Ч.Батболд: 10 нас хүрээгүй хүүхдийг ганцааранг нь машиндаа үлдээхийг шинэ дүрмээр хориглосон


Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Дүрэмд ямар өөрчлөлт оруулж буй талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Батболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хэдэн удаа шинэчилсэн байдаг вэ. Энэ удаа өөрчлөх болсон шалтгаан нь юу байв?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний анхны дүрэм 1925 оны тавдугаар сарын 22-нд Ардын Засгийн газрын 18 дугаар хурлаар Аливаа гал, усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм нэртэй батлагдсанаас хойш 1930, 1936, 1940, 1950, 1957, 1960, 1966, 1985, 1991, 1996, 2004 онд гээд 11 удаа шинэчилж, 1976, 1987, 1993, 1998, 2003 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, автотээврийн салбарын хөгжил, замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэл, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож ирсэн түүхтэй.

Өнөөдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газрын 2004 оны дөрөвдүгээр сарын 5-ны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Үүнийг өөрчлөн сайжруулах хэд хэдэн шаардлага бий болсон. Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцод орсон нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зохих шинэчлэл хийх шаардлага тулгарсан.

Мөн УИХ 2015 оны долдугаар сарын 8-нд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, тухайн оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж байна. Уг хуульд нийцүүлэх хэрэгтэй болсон. Бас Стандартчиллын үндэсний зөвлөлөөс хэд хэдэн шинэ стандарт баталж, мөрдөж байгаа. Үүнд орсон өөрчлөлтийг Замын хөдөлгөөний дүрэмд тусгах шаардлагатай.

Түгжрэлийг сааруулах, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автомашинаас үүдсэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой заалтуудыг Замын хөдөлгөөний дүрэмд тусгаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц эрх зүйн зохицуулалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсон зэрэг олон шалтгаан бий.

Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргийг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах, зам, тээврийн хэрэг, зөрчлүүдийг шийдвэрлэхэд тодорхой үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг 27 бүлэг, 224 зүйл, дөрвөн хавсралттайгаар боловсруулан, Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард баталсан.

-Өмнөхөөсөө хэд хэдэн бүлэг нэмэгджээ. Чухам ямар бүлгүүдийг нэмсэн бэ?

-Одоо мөрдөж буй дүрэм 23 зүйл, 165 бүлэг, гурван хавсралттай. Шинэчилсэн дүрмийн хоёрдугаар бүлэгт “Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал”, дөрөвдүгээр бүлэгт “Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн”, долоод “Замын тэмдэг ба тэмдэглэл”, 27 дугаарт “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг” гэсэн бүлэг шинээр нэмсэн.

Мөн зарим бүлгийн доторх агуулгад бүтцийн өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, өдгөө мөрдөж буй дүрмийн зургадугаар бүлэг буюу “Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх” тухай гурван зүйл бүхий бүлгийг дүрмийн “Анхааруулах дохио ба таних тэмдэг” гэсэн нэртэй 17 зүйл бүхий бүлэг болгон өөрчилж, чиг заах ба тоормослох, гэрэл шилжүүлэх дохио, ойрын гэрэл, тээврийн хэрэгслийн таних тэмдэг зэрэг анхааруулах хэрэгсэлтэй холбоотой заалтуудыг дүрмийн холбогдох бүлгүүдээс шилжүүлэн тусгасан.

-Зам, тээврийн ослыг бууруулахад шинэ дүрэм хэр нөлөөлнө гэж тооцсон бэ?

-Дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүд үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Жолоочийн анхаарал, болгоомжгүй байдлаас шалтгаалсан зам, тээврийн осол сүүлийн үед нэмэгдлээ. Үүнийг харгалзан тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолооч нь бусад жолоочоос давуу эрхтэй байх боловч анхаарал, болгоомжоо сулруулахгүй байх үүднээс бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг бүрэн мэдсэний үндсэн дээр давуу эрх эдлэх заалт дүрэмд оруулсан.

Харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч хэдийгээр тухайн зам дээрх хурдны зөвшөөрсөн дээд хэмжээг хэтрүүлээгүй ч тээврийн хэрэгслийнхээ хол, ойрын гэрлийн гэрэлтүүлэх хүрээ, замын гэрэлтүүлгийн байдал зэргээс хамааруулан хурдаа тохируулж яваагүйгээс осол гардаг. Үүнийг таслан зогсоох зорилгоор харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг жолоочид үүрэг болгосон.

Мөн өдрийн цагаар мотоцикл, мопед жолоодож яваа үедээ ойрын гэрлээ асааж явах тухай заалт тусгалаа. Мотоцикл, чиргүүлтэй автомашинаар суурин газрын гадна 60 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглосон бөгөөд энэ нь хөдөө, орон нутгийн замд ихээр гарч буй мотоциклын ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж тооцсон.

Хөдөө орон нутагт, харанхуй үед малчид мал сүргээ зам дагуу буюу хөндлөн тууж гаргахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, осол гаргах нь бий. Тиймээс “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд замын дагуу мал тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэсэн заалт нэмж тусгасан.

-Хүүхдүүд зам, тээврийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал төдийлөн буурахгүй байна. Үүнийг бууруулахад нөлөөлөх ямар заалт шинэ дүрэмд тусгасан бол?

-Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалахад чиглэсэн олон нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох замын хэсэгт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Сургууль орчмын бүс” зохицуулалтыг стандартын дагуу төсөлд тусгасан. Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцох хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн тоо 30-аас олон бол жагсаалын зөвхөн урд, ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явах тухай нэмэлт оруулаад байна.

Сургуулийн автобусаар хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэж байгаа шүү дээ. Энэ үед тэдний аюулгүй байдлыг нь хангах үүднээс дүрэмд оруулсан хэд, хэдэн нэмэлт, өөрчлөлт бий. Жишээ нь, хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглаж байхаар тусгаад байгаа.

Мөн байнгын гэрээний дагуу сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус нь 2014 онд баталсан стандартын шаардлагыг хангасан байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тэр үед ойртон очсон жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлэхийг дүрэмд оруулсан. “Хүүхэд” тэмдэг тавьж, анхааруулсан замын хэсэгт гүйцэх үйлдэл хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур багачууд явж байгаа, эсэхийг анхаарч мэдсэн байхыг жолоочид үүрэг болголоо.

Жолооч тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглосон. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах талаар дүрэмд тодорхой заалт тусгаад байна.

-Улаанбаатарын замын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр хэрээр жолооч нар бухимдах болсон. Хөдөлгөөний эрчмийг нэмэх чиглэлээр дүрэмд ямар өөрчлөлт оруулав?

-Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцод хамгийн сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан унадаг дугуйн хэрэглээг дэмжих үүднээс унадаг дугуй, мопедоор замын хөдөлгөөнд шуурхай, аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэ зохицуулалт тусгасан.

Түгжрэл, саатлыг бууруулах, автомашины хэрэглээг багасгахад чухал нөлөөтэй арга хэмжээний нэг бол нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай, оновчтой болгож үүнийг сонгох иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилгоор сүүлийн жилүүдэд нийтийн тээврийг тусгай эгнээгээр явуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Гэвч замын хөдөлгөөний дүрэмд энэ талаар зохицуулсан заалт тусгаагүй тул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан юм.

Үүнийг шийдвэрлэх үүднээс чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр тээврийн бусад хэрэгсэл байрлан явахыг хориглож, уг заалтыг таксинд хамаарахгүй байхаар тусгасан нь хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог бууруулах ач холбогдолтой.

Зарим жолооч гэрэл дохионы зохицуулгатай уулзварын өмнө нэмэгдэл гэрэл дохионы сум заасан чигийн дагуу эргэх захын эгнээг эзэлчихээд уг чиг рүү эргэхгүйгээр дараагийн дохио хүлээн зогсож бусдын хөдөлгөөнийг саатуулж, уулзварын эрчмийг бууруулан зохиомол нягтрал үүсгэдэг.

Зорчих хэсэг дээр эгнээний тоо, хажуугийн зайг баримтлахгүйгээр давхарлан явж хөдөлгөөн саатуулах, улмаар хоорондоо мөргөлдөж, шүргэлцэх зэргээр осол гаргадаг явдлыг таслан зогсоох үүднээс “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна” гэсэн заалт тусгалаа.

Нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудал руугаа гүйцэд орж зогсохгүй, зарим тохиолдолд давхарлан зогсдогоос шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдал алдагдан, түгжрэл үүсгэдэг. Шинэ дүрэмд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэсэн заалт оруулсан.

-Явган зорчигчид дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртдөг. Дүрэм зөрчөөд ч амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь бий. Явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн ямар заалт орсон бэ?

-Харанхуй үед зам, тээврийн осолд өртөх явдлыг бууруулах үүднээс “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн чанартай заалт нэмж тусгасан. Энэ шаардлагыг гадаадын олон улсад, ялангуяа Европын ихэнх оронд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа тусган хэрэгжүүлж байна.

Явган зорчигч “зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон. Сүүлийн үед хүүхэд, залуучууд зам хөндлөн гарч байхдаа чихэвч зүүх, гар утас мэтийн эд зүйлсэд анхаарлаа сарниулах зэргээр сэрэмж алдан осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгааг харгалзан ийм заалт дүрэмд тусгасан.

Одоогийн мөрдөж буй дүрмийн 13.1-д жолооч явган хүний гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөх үүрэгтэй байдаг бол шинэ дүрэмд зааснаар явган хүний гарцаар гарч байгаагаас гадна гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгөх үүрэг хүлээхээр тусгасан. Энэ нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй хөдөлгөөнд оролцогчид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах соёлыг төлөвшүүлэхэд үр дүнтэй заалт юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)