Чөлөөтийн эрчүүд ДАШТ-ий өнгөө Якутад шинжинэ

Чөлөөтийн ДАШТ Унгарын Будапешт хотод болж, дэлхийн шилдэг бөхийг тодруулахад 46 хоног үлдээд буй. Азийн наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэн, монголчуудаа баярлуулсан манай чөлөөтийнхнөөс эрчүүд нь “Будапешт-2018”- ын өнгөө ОХУ-д шинжихээр болжээ. Тэд энэ сарын 5-8-нд Якутад болох ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээнд зодоглох юм.

11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-д оролцох бүх эрэгтэй тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, 86 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Азийн АШТ-ий таван медальтай Н.Золбоо нар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлагад оролцох юм.

Манай эрчүүдээс гадна Якутын дэвжээнд эзэн орноос олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Европын анхдугаар наадмын аварга Алескандр Богомоев, Европын аварга Анзор Болтукаев, Артур Найфанов нар хүч сорино. Иран улсаас “Рио-2016” олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт Реза Яздани, олимпын мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, Армениас дэлхийн аварга Давид Сафарян, Туркээс олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшар, Европын гурван удаагийн аварга Чингисхан Эрдоган оролцох гэнэ.

Узбекистанаас олимп, ДАШТ-ий медальт И.Наврузов, Японоос “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, Унгараас олимп, ДАШТ-ий хүрэл медальт Габор Хатош ч бас өрсөлдөх нь. Беларусиас “Рио- 2016” олимпын хүрэл медальт Ибрагим Сайдов, ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Азербайжанаас ДАШТ-ий хүрэл медальт Ахмеднаби Гварзатилов, Энэтхэгээс Азийн аварга Сандип Томар тэргүүтэй олон шилдэг тамирчин ДАШТ-ий өмнө өөрийгөө сорихоор бүртгүүлжээ. Сонирхуулахад, манай бөхчүүд тус тэмцээнээс гурван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл гээд нийт 25 медаль хүртсэн юм.

Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцох тамирчдыг үдэв

Ази, Номхон далайн орнуудын ахмадын наадам энэ сарын 7-15-нд Малайзад болно. Анх удаа зохион байгуулах гэж буй тус наадамд манай улсаас сагсан бөмбөг, хөлбөмбөг, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, дугуй, байт харваа, ширээний теннис гэсэн төрөлд 150 тамирчин өрсөлдөх юм. Тэднийг үдэх ёслол өчигдөр Спортын төв ордонд болов. 

Эл ёслолд Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Б.Доржпалам тэргүүтэй албаны хүмүүс оролцож, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Явгаан магтаал хайлан, тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр Монголын багийн тугчаар хүндийг өргөлтийн ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгөн медальтай, дэлхийн дээд амжилтыг зургаа, Азийнхыг 23 удаа шинэчилсэн, ОУХМ Ц.Оюунчимэгийг сонгожээ. Манай тамирчид нөгөөдөр Малайзыг зорино.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)