Ч.АЛТАНЗАГАС: Үлгэрийн баатрууд амилаад, уг үйл явдалд би өөрөө оролцож эхлэх шиг санагдсан

“Өнөөдөр” сонин уншигчдадаа “Орчуулагчийн зовлон, жаргал” нэртэй цуврал хөөрөлдөөнийг толилуулж байна. Санаачлагч нь Ардын уран зохиолч Тангадын Галсан. Сонины ахмад сэтгүүлч Т.Галсан гуай орчуулагчдад өдөөлөг сайтай асуултууд тавьж, нэн сонин хариулт авсан нь уншигчдад маань оюуны тэжээл, залуу орчуулагчдад сургамжтай хичээл болох нь дамжиггүй. Мөн монгол орчуулгын цараа хүрээний тайлан, алдаа, онооны сургамж болох биз ээ. Монголчууд VIII-XIX зуунд Дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсны оргил нь “Ганжуур”, “Данжуур”. Харин ХХ зууны эхнээс Өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа. Өнөө цагт бол олон улс, үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал. Дэлхий дахины сэтгэгчдийн оюун ухаан, авьяас билгийг ард түмэндээ түүчээлэгч орчуулагчдын маань бүтээл монгол үндэстний уран зохиолын санд шинэ шинэ эрдэнэс авчрах болтугай.

Энэ удаагийн зочин бол хэл шинжлэлийн ухааны доктор Ч.Алтанзагас.

-Та намтрынхаа товчоог уншигчдадаа хайрла!

-Би 1945 оны хавар Төв аймгийн Баянчандмань сумын Тээл хэмээх газар төрсөн. Эрдэнэсантын бага, Лүнгийн дунд, нийслэлийн II арван жилийн сургуулийг дүүргэсэн. Ингээд ОХУ-ын Санкт-Петербург хотноо суралцаж байхдаа хүндэтгэх шалтгааны улмаас буцаж ирээд Монголын радиод нэвтрүүлэгч хийж байлаа. 1964-1969 онд МУИС-д суралцаж төгссөн. Монголын үндэсний телевизийн “Показывает Улан-Батор” хэмээх орос хэлээр явуулдаг нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байтал төрөлх сургууль маань намайг татаж авснаар би Ардын багш С.Галсан докторын удирдаж байсан Орос хэлний тэнхимийн багшаар ажиллаж, “Орчин цагийн орос хэлний онолын курс”, “Өрнөдийн уран зохиол”-ын лекцийг оросоор уншдаг боллоо. 1973-1977 онд ШУА-ийн Информатикийн хүрээлэнд ажиллаад, 1977 онд Хэл зохиолын хүрээлэнгийн аспирант болсон. “Становление падежной системы в монгольском языке и совместный падеж” нэртэй диссертац бичиж аспирантураа дуусгаад 1981 онд Хэл зохиолын хүрээлэнгийн Нэвтэрхий толийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан болсон. 

Надаас өмнө 1972-1982 онд хийж байсан толийг зогсоож, шинээр ганц боть хийх шийдвэрийг дээд газраас гаргасан тул Монголын нэвтэрхий толийн ажлыг бид 1984 оноос шинээр эхэлж хийсэн. 30 000 өгүүлэлтэй, 120 хэвлэлийн хуудас Монголын нэвтэрхий толийг эцсийн шатанд нь Г.Гонгоржав бид хоёр гурвантаа ариутган шүүгээд, 1995 онд ерөнхий редактор Б.Чадраа академичид тушаасан ч толь маань таван жилийн дараа 2000 онд хоёр ботиор хэвлэгдэж байлаа. Дараа нь би “Монгол Британника” найман боть тольд зохиогчоор оролцсон. Мэргэжлийн сэтгүүлүүдэд монгол хэлний тийн ялгалын талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд, бусад сонин хэвлэлд нэр томьёо, үгийн сан, толь зүй, орчуулга зүйн холбогдолтой эрдэм шинжилгээний хялбаршуулсан, асуудал дэвшүүлсэн өгүүлэл 200 гаруйг нийтлүүлэхийн зэрэгцээ их, дээд сургуульд 20 гаруй жил багшилжээ.

-Хойч үе мэдэг. Эрж, олж, уншиг. Үр ач тань бахархаг. Та орчуулсан номынхоо нэрсийн жагсаалтыг дурдаач!

-Би цөөвтөр ном орчуулсан. Үүнд Сербийн зохиолч Нобелийн шагналт Иво Андричийн “Нүглийн орон” тууж “Үдийн халуун” номд орсон. Мөн Туркийн их шогч Азиз Несиний “Алиа хошин найр”, Халимагийн Ардын яруу найрагч Д.Кугультиновын “Үлгэрүүд” хэмээх туульсын яруу найраг, ЗСБНХУ-ын Төрийн хошой шагналт В.Закруткины “Эх хүн” тууж, ЗСБНХУ-ын Төрийн шагналт А.Алексины “Тавдугаар эгнээний гурав дахь нь”, В.Железниковын “Зургаа Б-гийн гайхал”, А.Стругяцкийн “Даваа гараг бямбад эхэлдэг”, М.Ходаковын “Ингэж бүү яваарай”, Л.Воронковагийн “Хун-Галуу”, В.Левийн “Өөрийгөө жолоодохуй”, Жорж Капошийн “НҮБ дахь Улсыг аюулаас хамгаалахынхан”, И.А.Крыловын “Ёгт үлгэрүүд”, Юрий Модины “Тагнуулчдын хувь заяа”, Лев Баренбоймын “Төгөлдөр хуураар хөгжимдөж сургах нь” гэсэн бүтээл бий.

-Анхны номын орчуулга амархан байв уу. Алдаж осолдсон уу. Барим тавим баримтыг (багшаасаа сурагч юу эсийг асууж, дутуугаа нөхдөг шиг) нууж, хаалгүй хуучлаач. Сайхан өглөг болно доо.

-Би их зоригтой байж дээ, базарваань. Сургуулиа дөнгөж төгсмөгц 1969 онд ном орчуулах гээд Улсын хэвлэлийн нэгдсэн редакцад яваад очсон. Бадарч гуай байсан байх аа. Намайг шууд суулгаад, нэг сэтгүүлээс адармаатай хэсгийг нь эрж эрж олоод, нэлээд олон хуудас орчуулуулж шалгалт авсан. Надад толь бичиг ч өгөөгүй тул мэдэхгүй үгсийг хам утгаар нь баримжаалж, мэдрэмжээрээ тааж орчуулаад өгчихсөн. Тэд миний орчуулгыг гар дамжуулан уншиж үзээд “Болж байна. Энэ бол шинэ зохиол. Сэтгүүлд эхэлж хэвлэгдсэн нь энэ. Чи үүнийг авч яваад орчуулж бай, ном болохоор нь тулгаж үзэх шаардлагатай. Номоо чи өөрөө ол” гээд “Иностранная литература” сэтгүүл өгч билээ. Би зохиолчид нь захиа биччихээд хариу хүлээх зуураа уул туужаа орчуулсаар байгаад тэр ондоо дуусгасан ч номыг нь 1973 онд л олж, гэрээ хийж, орчуулгаа тушаасан. Гэсэн ч 1975 онд фашизмыг ялсны 30 жилийн ой тохиож сая л нэг юм хэвлэгдэж билээ. Өвөрмөц найруулгыг нь хадгалж орчуулахад амар байгаагүй. Гэвч азаар алдаа мадаг гараагүй. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Амар гүүш хянан тохиолдуулсан. Мартаад тэр чигээр нь явуулсан теплица гэдэг үгийг хүлэмж болгож зассан байсан. Ариутган шүүгч авралтай юм билээ.

-Манай Монгол орчуулгын баялаг өв, уламжлалтай. Олон зуун жилийн өмнөх болон өнөөгийн орчуулгад чанарын ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Олон зууны өмнөх орчуулгыг өнөөгийнхтэй харьцуулж болохгүй байх аа. 800 жилийн өмнөх монгол хэлийг орчин цагийнхтай харьцуулбал авиа зүй, үг зүй, үгийн сангийн түвшинд асар их ялгаатай гарах нь мэдээж. Ямартай л Да багш “Монголын нууц товчоо”-ны 1947 оны анхны хэвлэлийн удиртгалдаа “Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлэнд Цэндийн Дамдинсүрэн орчуулав” гэж бичих вэ. Энэ хэвлэл үнэхээр хөрвүүлэг төдий бус, Да багшийн судалгаа, шинжилгээ, авьяас билиг нэвт шингэсэн орчуулга байсныг гэрчилнэ. Аливаа юм тухайн цагтаа л зөв байдаг ч юм уу. Үлгэрлэвээс, 1921 онд Судар бичгийн хүрээлэн, Дуун ухааны тасаг гэх нь зөв байсан ч одоо бол ШУА, Хэл зохиолын хүрээлэн гэх нь зөв байгаа шиг. Тиймээс ч дээхэн үед Ж.Цэвээн агсны орчуулсан “Декамерон”-ыг уран орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжил авгай өнөөгийнхөнд дөхөмшүүлж дахин орчуулсан буй за. Бид чинь үсэг бичгээ сольсны харгаагаар өмнөх мянган жилийнхээ сор бүтээлийг уншиж чадахгүй болчихсон өрөвдөлтэй хүмүүс шүү дээ.

-Ер нь орчуулагч, хөрвүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэлмэрчийн ялгаа юу вэ. Та аль нь вэ?

-Орчуулга, хөрвүүлэг хэмээх үгс утга ойролцоо боловч бага зэрэг ялгамжаатай. Орчуулагч бол нэг хэлнээс нөгөө хэлэнд хөрвүүлдэг хүн. Орчуулагч гэдэг үг орчи- хэмээх эргэлд, тойр гэсэн утгатай язгуураас үүссэн аж. Эл язгуураас цааш орчил, орчлон, орчин, орчуул гэх зэрэг үг үүссэн байна. Орчлон гэж тойрон эргэх ертөнцийг, орчин гэж эргэн тойрныг, орчуул гэж эргүүлэх, тойруулах, хөрвүүлэхийг хэлдэг. Эдгээр үг “Бурхны арван хоёр зохионгуй”, “Монголын нууц товчоо” болон бусад эх сурвалжид элбэг тохиолддог учраас язгуурын монгол үг байх. Англи хэлний translate, орос хэлний переводить хэмээх үг хөдөлгөөн заасан олон утгатай ч нэгдүгээр утга нь нэг хэлнээс нөгөө хэлэнд буулгахыг хэлдэг юм билээ. Хөрвүүлэгч бол төрөл хэлний нэг аялгуунаас нөгөө аялгуунд (халимаг, буриад аялгуунаас халх аялгуунд) буулгах юм уу, эсвэл нэг бичгээс нөгөө бичигт (монгол бичгээс кирилл үсэгт) буулгагч хүмүүнийг хэлнэ. Дуун хөрвүүлэгч гэж шилдэг орчуулагчдаа хүндэтгэн өргөмжилж, эрхэмсэг найруулгын өнгө аясаар нэрлээд байх шиг санагддаг. Уг үгийн гарваль нь лингвистикаг дуун ухаан гэж нэрлэснээс үүдэлтэй байж мэднэ. Гүүш гэж нэрт орчуулагч, бичгийн мэргэдийг хэлдэг юм билээ. Эргэцүүлэн бодохын завдалгүй шууд орчуулдаг учраас хэлмэрчийн хариуцлага асар өндөр. Хирошима, Нагасаки хот бөмбөгдөлтөд өртсөн нь орчуулагчийн алдаанаас үүдэлтэй гэдэг юм билээ. Би бол урлаг, уран зохиолыг шүтэн биширдэг, орчуулга шохоорхож бага сага оролддог сайн дурын, бас бөөн дурын уран сайханч-орчуулагч.

-Зохиолоо шууд орчуулаад эхэлдэг үү. Нэлээд судалгаа хийгээд, сая барьж авдаг уу?

-Зарим зохиолыг нэг сайн уншчихаад шууд орчуулж болдог. Харин зарим нь болдоггүй. Жишээ нь, Крыловын ёгт үлгэрүүдийг орчуулахын тулд би түүний амьдрал, уран бүтээлийн талаар В.Г.Белинский, Н.В.Гоголь, Н.Степанов, Д.Благой болон бас бус судлаачийн бичсэн олон номыг уншсан. Хэр баргийн толиос эрээд олдохгүй хуучирсан, зүйр цэцэн, хэлц үгийнх нь араас уйгагүй мөшгөж явсаар мохолд нь хүрэхэд үлгэрийн баатрууд амилаад, уг үйл явдалд би өөрөө оролцож эхлэх шиг санагдсан. Ингэж нүдэндээ харсны дараа бол тэр үлгэрүүд үзэгний үзүүрээс асгарч буудаг юм билээ. Крыловын ил далд, дан давхар олон утгатай, шог зохиол, хошин найруулал, уран элэглэлийн шинжийг бүгдийг агуулсан, агшааж хураангуйлсан бичил жүжиг лугаа адил яруу найргийг орчуулах үнэхээр адармаатай юм билээ. Тиймээс ч Өрнөдийн уран зохиолоос орчуулж эхэлсэн зуугаад жилийн дотор хэн ч бүгдийг нь орчуулж зүрхлээгүй бололтой. Миний зоримог тэнэг зан энэ удаа ч хэрэг болсон. Сүүлчийн үлгэрийг буулгаж дуусангуутаа би эгээтэй л Архимед (Эртний Герегийн эрдэмтэн Архимед усанд орж байхдаа гидростатикийн хуулийг нээчихээд баярласандаа нүцгэн чигээрээ гүйж гарч Эврика! (Оллоо!) гэж бархиран гудамжаар гүйсэн гэдэг) шиг болох шахсан.

-Байгаа ч оноогүй, банзанд нь ч шүргээгүй орчуулга олширсон нь юутай холбоотой вэ?

-Хяналтгүй болсонтой холбоотой. Гадаад хэлийг ус цас шиг эзэмшсэн хүн олон ч бичгийн орчуулга хийдэг нь цөөвтөр. Хяналтын тогтолцоогоо сэргээх хэрэгтэй. Манайхаас бусад оронд хатуу хяналттай шүү!

-Та бусдын эх зохиол, орчуулга хоёрыг тулган үзэж байв уу. Монгол уран зохиолыг харь хэлэнд орчуулахад яагаад алдас гарч, сангас асгарч, зулбадас болдог юм бол?

-Би Ри багшийн дуун хөрвүүлсэн “Хүний хувь заяа”, “Тарас Бульба”, өөрийнх нь “Бэр цэцэг” зэргийг эхтэй нь дүйлгэн үзэж байсан. Мөн ч бахдалтай, үе үе цаад Шолохов, Гоголь нараасаа даваад гарчихсан санагддаг. Да багшийнх ч мөн адил. М.Цэдэндорж гуайн дуун хөрвүүлсэн “Миний Дагестан” ч Р.Гамзатовтой ана мана, ач тач өрсөлдсөн гайхалтай орчуулга. Гадаад хэл гадарладаг л бол орчуулгыг хэн ч гэсэн гарын үзүүрээр хийчих амархан ажил хэмээн эндүүрэх нь түгээмэл. Орчуулагч хүн үгийн хам утгыг зөв олж гаргах ёстой. Хар ус уухгүй хагд өвс идэхгүй гэвэл энэ байгаль дээрх усыг хэлж байна, харин хар ус эргүүлээд, хар усанд толгойгоо мэдүүлээд, хар ус гудраад гэвэл савнаасаа бусдыг дийлдэг сархдын тухай яриа болж таарна. Үг ингэж л хамт хэрэглэгдэж байгаа үгтэйгээ нийлээд өөр өөр утга илэрхийлдэг. Манай нэртэй том зохиолчийн цуутай бүтээлийг англи руу орчуулахдаа сархад хэмээх утгаар орчуулах ёстой хар усыг dark water гээд үгчилчихсэн харагдсан. Англи хэлт уншигчид түүнийг дэлгүүрт зардаг хуванцар савтай цэвэр ус л гэж ойлгосон байх. Тэгэхээр зохиолчийн хэлсэн галт ус гэдэг санаа нь алга болчихож байгаа юм.

Монгол хэл, түүх, соёлыг нэвтэрхий мэддэг, хоёр хэлийг төгс эзэмшсэн Анна Цендина, Х.Мэргэн нар шиг хүмүүс бол монголоос орос руу орчуулахдаа алдаа гаргахгүй. Түүнээс биш монгол хэл, соёлыг сайн мэдэхгүй гадаад хүн монголоос гадаад хэл рүү орчуулга хийх маш хэцүү, ямар ч алдаа гарч мэднэ. Манайхан орос хэлэнд гарамгай мөртөө алдаа гаргадгийг алийг тэр гэх вэ. Жишээ нь, Охотское море-г манайхан Агнуурын тэнгис гэж ташаарсан байдаг. Охота гэдэг нь уул тэнгист цутгадаг Охота хэмээх голын нэр юм билээ. Энэ нь угтаа бол эвенк хэлний “окат” буюу “гол” гэсэн үгнээс үүссэн ажээ. Тийм ч учраас бусад улс, тухайлбал англиар “The sea of Okhotsk”, францаар “La mer d Okhotsk”, испаниар “El mar d Ojotsk”, германаар “Das Okhotskisches Meer” гэхчлэн оноосон нэрийг хэвээр хадгалсан. Би Монголын нэвтэрхий толийг ариутгахдаа энэ эндүүрлийг анзаарч “Охотын тэнгис” болгож залруулсан. Иймэрхүү ташаарал арвин байсан.

-Орчуулах явцдаа онох үгийн эрэлд их хатаж байв уу. Олсон арга, баяссан баяраасаа хуваалцаач.

-Орчуулагч хүн үгийн эрэлд байнга хатаж, оносон сайхан үг олохоороо амьхандаа бяцхан нээлт хийж түүндээ баясаж суудаг байх. Би ч гэсэн үг хайж наждаа эдэлж, оносон ганц үг олохоороо бөөн олз мэт баяр хөөр болдог. Жишээ нь, Крыловын “Крестьянин и Смерть” ёгт үлгэрийг нэг орчуулагч “Тариачин ба Үхэл” гэж нэрлэсэн байдаг. Тэр үлгэрийг уншиж үзэхэд, өвгөн дээр ирж, юуны учир дуудсаныг нь асуучихаад буцаж яваа тэр юм, Эрлэг номун хаан өөрөө биш, харин түүний зараалаар яваа элч юм байна гэж бодсон учир тэр үлгэрийг “Эрлэгийн элч, өвгөн хоёр” гэж нэрлэсэн нь их зөрөөгүй болов уу. Уран зохиол орчуулна гэдэг толиос үг эрж олоод л тавьчихын нэр биш л дээ. Орос хэлний смерть гэдэг үгийг монголоор наад зах нь 43 үгээр оноож болно гэж эрдэмтэн Д.Дашдаваа багш нэгэнтээ тэмдэглэсэн.

-Эрсэн үгээ эс олоод цөхрөхдөө “буудсан” нь оносон удаа бий юү?

-Аль ч хэлний үг гол төлөв олон утгатай байдаг болохоор зарим үед “буудахаас” аргагүй болдог. Жишээ нь, Крыловын “Разборчивая невеста” үлгэрт:

От пленников ее вкруг ней бывало тесно:

А ныне, ах! её зовут уж на бостон! гэж гардаг. Энэ бостон гэдэг үг бүжиг, хөзөр, ноосон даавуу зэрэг утгатай. Нэг орчуулагч “Шүтэн бишрэгчид нягт хүрээлдэг байжээ. Харин одоо чааваас гэж. Бостон бүжигт уригдаж, ааглуу бүсгүйн өндөр дуу намджээ” гэсэн байсан. Би:

Гандаж гундаж яваа цагт бүжигт уригдах нь юу л бол гэж бодоод:

Эргэн тойронд нь эрчүүд хошуурч байсан домогтой

Гэтэл одоо, ээ халаг, юутай гаслантай

Хүн дутсан үед л хөзөрт хааяа дуудах болж... гэж “буудсан”. Оносноо олж мэдээд ихэд баяссан.

-Та чөлөөт, утгачилсан, үгчилсэн орчуулгын алиныг эрхэмлэдэг вэ. Яагаад?

-Манай уламжлалд үгчилсэн орчуулгыг зөвхөн шашны зохиол бүтээлийг орчуулахад хэрэглэдэг арга гэж үздэг байсан. Орос-Америкийн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач, орчуулагч Владимир Набоков “Үгчилсэн орчуулга бол огт утгагүй зүйл гэдэгт би гүнээ итгэсэн хүн” гээд хэд хэдэн жишээ татсан байдгийн ганцыг энд толилуулъя. Англи хэлний first night (анхны тоглолт), public house (уушийн, зуушийн газар) хэмээх хэллэгүүд орос орчуулгаар первая брачная ночь (гэрлэгсдийн анхны шөнө), публичный дом (дууч эмсийн хүрээлэн) болоод хувирчихдаг гэсэн байдаг.

Их сэтгэгч Маркс “Үгчилсэн орчуулга бол утгагүй хоосон үгс” гэж хэлсэн. Дээхэн үед “Круглый год жил под открытым небом” гэдгийг “Дугуй жил онгорхой тэнгэрийн дор амьдарсан” гэж орчуулсан гэлцдэг. Круглый нь хэдийгээр дүгрэг гэсэн утгатай ч өөр үгтэй хамт хэрэглэхээр өөр утга илэрхийлнэ. Жишээ нь, круглый дурак гэвэл усан тэнэг, круглый сирота бүтэн өнчин, круглая сумма их мөнгө, круглые сутки өдөр шөнөгүй гэх мэт. Дээрх өгүүлбэр бол “Жил тойрон орон гэргүй явсан” гэсэн санаа. Өдгөө англи хэлний open гэдэг үгийн олон утгыг манайхан оновчтой орчуулалгүй ганцхан нээлттэй гэдэг үгээр үгчлэн орчуулаад монгол хэлэндээ тулгаад байх шиг санагдах юм. Open гэдэг үгэнд ил (шарх, уурхай), задгай (сансар тэнгис), сул (орон тоо, зогсоол), чөлөөтэй (open market-чөлөөт зах зээл), шийдвэрлээгүй, дуусгаагүй (open ques-tion) гэхчлэн бас бус утга бий. Гэтэл өнөөдөр дээдэс маань “Энэ асуудлыг нээлттэй орхилоо” гэцгээж байна. Нээлттэй ажлын байр хэмээх зар хаа сайгүй байна. Ингэж хүний хэлэнд хүлэгдэж хэрэггүй л дээ.

Хүний хэлэнд баригдалгүй чөлөөтэй орчуулахын гайхамшгийг үзүүлсэн бүтээл бол Да багшийн “Алтан загасны үлгэр”-ийн орчуулга. Чөлөөтэй хэмээн хэлж буйн учир нь тэр үлгэрийн

У самого синего моря буюу алс хол далайн эрэгт гэсэн утгатай ганц мөрийг

Хөрст алтан дэлхийн

Хөвөө хязгаар нутагт

Хөх цэнхэр далайн

Эрэг ирмэг газарт хэмээн дөрвөн мөр болгон орчуулсанд байгаа юм. Гэхдээ энэ орчуулгыг онолын үүднээс авч үзвэл чөлөөт орчуулга хэмээх ангилалд бус, монголчлон зохиомжилсон орчуулга гэж үзүүштэй санагддаг. Да багш өөрөө ч ингэж хэлсэн. Энэ талаар би нэрт дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, эрхэм хүмүүн Г.Аким гүүштэй санал нэгтэй байдаг. Учир нь орчуулгын онолд чөлөөт орчуулга хэмээх нэр томьёогоор гаднын ахуйг өөрийнхөөрөө солихыг хэлдэг. Жишээ нь, далайг тал, загасчныг малчин болгох ч юм уу. Гэтэл тэр үлгэрт тийнхүү сольсон юм байхгүй далай нь далай хэвээрээ, загас нь загас хэвээрээ л байдаг. Би утгачлан орчуулахыг эрхэмлэдэг. Учир нь бичгийн мэргэд маань дээр үеэс л орчуулах үед үгэнд бус, утгад шүтэх зарчим баримтлах нь зүйтэйг номлосон байдаг.

-Зарим хүн чөлөөт орчуулгыг өргөмжлөх дуртай. Герман Гётегийн нэлээд шүлгийг билиг танхай М.Ю.Лермонтов чөлөөтэйхэн орчуулсан нь орос яруу найраг болчихсон гэдэг. Да багш А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг чөлөөтэй орчуулсан нь монгол үлгэр болчихсон. Яг үүн шиг зохиол орчуулна гэдэг өөр хэлээр дахин бүтээж буй хэрэг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Таны орчуулгаас аль нь монгол зохиол болсон бэ

-Д.Кугультиновын туульсын яруу найраг монголжуу болсон болов уу. Крыловын шүлэглэсэн 204 ёгт үлгэрийн орчуулга дотор үг, утгыг мөр мөрт нь ягшуулсан нь бий, агуулга хэлбэрийг нь хадгалаад нэлээд чөлөөтэй орчуулсан нь ч байгаа. Юутай ч ханатай болсон байх аа. Таны ачаар “монгол болсон” гэж боддог.

-Орчуулах нь хийсвэрлэх урлаг уу. Дуртай хүний хийх ажил мөн үү. Алдах эрхгүй мэс засал уу. Сансрын нислэгийн тооцоо шиг шинжлэх ухаан уу?

-Орчуулга бол урлаг, шинжлэх ухаан хоёрын зааг дээрх урлан бүтээх үйл явц гэж боддог. Алдах эрхгүй мэс засал ч мөн. Учир нь алдлаа л бол амин сүнс нь алга болчихно. Дуртай хүний хийх ажил бүр ч биш. Уран зохиолын орчуулга урлагийн бүтээл лугаа адил уран сайхан, шинжлэх ухааны гаргалгаа шиг үнэн зөв, яв цав байх ёстой болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)