Ч.ГАНХУЯГ: ЦАР ТАХЛЫН ҮЕД БИЗНЕСИЙГ ЯАЖ ЯВУУЛАХ ЁСТОЙГ АРД ХАМГИЙН ТОД ХАРУУЛЖ БАЙГАА

Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд болох Ард Кредит, Ард Даатгалын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 27, 29, 5-р сарын 1-нд цахимаар амжилттай хийлээ. Ард Кредит 1.1 тэрбум, Ард Даатгал 850 сая, Ард Санхүүгийн Нэгдэл 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Хамгийн сүүлд буюу 5-р сарын 1-нд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийсэн Ард Санхүүгийн Нэгдлийн хуралд Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Унгарын Будапешт хотоос оролцсон бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл компанийн ТУЗ-ийн дарга, П.Батбаяр хурлыг даргалав. Тус хуралд нийт 356 хувьцаа эзэмшигч буюу нийт хувьцааны 67.7 хувь нь оролцож, 98.4 хувийн саналаар Ард Санхүүгийн Нэгдлийн 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайланг баталлаа.Хурлын дараа Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, ТУЗ-ийн дарга, П.Батбаяр, Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоо нартай ярилцлаа.

Ч.ГАНХУЯГ: АРДЫН БҮХ ХУВЬЦАА ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОЛЖ ЧАДСАН

-Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дүгнэж хэлэхгүй юү? 

-Коронавирусийн тархалтын үед олон зүйл өөрчлөгдөж байна. Цар тахлын дараа ч бидний амьдралын хэв маяг, нийгмийн харилцаанд их өөрчлөлт гарна. Бизнес явуулдаг арга хэлбэр өөрчлөгдөх нь. Энэ удаагийн хурал ч үүний нэг илрэл боллоо. Жишээ нь, би Унгараас бизнесээ удирдаж, цалингаа аваад, ногдол ашгаа авчихлаа. Гар утсаараа хөрөнгийн биржийн арилжаанд орж, Ард Шопоор бараагаа аваад, үйлчлүүлээд байна шүү дээ. Бидний хувьд бахархалтайгаар хэлэхэд, манай залуус энэ өөрчлөлтөд асар хурдан дасан зохицож байна. Бизнесийг яаж явуулах ёстойг хамгийн тод томруунаар харуулж чадлаа. 8,000 орчим хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг дээдэлж, хууль, зохицуулалтад үйл ажиллагаагаа нийцүүлэн хамгийн ил тод, мэдээллээ нээлттэй тавьж хуралдлаа.

Нөгөө талаас манай хувьцаа эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн ажлын зааг ялгаа, харилцан тайлагнах эрх, үүрэг, эрэмбэ дарааг энэ хуралдаанаар харууллаа. Мөн хувьцаа эзэмшигчид цахимаар анх удаа хуралдаа орж, саналаа өгснийг нь хөндлөнгийн байгууллага баталгаажууллаа. Хувьцаатай компаниудын хувьд технологийг манайх шиг, ийм түвшинд ашигласан нь үгүй л болов уу. Үйл ажиллагааны хувьд ч Ард Аппаар үнэт цаасныхаа дансыг нээж, арилжаанд оролцож, ногдол ашгаа авах, Ард Шопоор мөнгөө шилжүүлэх, худалдан авалт хийх, Монгол Шуудангаар захиалгаа хүргүүлэх, машинаа гэрээсээ Ард Даатгалд даатгуулах Ард Койноо тооцоондоо оруулж ашиглах бүрэн боломж бүрдсэн. Эдгээрийг бид гурван жилийн өмнө хийж эхэлсэн. Харин одоо энэ нь бидний хувьд өрсөлдөх давуу тал болон гарч ирлээ. Цахим шилжилт гэж яриад байсан атлаа төр, засаг маань ч түүнд бэлэн байсан уу гэдгийг бодох л асуудал. Энэ ажлыг хувийн компаниуд манлайлж хийсэн учраас дараагийн шатанд төрийн үйлчилгээний байгууллага зайлшгүй үйлчилгээгээ цахимжуулах ёстой. 

-Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд амжилттай, сайн ажилласан талаарх мэдээллийг энэ хэдэн хоногт бид сонсож, мэдээллээ. Харин та бүхний хувьд бэрхшээл, хүндрэлтэй асуудал юу байв?

-Би бол мэргэжлийн менежер. Тиймээс аливаа асуудал бүрд шийдэл олохыг л зорьдог. Гэхдээ хямдхан, хялбар олдсон амжилт гэж үгүй шүү дээ. Компаниа МХБ-д бүртгүүлэх гэж хэдэн жил зарцууллаа. Тэр их бичиг цаас бүрдүүлж, олон шат дамжлагаар зөвшөөрүүлэх гээд бэрхшээл бүрийн өмнө сөгдөөд, нугараад явсан бол өнөөдөр ийм хурал хийгээд сууж байх уу. Гагцхүү хүндрэл, бэрхшээлийг боломж гэж харж байгаа юм. Энэ хурлыг Унгараас удирдаж, эндээс явж чадахгүй байгаа нь надад нэг талаар боломж болж байна. Хүндрэл, бэрхшээл байсан учраас Б.Гантулга захиралд Ард Лайф компаниа даатгасан байх жишээтэй. АрдАпп-ыг нэвтрүүлэхийн тулд гурван тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн Холдинг компанийн хэмжээнд үйл ажиллагааны зардал маань 4.5 тэрбум төгрөг, Ард Даатгалынх 6.5 тэрбум төгрөг, Ард Кредитынх 4 тэрбум төгрөг байсан. Гэхдээ эдгээр зардлыг санхүүжүүлээд зогсохгүй цаашлаад Ард Санхүүгийн Нэгдэл 3.4 тэрбум төгрөг, Ард Кредит 2.2 тэрбум төгрөг, Ард Даатгал 1.8 тэрбум төгрөгийн ашиг олоход хүнд байсан уу гэвэл тийм. Бахархалтай нэг зүйл нь бидний бүх хувьцаа хөрөнгийн бирж дээр хамгийн эрэлттэй болж чадсан. Энэ бол надад, бидэнд итгэж буй хэрэг.

П.БАТБАЯР: БИД “САВАА” БЭЛДСЭН “СААЛИА” Л ХҮЛЭЭЖ БАЙНА 

-Хурлын үйл явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл өгнө үү. Мөн энэ жил хийхээр төлөвлөж буй ажлаасаа танилцуулахгүй юу?

-Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд 2019 он маш амжилттай жил байлаа. Өнгөрсөн оны 3-р сард Ард Кредит маань МХБ-д нээлттэй хувьцаат компани болсон. Татан төвлөрүүлсэн хөрөнгө болон санхүүгийн дүгнэлтийг нь харахад амжилттай ажилласан байна. Мөн 8-р сард нь Ард Санхүүгийн Нэгдэл, Жинст Увс компанитай урвуу нэгдэл хийх хэлбэрээр нээлттэй компани болсон. Түүнчлэн ТУЗ-ийн зүгээс 2020-2022 онд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын барих дунд хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг баталсан. Бүс нутаг болон олон улсын зах зээлд гарах, цахим шилжилт хийх, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдгийн хувьд цар хүрээгээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 2019 онд төлөвлөсөн ажлуудаас бүс нутагт буюу Төв Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилго маань бага зэрэг хойшилсон. Мэдээж дэлхий даяараа коронавирусийн улмаас багагүй сорилттой тулгарч байгаа. Тиймээс бид эрсдэлийн удирдлагаа сайжруулж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын баг хамтын ажиллагаагаа улам нягт болгож байгаа. Энэ оны хувьд тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор хийх ажил нэлээд бий. 2019 онд Ард Лайф компанийг 15 тэрбум төгрөгөөр дахин хөрөнгөжүүлэх шийдвэр гаргасан. УИХ ч холбогдох хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр төсөл боловсруулж буй. УИХ хуулиа баталж, хувийн тэтгэврийн сан ажиллах хуулийн орчныг нь бүрдүүлчихвэл Ард Лайф маань энэ чиглэлийн тэргүүлэх компани болно. Бидний хувьд хэдийн “саваа” бэлдсэн. Одоо “саалиа” л хүлээж байна гэж хэлж болно. 

-Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах чи глэлд юу хийж байна вэ?

-Бүх хувьцаа эзэмшигч маань бидний хувьд чухал. Бидэнд буюу ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад байнга санал бодлоо ирүүлж байдагт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа. Манайх бусад нээлттэй компаниас илүү ил тод, нээлттэй ажилладаг гэж хэлж болно. Мэдээлэл хүргэх бүхий л суваг, тэр дундаа цахим орчинд харилцагч, хувьцаа эзэмшигчдийнхээ дуу хоолойг сонсож, шаардлагатай арга хэмжээ авч ирсэн. Цаашид ч ингэж ажиллана. 

Ард Санхүүгийн нэгдэл компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.ЗОЛБОО: 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА 

-Компанийн санхүүгийн гол мэдээлэл, үзүүлэлт өнгөрсөн онд ямар байсан бэ?

Өнгөрсөн оны сан хүү-гийн гол үзүүлэлтээс дурдвал, манай урт хугацаат нийт хөрөнгө оруулалт 43.8 тэрбум төгрөгөөс 56 хувиар өсөж, 68.2 тэрбумд хүрсэн байна. Энэ нь Ард Кредитын IPO, Ард Лайфын хөрөнгө оруулалтыг нэмсэнтэй холбоотой. Ингэснээр нийт хөрөнгийн хэмжээ 60.4 тэрбум төгрөгөөс 78.4 тэрбум болж 29 хувиар өссөн. Нийт эздийн өмч буюу цэвэр хөрөнгө маань 50.5-аас 56.6 тэрбум төгрөг болж, 12 хувиар өслөө. Орлого, үр дүнгийн хувьд түүхэн дээд амжилт буюу нийт үйл ажиллагааны цэвэр ашиг 3.4 тэрбумд хүрлээ. Энэ нь 2018 оныхтой харьцуулбал 410 хувиар их буюу гурван тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийт орлого 11.7, зардал 7.3 тэрбум төгрөгтэй ажилласнаар татварын өмнөх орлого 4.4 тэрбум төгрөг, татварын зардал нэг тэрбумд хүрсэн юм. Хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлтөөс шалтгаалж, цэвэр ашгаас гадна дахин үнэлгээний олз хоёр тэрбум төгрөг байлаа. Ингэснээр нийт ашгийн хэмжээ 5.4 тэрбум төгрөгтэй гарлаа

-2020 онд санхүүгийн ямар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна вэ?-Бид цар тахлаас өмнө бүх төлөвлөгөөгөө гаргасан байсан. Гол зорилт нь Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд өр, төлбөр нэмэхгүй, байгаа хэмжээгээ бууруулах, өртгийг нь бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд нээлттэй бонд гаргахаар ажиллаж байна. Нийт 12 тэрбум төгрөгийн бондыг гурван хэсэгт хуваан гаргана. Охин компаниудын үйл ажиллагааг сайжруулахын тулд шаардлагатай бол төсвийг нь тодотгон стратеги, бодлогодоо дор бүр нь өөрчлөлт оруулан ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь AАRD тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)