Ч.Хүрэлбаатарын оронд Б.Жавхланг Сангийн сайдад нэр дэвшүүлэх үү

Ерөнхий сайд томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа нь энэ лхагва гаригаар дуусгавар болно. УИХ дахь намын бүлэг дотроо тохиролцож чадаагүйгээс нэлээд хугацаа алдсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт сайд нарынхаа нэрийг зарлаж, АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг хянуулах, Ерөнхийлөгчид зөвшилцөх санал хүргүүлсэн.

Шинэ Засгийн газарт ажиллахаар сонгогдоод буй хүмүүсийг АТГ “Ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгч хариугаа ирүүлээгүй тул баасан гаригт сайд нарыг томилно гэсэн хүлээлт талаар болов. “Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг дэмжих бол ингэж удахгүй, ийн удааж буйн цаана ямар нэг шалтгаан байж таарна” хэмээн улс төр сонирхогчид чих тавьж, “Зарим хүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй, солих саналтай байгаа” гэсэн шивэр авир яриа Төрийн ордноор тэнүүчилж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Сангийн сайдад зүтгүүлж буй Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгч дэмжихгүй гэсэн бөгөөд оронд нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэр яригдаж эхэлсэн сурагтай. Зөвшилцөх саналын хариуг Ерөнхийлөгч өнөөдөр ирүүлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)