Ч.БОЛД: Хэвлэлд огт нийтэлж байгаагүй нэн ховор зургууд номд багтсан

Судлаач Ч.Болд “ХХ зууны монголчууд” номынхоо дээжийг барьсаар “Өнөөдөр” сонины редакцад ирэв. “Намайг бойжуулж, “чангалсан” хамт олонд, үе үеийн эрхлэгч нартаа үргэлж талархаж явдаг” хэмээсэн тэрбээр сүүлийн 30 жилийн хугацаанд цуглуулж, судалсан хэдэн зуун гэрэл зураг, тэдгээрийн цадиг, үүх түүхээс түүвэрлэн ийм нэгэн ном хэвлүүлжээ. Эдгээрийн 90 хувь нь “Өнөөдөр”-т 2009-2015 онд хэвлэгдэн, уншигчдын хүртээл болсноороо онцлог. Гэхдээ сонинд нийтэлсэн материал бүгд энэхүү номд багтаагүй нь санхүүгийн асуудалтай холбоотой гэсэн. Монгол Улсын түүхэнд тод мөртэй 100 орчим хүний намтар, ээдрээт амьдрал, байгуулж, бүтээсэн гавьяа зэргийг гэрэл зургаас улбаалан “ухаж төнхсөөр” судалгааны түвшинд хүргэсэн, сонирхолтой бүтээлүүд гэдгээрээ Ч.Болдын энэ ном өвөрмөц, тэр хэрээр “амттай”. “ХХ зууны монголчууд”-д танилцуулсан эрхэм хүмүүс бол тухайн нийгмийнхээ толь нь гэж онцолсон зохиогчтой ярилцлаа. Жирийн уншигчдын хувьд “Ч.Болд” нэрээр танил тэрбээр ховор гэрэл зураг цуглуулдаг, түүх сонирхон судалдаг хүмүүст “алттай авдар” л гэсэн үг. Нөгөөтээгүүр, түүнийг Монголын сод уран бүтээлчдийн нэг Д.Чимэд-Осорын хүү гэдгээр нь хүмүүс андахгүй.

-Та Монголын соёл, урлаг, намтар судлал, боловсролын салбарын тодорхой сэдвээр судалгаа хийж, “Ариун шүтээн минь”, Монгол маркийн түүх”, “Урлагийн бурхад”, “Мөнгөн тэмдэг” урлаач Ц.Минжүүр”, “Алс газарт сурахаар одогсод I, II” “Эгэл хилчнээс Элчин сайд”, “Билэгийн Дамдинсүрэн” зэрэг номдоо гайхалтай, гоё түүхүүдийг өгүүлсэн. Энэ удаагийн “ХХ зууны монголчууд” хэдэн жил “дуншсан” ямар онцлогтой ном болов?

-Би 30 гаруй жил түүхэн, ховор зураг цуглуулж байна. Сүүлийн 12 жилд цуглуулгынхаа заримыг сонинд хэвлүүлэх болсон. Аливаа зураг, цуглуулга бүхэн өөрийн гэсэн түүхтэй. Энэ утгаараа цуглуулаад л зогсчихгүй судалж, мэдэж, улам дэлгэрүүлэн танин мэдэх нь чухал. Тэгж мэдэж, сурсан зүйлээ өөртөө л үлдээх хайран учраас хүмүүстэй хуваалцах зорилгоор хэвлэлд нийтлүүлж, ном болгодог. Үүний нэг жишээ нь энэ ном. ХХ зууны монголчууд”-д 100 орчим хүний намтар, түүх, түүнийг дагалдсан хэдэн зуун зураг болон марк, баримт бичиг орсноороо онцлог. Хэвлэлд огт нийтлэгдэж байгаагүй хэд хэдэн баримт, зураг бий. Жишээ нь, “Банкны” хэмээдэг Бат-Очирын Эрхүүд сурсан, 1916 оны, Баатар цагаан хааны хүүгийнх нь зурагтай гэрчилгээг би олон жил “дарж” байгаад энэ номдоо орууллаа. Мөн торгууд гүнж Нэржидмаагийн Монгол руу явах хүсэлтээ бичсэн франц хэлээрх өргөдлийг ГХЯ-ны архиваас олсныг эндээс үзэж болно. “Өнөөдөр” сонинд 2012 онд түүний тухай материал хэвлүүлснээсээ хойш олсон юм. Түүнчлэн Д.Нацагдоржийн нэн ховор зургийг хайсаар нэг айлаас олсныг номд багтаалаа. Түүний гэргий Пагмадуламын нэг зургийг ГХЯ-ны төв архиваас илрүүлсэн байгаа. Интернэт, хэвлэл гээд хаана ч гараагүй нэн ховор зургууд учраас “хэвлэлд анх удаа” хэмээн тодотгосон байгаа. Энэ бол номын минь онцлох шигтгээ. Бас нэг гоё зүйл байгааг дурдахад, Д.Нацагдоржийн сүүлчийн хань болсон Норжмаа гэдэг эмэгтэйн зураг, түүхийг уншаарай. “Гэрэг” сэтгүүлд үүнийг хэвлэж байсан юм. Тэр хүүхний зургийг ЗХУ-д тамхины хайрцаг дээр хэвлэсэн байдаг юм. Би зургийг нь олж авах гэж дөрөв, таван жил явж байлаа.

М.Бат-Очирын гэрчилгээ. 1916 он 

Бас нэг зүйлийг тодруулан хэлэхэд, би өөрийн илрүүлсэн баримт, зургийн эх сурвалжуудаа тодорхой дурдаж, шифрийг нь тэмдэглэсэн. Хэн нэгэн үзэхийг хүсвэл эрж хайж, цаг алдахгүйгээр энэ дагуу шүүхэд л олно.

Энэ номд юу өгүүлснийг товчхон хэлэхэд, 1911-1981 он хүртэл Монгол орны түүхийг онцлох үйл явдлуудаар, жишээ нь 1911 онд Богд хаант улсаа байгуулсан, 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-аа тунхаглаж, 1932 онд эсэргүү нарын бослого болж, 1937 онд их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1939 онд Халхын голын дайнд ялаад, 1941-1945 онд “Бүхнийг фронтод” хөдөлгөөн өрнүүлэн, 1945 онд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга дээр эрхий хурууныхаа хээг дарж баталгаажуулаад, 1961 онд НҮБ-ын гишүүн болоод, 1981 онд сансарт хүнээ илгээсэн түүхийг тодорхой баримт, зургуудаар өгүүлсэн. Энэ номыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор З.Лонжид багш хянан тохинуулсанд энэ ташрамд гүнээ талархал илэрхийлье. Өөр нэг онцлог гэвэл, Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж, хөгжсөний 85 жилийн зориулсан ном юм.

-Түүхэн гэрэл зураг цуглуулж, судалгааны түвшинд хүргэх болсон нь аавын тань нөлөө юү?

-Түүхэн, ховор зураг цуглуулах анхны сэдэл нь аав минь байсан гэж болно. 1988 онд аав бурхны орныг зорьж, хувийн архив нь надад ирсэн юм. Дууны шүлэг, ном, бичиг цаас, гэрэл зураг гээд хэдэн хэсэг зүйл. Зургийн цомог дотор нь хэд хэдэн дугтуйтай гэрэл зураг байна. Усны гудамж, Махан дов, Жанрайсиг гэхчлэн Нийслэл хүрээний анхны дүр төрхийг харуулсан сонирхолтой зургууд. Нэг хэсэг нь 1930-аад оны “Бөмбөгөр ногоон” театрын түүхийг өгүүлсэн, жүжгийн хэсгүүдийн талаар болон Шороотын Цэвээн, Д.Ичинхорлоо, Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, З.Цэндээхүү гэхчлэн алтан үеийнхний зураг. Өөр нэг хэсэг нь “Монгол кино” үйлдвэрийн уран бүтээлчдийн, “Монгол хүү”, “Цогт тайж”, “Сүхбаатар” зэрэг өчнөөн киноны зургууд. Аавын уран бүтээлийг харуулсан нь ч өч төчнөөн. Миний нэг сайн чанар нь юмыг үрэн таран хийхгүй, цэвэрхэн хадгалж чаддаг. Аавынхаа цуглуулгыг муухай болгоогүй, зарж үрээгүй, устгаагүй. Тэдгээрийг хааяа гаргаж үзээд их сайхан таашаал авна. Тэгж байгаад нэг өдөр “Ганцаараа таашаал авч байхаар олон түмэнд хүргэж, үзүүлье” гэж бодлоо. Тэгээд 1995 онд “Ардын эрх”-ийн дагуул “Ням гараг” сонинд Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Д.Цэрэндулам нарын өдөн малгайтай гоё зургийг хэдэн мөр тайлбартай нийтлүүлсэн юм. Тухайн үед Э.Сонинтогос хариуцлагатай нарийн бичгийн дарга нь байсан. Үүнээс би их урам авсан. Ингэж яваад нэг хэсэг завсарлаад 2008 онд “Үнэн” сонинд 10 гаруй зургийн үүх түүхийн талаар нийтлүүллээ. Ингээд бас л завсарлаад 2009 оноос “Өнөөдөр” сонинтой холбогдон “Гэрэл зураг түүх өгүүлнэ” булан нээж, хөтлөх болов. Тэр үед би Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курст сурч, “Өнөөдөр”-ийн Гэрэл зургийн албаны сэтгүүлч Ц.Батбаатараар мэргэжлийн хичээл заалгаж байлаа. Тэрбээр санал тавьснаар энэ сайхан хамт олны нэг хэсэг болсондоо үргэлж бэлгэшээж, талархдаг.

-Таныг “Миний олсон хүн” гэж ихэд олзуурхан эрхлэгчид танилцуулсныг санаж байна.

-Ц.Батбаатар бид хоёр өдгөө сайн найз, хамтрагч болсон. Тэр үед “Намайг хээр талаас олсон юм уу” гээд бөөн инээдэм болж билээ. Эрхлэгч С.Батбаатар ч сайхан хүлээн авсан. Хамгийн эхний материалыг минь мөн л “Ням гараг” дээр нийтэлсэн. Дараа нь “Өнөөдөр”-т тогтмол булан болгосон. Тэдгээр материалын ихэнхийг энэ номдоо багтаасан.

-“Ням гараг”-т таны материалыг нэргүй гаргасан гээд би танд “загнуулж” билээ.

-Нэрийг минь бичээгүй, дээрээс нь материалаас нэлээд танаж, “бөөс түүсэн” байсан. Эхэндээ би жаахан эгдүүцсэн ч сонины их ажлын зах зухыг улам ойлгож, “бөөс түүх”-ийн зовлонг мэддэг болсон шүү дээ. Миний материалыг яаж засав, ямар үгийг хэрхэн бичсэн байна вэ гэдгийг би байнга тулгаж, харж, дараадахин алдахгүйг хичээдэг байлаа. “Сонины ажил “зовлонтой” гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй учраас энэ талаар дурслаа. “Өнөөдөр” сонин бол миний хүслийг бадрааж, дэмжиж, намайг бойжуулсан газар гэж боддог. Хэрэв цог гэж бодвол үлээж гал болгосон нь энэ редакц.

“Өнөөдөр”-өөс гадна би 2014-2016 онд “Гэрэг” сэтгүүлд “ХХ зууны монголчууд” нэртэй булан нээж, бичвэрүүдээ хэвлүүлж байлаа. Түүнчлэн түүхийн шинжлэх ухааны доктор Ч.Дашдаваа гуайтай хамтран 2014 онд “Жоу Эньлай ба Монгол орон” гэрэл зураг, архивын баримтын цомгийг анх хэвлүүлсэн.

-Сэтгүүл зүйн салбарыг сонгон Хэвлэлийн хүрээлэнд сурахад цуглуулга тань нөлөөлсөн үү?

-Би цуглуулгаа судалж, нийтлэл бичихийн тулд мэргэжлийн онолын мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үүднээс 2009 онд тус хүрээлэнд сурсан. Нөгөөтээгүүр, би үүнээс 19 жилийн өмнө хэвлэлийн салбарт хөл тавьчихсан байсан. 1990 онд “Улаанбаатар” сонин байгуулахад анхны 10 гаруй хүний нэг нь явлаа. Ерөнхий эрхлэгч маань Ү.Хүрэлбаатар байсан шүү дээ. Мөн 2003 онд анхны ном “Ариун шүтээн минь”-ээ хэвлүүлчихсэн байлаа. Л.Түдэв гуай хянан тохинуулсан ном.

-Та Архивын ерөнхий газарт ажиллаж байсан нь ийм сайхан номын зарим эх сурвалжтай “уулзах” бас нэгэн боломж байсан уу?

-2014-2016 онд эрдэм шинжилгээний гэрээт ажилтан байлаа. 2015 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө”, “Бид ялав” цомгийг Ялалтын баярын 70 жилийн ойд зориулан Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаар удирдуулсан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Хишигт болон би гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй багийнхан хийсэн. Жирийн судлаачийн хувьд энэ бол үнэхээр бахархал.

-Өч төчнөөн ном, үзэсгэлэн, цомог болж, хүмүүст өгөөжөө өгсөн сайхан цуглуулгаас тань “төрөх” дараагийн бүтээл юу байх бол. Зургуудыг тань үнэлээд авах санал ирдэг үү?

-Хүссэн үнээ хэл, худалдаж авъя гэсэн хүн цөөнгүй байдаг. Гэхдээ би зарах гэж цуглуулдаггүй. Миний зорилго бол таньж мэдэх, хүмүүст дэлгэж үзүүлэх. Одоо хэвлэлтэд бэлтгэж буй хоёр ном байна. “Дуншиж” байгаа бүтээл, санаа ч өчнөөн бий. Түүх хүүрнэх зургийн мөрөөр мөшгөх эрлийн замдаа олсон боловч бичиж, хэвлүүлээгүй, судалгаа дутуу учир түдгэлзэн хойш тавьсан, 50-100 жилийн настай ховор олон зуун зураг цаана нь үлдлээ. Тохироо бүрдвэл цагаан морин жилийн хувьсгалаас хойших монголчуудын гэрэл зургаар бас нэг ном хэвлүүлэх бодолтой.

-“ХХ зууны монголчууд”-ыг цөөхөн хувь хэвлүүлсэн юм байна. Судлаач, оюутнуудад чухал гарын авлага болсон гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Уншигчид ч түүхэн баримтад тулгуурласан ном их авдаг болсон шүү дээ. Худалдаанд гаргахгүй юм уу?

-Одоогийн байдлаар Зохиолчдын хороонд цөөхөн байгаа. Ер нь номын дэлгүүрүүдэд тавихгүй дуусах янзтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)