Ч.Ганбаяр: Зам засварын ажил долдугаар сарын сүүлээр дуусна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замд эвдрэл үүссэн билээ. ЗТХ-ийн сайдын шийдвэрээр Лүнгийн замыг хоёр өдөр хааж, баруун аймгууд руу зорчих түр зам гаргаад буй. Энэ талаар бид ЗТХЯ-ны Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяраас тодрууллаа. 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас Лүнгийн зам урсчихлаа. Чанаргүй хучилт хийснээс болов уу?

-Лүнгийн замд сүүлийн 100 жилд тохиолдоогүй үер буулаа. Өөрөөр хэлбэл, байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Анх энэ замыг төлөвлөж хийхэд цаг агаарын нөхцөл байдал одоогийнх шиг байгаагүй. Мэдээж хур тунадасыг тооцож төлөвлөдөг. Тэр тооцооноос давсан. Далан нь усаар дүүрсний улмаас зам сэтэрсэн юм. Тэрнээс хучилтын зузаанаас болж сэтэрсэн зүйл байхгүй.

-Одоо засаж, хэвийн байдалд оруулахад юун дээр анхаарах ёстой байна вэ?

-Бид одоогоор газар дээр нь хэмжилт хийж байна. Замыг засварлахад далангийн хүчин чадлыг нэмэгдүүлээд, бетонон гадаргуутай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн ус замыг сэтэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, үерийн ус замын дээд гадаргуугаар давж гарна гэсэн үг.

-Хэдэн километр урт зайнд засвар хийхээр төлөвлөж байгаа вэ?

-200-300 метр урттай замын далан тэр чигтээ эвдэрсэн. Үүнээс гадна замын бусад хэсгээр далангийн захаар бага зэрэг эвдрэл үүссэнийг долоо хоногийн дотор засаж дуусгахаар тооцоолж байна.

-Засварын ажлыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ? Мэдээж юун түрүүнд төсөв хөрөнгөө шийдэх хэрэгтэй байх.

-Бид газар хатахыг хүлээж байна. Хэрэв газар хатчихвал засварын ажлыг яаралтай эхлүүлнэ. Мөн эвдрэлтэй замын хажуугаар нэг километрийн зайтай түр шороон зам гаргана. Дараагаар нь тооцоо судалгаагаа Засгийн газарт танилцуулаад төсвөө шийдвэрлүүлнэ. Бидний тооцооллоор долдугаар сарын сүүлээр зам ашиглалтад орно гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)