жил өсөлтийн менежмент сэдвээр олон улсын бизнес чуулганыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа “Beyond COVID-19” цахим чуулган зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй юм байна. Чуулганы зорилго, ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэний улмаас хүн төрөлхтөн урьд өмнөхөөс нэлээд өөр амьдралын хэвшил, бизнесийн орчинд аж төрөх шаардлага үүсэх нь гэвэл буруудахгүй. Ялангуяа ажлын байр, ажиллах хүчин, ажил үүргийн хуваарилалт, зохион байгуулалтад шинэ загвар гарч ирлээ. Өдгөө олон улсад үүсээд буй хамгийн том эрсдэл бол ажилгүйдэл, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон албан бус секторын үйл ажиллагааны доголдол, дампуурал юм. Хөл хорионы улмаас Монголд гэхэд 46 000 гаруй хүн ажилгүй болжээ. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Эдийн засгийн ийм хүндрэл, ажилгүйдэл, улмаар ядуурлын уршгийг даван туулахад хэр хугацаа зарцуулах нь тодорхойгүй. Ер нь хүн төрөлхтөн коронавирусийн тархалтын өмнө болон дараа гэсэн хоёр үед хуваагдах хандлагатайг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл ийм үед жижиг, дунд бизнес эрхлэгчид, том компаниудад юу тохиолдож байна, цаашид юу болох бол, ямар эрсдэл болон давуу тал үүсэх тухай цахимаар, олон улсын түвшинд чуулж, мэдээлэл солилцох боломжийг бид бүрдүүлэхийг зорьж байна. Дэлхий дахинд нөлөө бүхий том групп, корпорацын эзэд, захирлууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн зөвлөхүүд, ажил олгогчид энэ үед юу харж, дүгнэж, төлөвлөж байгааг хуваалцана гэсэн үг.

-Чуулганы үйл ажиллагааг ямар зарчмаар зохион байгуулах вэ?

-Чуулган дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өдөрт гурав, гурван цагаар тодорхой сэдвийн хүрээнд илтгэл тавина. Эхний өдөр нь цар тахлын үед Хойд, Дунд болон Өмнөд Америк, Европ, Дорнод Африк, Өмнөд, Хойд Ази, Австрали тивийн бизнесийн орчны талаар буюу бүс нутгийн төлөөллүүдийг хамруулна. Хоёр дахь өдөр нь хямралыг даван туулах болон шинэ ертөнцөд бэлэн байхад хэрэгтэй мэдлэгийг түгээнэ. Гурав дахь өдөр нь цахим шилжилт хийхээс өөр сонголтгүй болсон энэ үед ийм шилжилтийг бизнестээ хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаарх асуудлыг хөндөнө. Дэлхийн хэмжээний асар өргөн мэдлэг, мэдээлэл, ойлголт авсны дараа буюу сүүлийн өдөр нь Монголд яг юу болж байна, ямар боломж бий болов, бизнесийн орчны талаарх салбар бүрийн манлайлагч, байгууллагын захирлууд үзэл бодлоо хуваалцана. Мөн эдгээр дөрвөн өдөр тус бүр хэлэлцүүлгүүд өрнүүлнэ.

-Гадаад илтгэгчдийг ямар шалгуураар урьсан бэ?

-Асар их мэдлэг, туршлагатай, дэлхийн хэмжээний удирдлага, захирлуудыг сонгосон. Чуулганд оролцсон хүн бүрт энэ хүнд үеийг даван туулах, бизнесээ авч үлдэх, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санаа, зөвлөгөө өгч, бодитоор нөлөөлж чадахуйц хүмүүсийг урьсан гэхэд болно. Зарим удирдагч, манлайлагчийн илтгэлийг “Youtube” болон бусад платформоос хайгаад олохгүй тул цаг хугацаа, орон зайг хэмнэн, энэ удаа цахимаар уулзах нь илүү боломж олгож байгаа хэрэг. Илтгэгчдийн танилцуулга, чуулганы хөтөлбөрийн талаарх мэдээллийг манай пэйж хуудаснаас харж болно.

-Бэлтгэл ажлын явцад тулгарч буй бэрхшээл бий юү. Манай улсад ийм том хэмжээний цахим үйл ажиллагаа зохион байгуулах технологийн орчин ямар бол, сайжруулах зүйл олон байна уу?

-Хамгийн анхны цахим чуулган учраас техник, технологийн хувьд хүндрэл тулгарч байна. Гэхдээ манай байгууллагын ажилчид гэхэд өнгөрсөн жилээс хойш өдөр тутам маш олон цахим уулзалт, хурал, илтгэлийг зохион байгуулж, туршлага хуримтлуулсаар байсан тул бэрхшээлээ тодруулж, даван туулж явна. Техник, технологи, цахим хөгжүүлэлтийн чиглэлийн цөөнгүй компанитай хамтран ажиллаж байгаа. Чуулганаа амжилттай зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

-Чуулганд өөрийн биеэр, эсвэл цахимаар оролцохын давуу болон сул тал юу вэ?

-1000 гаруй хүн цугласан арга хэмжээнд биеэр оролцоход өөрт шаардлагатай илтгэл, танилцуулгыг олж сонсохгүй өнгөрүүлэх, олон дунд “төөрөх” магадлал үүсэж болох юм. Тэгвэл цахимаар оролцох компаниуд, хувь хүмүүс өөрсдийн профайлыг үүсгэн, төгссөн сургууль, эрхэлдэг ажил, сонирхлын талаарх мэдээллээ тэнд байршуулна. Хайх талбарт нэр болон ажлын газрыг нь бичих тул бие биенээ олж, чат “өрөө”-нүүдийн тусламжтайгаар холбогдон, мэдээллээ солилцох боломжтой. Түүнчлэн цахим үзэсгэлэн зохион байгуулна. Энгийн үзэс-гэлэн дэлгэхэд ажиллах хүмүүсийн цалин, танхим тохижуулахаас эхлээд танилцуулга материалын зардал гэх мэт их, бага хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Мөн танай брошюрыг хэдэн хүн үзсэн, хэд нь эргэж холбогдсон, хэнтэй холбоо тогтоох талаарх мэдээлэл бага үлддэг. Тэгвэл цахим үзэсгэлэнг аль салбарынхан, ямар компани, хувь хүн үзсэн, хандсаныг датагаас нь төвөггүй мэдэж болох тул харилцаа холбоогоо илүү өргөжүүлэх боломжтой. Магадгүй үзэсгэлэнд оролцсон үр дүнгээ анх удаа бодитоор хэмжиж болох юм.

-Хэр олон хүн оролцох хандлагатай байна, оролцогчдын тоо хязгаарлах уу?

-Гадаадаас болон Монголоос оролцож буй илтгэгч, хэлэлцүүлгүүдийн модератор 30 орчим хүн байх юм. Илтгэгчидтэй чат өрөөгөөр дамжуулан холбогдож зөвлөгөө авах боломжтой. Оролцогчдын хувьд Монголоос багадаа 1000, гадаадаас 2000 хүртэлх захирал оролцуулахаар зорьж байна.

-Илтгэлүүдийг монгол, англи хэлээр тавина гэж ойлгосон зөв үү?

-Тийм ээ. Англи хэлээр тавих илтгэлүүдийг монгол руу шууд орчуулж хүргэнэ. Мөн монголыг англи руу хөрвүүлэх юм.

-Цар тахлын үед болон дараа нь бизнесийн загвар хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна. Хямралын үеийн менежмент гэж товчхондоо юу вэ?

-Хямралын үеийн менежмент гэдгийг компаниуд зардлаа танах, “амьд үлдэх” гэсэн шууд утгаар ойлгох хэрэггүй. Харин ч тахлын дараах шинэ ертөнцөд өөрийгөө болон бизнес, баг, хамт олноо бэлтгэх, хөгжүүлэхэд анхаарч, боломж бүрийг эрэлхийлэх учиртай. Ер нь дэлхий ертөнц хөгжлийн ийм өндөр түвшинд хүрсэн атлаа одоо үе шиг хүндрэл, тооцоолоогүй нөхцөлд хүрч байгаагүй. Нөгөөтээгүүр, энэ үйл явцаас давуу тал бий болж болох юм. Хэрэв давуу талтай бол тэр нь хэнд ашгаа өгч, ямар байдлаар илрэх бол гэх мэт олон асуулт байна. Үүнийг дотоод, гадаад гэлтгүй бизнес эрхлэгчид, эдийн засагчид, шинжээчид, хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд ярилцан, байр сууриа илэрхийлж, мэдээллээ солилцох юм. Энэ талбарыг нь “Beyond COVID-19” цахим чуулган бүрдүүлнэ.

-Чуулганд ямар төлбөр төлж оролцох вэ?

-Өнгөрсөн жилийн чуулганд оролцсон хүмүүс 100 орчим ам.доллар төлж байсан. Харин энэ удаа 200 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Хамт олон, багаараа оролцогчдод хөнгөлөлт үзүүлнэ. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан зарим илтгэлээ үнэгүй хүргэхийг зорьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)