“Чөтгөр”-ийн хүслийг гүйцэлдүүлэгч эгч дүүс

Уушгиныхаа хэмжээгээр амьсгалаад л баймаар анхилам өрөөнд ширтээд л зогсмоор, нүд булаам загварууд өлгөөтэй. “Michel and Amazonka” брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнер Ч.Янжиндулам (Мишээл), Ч.Нямхандыг (Амазонка) зорьж ирээд эмэгтэй хүний чөтгөрийн гэмээр шуналыг хөдөлгөх, эгээ л өмсөж болдог уран зураг, урлагийн бүтээл гэмээр загваруудад илбэдүүлж орхих нь тэр.

Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг дээ. Гоё сайханд дурлах, гэмгүй, шуналтай бүсгүй “чөтгөрүүдийн” бурхан болох хүслийг гүйцэлдүүлэгчидтэй ярилцсанаа хүргэе.

-Эгч дүү хоёул загвар зохион бүтээгч болоход ижил хүчин зүйл нөлөөлсөн үү?

Ч.Я: -Багадаа үздэг байсан “Хатан хаан Сиси”, “Салхинд туугдагсад” кино намайг дизайнер болоход их нөлөөлсөн. Эгч маань ч ОРТ сувгийн загварын нэвтрүүлэг их үздэг байсан болохоор үүнд дурлахаас өөр арга байгаагүй. Багшийнхаа “Дуртай зүйлээ бусдын биш, өөрийнхөө төлөө хийж байгаа болохоор 100 хувь хүчээ дайчил. Хийж буй зүйлээ хайрлаж, сэтгэл зүрхээрээ хийвэл бусдад хүрдэг” гэж хэлснийг байнга санаж явдаг.

Ээж минь “Дизайнер хүн юмханаар юм хийдэг юм. Чи загвар зохион бүтээгч болж чадахгүй ээ. Хэдэн жилийн дараа мэргэжлээрээ ажиллахгүй” гэдэг байсан. Намайг их зөрүүд гэдгийг мэддэг болохоор шарыг минь хөдөлгөж байсан хэрэг. Энэ ажил амар биш гэдгийг дүүгээсээ эрт мэдэрсэн болохоор түүнийг “Загвар зохион бүтээгч болно” гэхэд анх дургүй байлаа.

Ч.Н: -Ээж минь хүүхдүүдээ харж, гэртээ суухдаа юмханаар юм хийж, гоё зүйл оёдог байсан. Бид ээжийн дэргэд суучихаад барбиндаа хувцас оёж тоглоно. Энэ мэтийн тоглож өссөн тоглоом, сайн хийж чаддаг гэж бодсон зүйл маань дизайнер болоход нөлөөлсөн байх.

Бид их дотогшоо, өөртэйгөө байж, өөрийгөө ойлгох дуртай хүмүүс. Тиймдээ ч дотроосоо ундарч байгаагаа урласан хувцсаараа илэрхийлдэг гэж боддог.

-Тэгвэл та хоёрт загварын мэдрэмжийн хувьд ямар эсрэг болон ижил тал байдаг вэ. Хамтарч ажиллахад ижил, эсрэг байдлын аль нь давуу тал болдог вэ?

Ч.Н: -Эгчийг би жинхэнэ дизайнер хүн гэж хэлнэ. Би загвар зохиох дуртай ч брэндийнхээ дотоод ажил, борлуулалт зэрэг өөр асуудалд анхаарлаа хандуулах дуртай. Тийм болохоор нэгнийхээ дутууг нөхдөг байх.

Ч.Я:-“Энэ улиралд ийм хэлбэр, материалтай коллекц гаргая” гээд бие биендээ санаагаа хэлэхээр төстэй зүйл сэтгэчихсэн байдаг. Гэхдээ зохиомжийн хувьд өөр л дөө. Нэгнийхээ хараагүйг харж, бидний санаа ч нийлдэг.

-Амазонкаг амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байсан гэж сонссон. Дуу хөгжим уран бүтээлд нөлөөлнө биз?

Ч.Н: -Эгч миний тоглолтын хувцсыг оёдог байсан юм. Гоё хувцас тухайн дууг амилуулахад их үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдсан. Хөгжим хийсвэрлэн бодох чадвар, мэдрэмжийг илүү хөгжүүлдэг.

Загвар зохион бүтээгч хүнд байх ёстой чухал чанаруудын нэг нь сайн төсөөлөх. Ингээд бодохоор дуу хөгжим, загвар хоорондоо холбоотой. Тухайн хөгжмийг мэдэрсэн дотоод ертөнцийн илэрхийллээрээ бүтээлээ гаргах нь бий.

-Хайртай машин, байраа зараад брэндийнхээ эхлэлийг тавьсан алдартай загвар зохион бүтээгч олон байдаг юм билээ. Та хоёр брэндээ үүсгэхдээ ямар зам туулсан бэ?

Ч.Я: -Шууд хувцас урлаад Монголын зах зээлд гаргахад эдийн засгийн асуудлаас эхлээд түвэгтэй зүйл олон. Аав минь үүнийг мэдэрсэн ч бидэнд шууд хэлэлгүй, аажмаар хувцасны бизнест хөтөлсөн. Тэрбээр “Хятадуудаас сурах зүйл их бий” гээд биднийг урагшаа дагуулж явж, тэндхийн үйлдвэрүүд хувцас хэрхэн хийж буйтай танилцуулдаг байлаа.

Бид дэлгүүр байгуулж, тэндээс стриит фэйшн маягийн хувцаснууд шилж авчирч худалддаг болсон. Ингэснээр хүмүүс юу өмсөхийг хүсдэг, ямар хувцас хэнд зохидог талаар мэдэж, олон зүйл сурсан.

Гэхдээ БНХАУ-аас авчирдаг бараа хийц муутай байсан болохоор бид цөөн тоогоор өдөр тутмын хувцас оёж эхэлсэн. Ингээд Азийн нэгэн загварын уралдаанд бүтээлээрээ оролцтол биднийг их үнэлсэн. Тэндээс их урам авч брэндээ үүсгэсэн.

-Загвар зохион бүтээгчийн урмыг юу хамгийн их хугалдаг бол?

Ч.Я: -Монголоос чанартай гоё материал олж чадалгүй, байгаагаа ашиглан шинэ загварын даавуу үүсгэж бүтээлээ урлах тохиолдол бий. Гэтэл биднийг зарим хүн гадаадын мундаг дизайнертай харьцуулдаг. Үйлчлүүлэгчид уг нь үүнийг ойлгож жаахан хүлээцтэй хандвал сайхан.

Мөн зарим хүн бидний хийснийг хуулбарлаж үнэгүйдүүлэх юм. Уг нь дизайнер бүр өөрийн гэсэн үзэл бодол, ертөнц, таашаал, мэдрэмжтэй. Бусдаас санаа авч болох ч өөрийн өнгө төрхийг шингээж хийж болно шүү дээ.

Ч.Н: -Манайх даавуу үйлдвэрлэгч улс биш болохоор дизайнер бүрт материалын асуудал гардаг. Дэргэдээ өөрсдийн гэсэн хээ, зургаа хэвлэдэг даавууны үйлдвэртэй болох нь бидний мөрөөдлийн нэг хэсэг.

-Дэлхийн алдартай брэнд та нарын сэтгэснийг коллекцдоо ашиглах ч юм уу санаа давхцах тохиолдол гарч байсан уу?

Ч.Я: -Алдартай дизайнерууд бидний бүтээлийг одоохондоо олж үзэхгүй байх. Гэхдээ загвар зохион бүтээгчид маш их судалгаа хийдэг учраас байж болох л юм.

Ч.Н: -Манайх парадайс гэсэн бичигтэй цүнх урласан юм. Гэтэл сарын дараа “Dior” “Парадайс” нэртэй цүнхний коллекцоо танилцуулсан. Тэдний цүнхэн дээрх парадайс бичгийн шрифт биднийхтэй яг ижил байсан. Гэхдээ энэ зүгээр л давхцал болов уу. Зарим хүн ижил зүүд зүүдэлдэг шүү дээ. “Dior”-оос өмнө парадайс бичигтэй цүнх гаргасан гэж бодохоор их гоё санагдсан.

Энэ дашрамд, хэд хэдэн брэнд хамтран MDU дизайнерын холбоо байгуулсныг ярих хэрэгтэй байх. Бие даан загварын шоу зохион байгуулахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг учир дизайнерууд нэгдсэн шоу хийвэл зарлага бага гарна. Одоогоор энэ холбоонд “Muse art house”, “Queen fashion house”, “Monolun”, “Premier tailor”-ынхон бий.

Удахгүй “Kidult”, “Ovdogmid” элсэхээр ярилцаж буй. Холбоогоо улам өргөжүүлээд Монголын загварын долоо хоног зохион байгуулдаг болохоор төлөвлөж буй. Манайх улирал бүр коллекц гаргадаг бол дэлхийн хэмжээний брэндүүд сар бүр загвараа танилцуулдаг. Бид ч гэсэн тэдэнтэй өрсөлдөгч, адилхан л дизайнер шүү дээ.

Ийм материал, тийм хэлбэр одоо моодонд орно гээд загвараа бүтээх явцад гадаадад загварын шоу болж, бидний санаа өөр брэндийнхтэй давхцах тохиолдол байдаг. Тэгээд бид улиралд нэг удаа коллекцоо танилцуулахаар загвар маань хоцрогдсон юм шиг харагдана.

-Ойрын үед юу хийж байна вэ?

Ч.Н: -“Авьяаслаг монголчууд” шоуныхантай хамтарч дуусаад одоо “Монголиан нэкст топ модель”-ийнхонтой ажиллаж буй. Мөн Цагаан сарын шинэ коллекцоо танилцуулахаар ажиллаж байна.

-Энэ жилийн Цагаан сараар ямар хувцас трэнд болох вэ?

Ч.Я: -Өнгөрсөн жил хүмүүс монгол хэв маягтай энгийн дээл голчлон өмссөн. Энэ жил бүсгүйчүүд энгийн цамцыг үндэсний шинжтэй юбкатай хослуулж, эсвэл биед эвтэйхэн дээл маягийн даашинз сонгох байх.

Үсийг нь аваад зун тэрлэг болгоод өмсөх боломжтой үстэй дээл манайхаас их захиалж байна. Гэхдээ шинэ коллекц маань ямар өнгө төрхтэй гарахыг одоогоор мэдэхгүй.

-“Авьяаслаг монголчууд” шоуны үеэр “Киви” хамтлагийн Укагийн дуулахдаа өмссөн төмөр захтай дээл хүмүүст их таалагдсан.

Ч.Н: -Ука мэдрэмжтэй эмэгтэй учир хамтарч ажиллахад сайхан байдаг. Тайзан дээр гял цал хувцас гоё харагддаг учир пластик материалаар оёулна гэж ярьж байгаад аяндаа төмөр захтай дээл хийлгэхээр болсон.

Захан дээр төмөр суулгах, пластик материалыг оёж, дээр нь шилбэ товч хадах амаргүй байсан. Түүнээс нэг их удалгүй дэлхийн загварын долоо хоног болж пластик материал моодонд орсон.

-Саяхан “Байкал” загварын долоо хоногт оролцсон байх аа?

Ч.Я:-Манайх “Monolun”, “Kidult” брэндтэй хамт зочны хувиар оролцсон. Буриадын загварын нэгэн цахим хэвлэлд бидний тухай “Монголын Коко Шанел ирэх гэж байна” гэсэн гарчигтай мэдээ нийтэлсэн байна лээ. Бид ирэх зургадугаар сард Санкт-Петербургт зохион байгуулах загварын шоунд оролцож, залуу дизайнеруудын төрөлд шүүгчээр ажиллахаар уригдсан.

Энэ шоунд оролцсоноор тэндхийн “Zam’s base” гэдэг газар хувцсаа борлуулахаар болсон. Манай үйлчлүүлэгчдийн олонх нь Япон, Америк зэрэг хилийн чанадад амьдардаг, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг монголчууд байдаг.

-“Загвар зохион бүтээгчдийн коллекцоос илүү өөрсдийнх нь өмсөж байгааг ажигла” гэдэг үг саяхан уншсан юм. Үүнтэй санал хэр нийлэх вэ?

Ч.Н:-Александр Ванг, Вера Ванг зэрэг гадаад байдалдаа анхаарал тавихаас илүү ажлаа боддог загвар зохион бүтээгч олон бий. Гэхдээ тэдний дүр төрх, байдал нь өөрөө зэвүүн имиж болдог. Марк Жэйкоб ч гэсэн нэг хувцсаа олон өдөр дараалан өмсдөг. Бид ч гадаад төрхөндөө анхаарч, цаг алдахаас илүү ажлаа боддог, энгийн байх дуртай хүмүүс.

Ч.Я:-Коллекц бүрийнхээ эхний хувцсыг өөрсдөө өмсдөг. Гэхдээ гангалах гэж биш, биед эвтэйхэн, материал чанартай, эсэхийг судалж туршдаг юм. Ер нь “Оддын дайн” ч юм уу, дуртай киноныхоо зурагтай хувцсыг худалдан авдаг ч өдөр тутам, ёслол, арга хэмжээнд өөрсдийнхөө урласныг өмсдөг.

-Тэгвэл өмсөхгүй хэрнээ хүнд өгөлгүй нандигнамаар бүтээл байдаг уу?

Ч.Я:-Оюутан байхад бидэнд “Та нарын оёсон хувцас та нарын хүүхэд” гэж заадаг байсан. Жаргалтайгаар зовж хийсэн хувцсаа бусдад өгөөд явуулахад их хэцүү.

-Танайх байгальд ээлтэй тор худалдаанд гаргасан байна лээ. Хувцаснаас өөр зүйл урлах төлөвлөгөө байдаг уу?

Ч.Н:- Одоогоор захиалганд дарагдаад, илүү олон ажилтантай болох хэрэгцээ байгаа. Бид хөгжиж, өргөжихөд цаг хугацаа шаардлагатай. Хэдэн жилийн дараа олон салбартай болж, бас өөр өөр чиглэлээр ажиллах бодол бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)