ЧУУЛГЫНХАН ТӨРИЙН ОРДНЫ ГАДНА “ЖАГСАВ”

Өчигдөр төрийн ордны гаднах талбайд тоглолт болох нь уу гэлтэй олон уран бүтээлч цуглаж, уухай түрлэг өргөн, зарим нь баярын нулимс дуслуулан зогсож байв. Учир нь энэ өдөр ҮДБЭЧ-ын концертмейстр Д.Нарангэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан аж. Чуулгын уран бүтээлийн ачааны голыг нугалж, бүжигчин, дуучин, хөгжимчин бүгдтэй нь хамтран ажиллаж, уран бүтээлийн ээж болсон эрхэм хүнээ угтан авахаар ҮДБЭЧ-ынхан тайзны гоёлоо өмсөн Төрийн ордны гадна “жагссан” нь энэ байлаа.

Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Айзам” хамтлагийн ахлагч И.Болоож соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа. Тэрбээр Монголын эстрад урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсныг хэн хүнгүй мэдэх биз ээ. Мөн ЦДБЭЧ-ын дарга Ч.Гансүх, “Эртний сайхан” чуулгын туульч Д.Өлзий нар урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм.

Өчигдөр Монгол Улсын Ерөн - хийлөгчийн зарлигаар улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Г.Очирбатад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдгээр энгэрийг мялаалаа.

Мөн Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Ц.Гүррагчаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Лүгээбаатар, ЭМШУИСийн багш М.Сүхбаатар нарыг гавьяат багш, Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзоригийг гавьяат дасгалжуулагч, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад хуульч З.Сааралыг гавьяат хуульч, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад тамирчин Б.Зундуйг гавьяат тамирчин, “Арвангуравдугаар зуун” төвийн гүйцэтгэх захирал Д.Жамъянд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)