Ч.Ундрал: Хамгийн дургүй хувцсаа хамгийн их өмсөх юм

Хоол хийх дургүй ч нөхөр хүүхдээ хооллочихно оо

Улсын драмын эрдмийн театрын Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга, жүжигчин, нэвтрүүлэгч Ч.Ундралтай ярилцлаа. Үргэлж олны хараанд өртдөг энэ бүсгүйн тухай хүмүүс янз бүрийн зүйл ярьдаг ч нэг их муулаад байдаггүй.

Тэрбээр сургууль төгсөнгүүтээ л жүжигчин Өөдөөтэй хамтран дуулж, бараг л ижил хүйстнүүд гэж цоллуулах шахсан. Гэтэл удсан ч үгүй UBS телевизийн мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч болж, үзэгчидтэй учран золгов. Мэдээж хэдэн жилийн өмнө ээж болсноор илүү даруухан болсон талтай ч “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” уран сайхны кинонд тоглосноор эргээд л олны хараанд өртсөн.

Гэхдээ одоо түүнийг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болжээ. Ч.Ундрал дуучин, жүжигчин биш ажил хэрэгч нэгэн болж хувираад байна.

-Жүжигчин хүн байнга өөр өөр дүрд хувирч байдаг. Гэхдээ Ч.Ундрал амьдрал дээр ч олон янзын дүр бүтээж өөрчлөгдөх юм аа. Тиймээс хоёулаа өөрчлөлт гэсэн сэдвээс яриагаа эхэлье. Та амьдралдаа хэдэн удаа, хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?

-Өөрчлөлт гадаад болон дотоод гэсэн хоёр төрөлтэй. Дотоод мөн чанарын хувьд би нэг л удаа өөрчлөгдсөн. Гэнэн томоогүй жаахан охин, ээж Ундрал гэж хоёр өөр төрх байгаа юм шиг ээ. Гэхдээ зөвхөн ингэж ангилж болохгүй байх. Хүний ертөнцийг үзэх үзэл цаг хугацаа өнгөрч, юм сурч, мэдэх тусам өөрчлөгдөж, төлөвшдөг.  Өөрийнхөө амьдрал, бодол санааг дүгнэж, цэгнэх чадвартай болно. Ялангуяа 30-аас дээших насандаа эмэгтэй хүн амьдралыг тодорхой ойлгож, удирдах чадвартай болдог юм байна.

-Танай хүү хэдэн настай билээ?
-Бараг гурван нас хүрэх гэж байгаа.

-Нэрийг нь хэн гэдэг вэ?
-Хабул.

-Содон нэр байна шүү. Хэн өгсөн бэ?
-Би хүүдээ энэ нэрийг өгсөн юм. Хабул бол Монголын хүчирхэг хаадын нэг. Мөн дуудахад богинохон, ирээдүйд хүү минь өөрийн гэсэн бизнестэй болбол өөрийнхөө нэрээр нэрлэж болно гээд л олон талаас нь бодож сонгосон. Сонсоход ч аялгуулаг. Хүүгээ би гоё нэрээр дуудмаар байна шүү дээ. Миний сонголт гэр бүлийнхэнд минь ч таалагдсан учраас энэ нэрийг өгсөн юм.

-Та хоёр гэрлээд хэдэн жил болж байна вэ?
-Хүүхэд төрүүлээд гурван жил болж байгаа ч хамт амьдарч, гэр бүл болоод 10-аад жилийг үдлээ. 

-Нөхөртэйгээ хэрхэн танилцсан бэ?
-Дуучин Оюунбилэгийн дууны нэг клипийг “Очир ундраа” групп ивээн тэтгэж байсан юм. Гантөмөр ах, тэр хоёрын амьдралаас сэдэвлэсэн зохиолтой клипний гол дүрд нь би тоглосон. Тэр үеэр буюу хайрын дууны клипний ажлаар л нөхөртэйгээ танилцаж байлаа. 

-Дуу гэж ярихаар Өөдөө та хоёрыг хамтран дуулдаг байсан тухай асуумаар санагдлаа. Их эрч хүчтэй эхэлж байснаа яагаад дуулахаа больчихсон юм бэ?
-Тухайн үед сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болсон учраас олон нийтэд өөрсдийгөө мэдрүүлэх хэрэгтэй байсан юм. Багш нар “Зуурсан гурил мэт, баримлын шавар шиг хувирах ёстой” гэж сургадаг байсан учраас олон нийт ялангуяа залуусын танил болохын тулд Өөдөө бид хоёр хамтран дуулах шийдвэр гаргасан юм. 

-Нэвтрүүлэгчээр ажиллаад нэлээд олон жил болсон байх аа. Харин жүжигчнийхээ хувьд тайзнаа ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Нэвтрүүлэгчийн ажлын гараагаа “Ийгл” телевизээс эхлээд 10-аад жил ажиллаж байна. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцэе”, “Нөхрөө надад зарчих” зэрэг этгээд нэртэй 3-4 драмын жүжигт тоглосон. Мэдээж надад тохирсон, сэтгэл хөдөлгөсөн бүтээл байх юм бол тоглох л болно. Одоогоор УДЭТ-ын Маркетингийн албаны болон бусад ажил байгаа учраас боломжгүй байна.

-Энэ албаны даргаар ажиллах саналыг хэн тавьсан бэ?
-УДЭТ-ын захирал Цэрэнсамбуу. 

-Таныг хүмүүс жүжигчин, нэвтрүүлэгч гэж мэдэхээс биш маркетингийн ажлын туршлагатай гэж мэдэхгүй. Тиймээс УДЭТ-ын Маркетинг олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж эхлэхээр хүмүүст эргэлзээ бий болсон байх?
-Байдаг л биз.

-Та үүнд ямар тайлбар өгөх бол?
-Театрынхан өөрсдөө санал болгосон учраас энэ ажлыг авсан. Түүнээс гадна оюутан байхаасаа л “Жи”, “Hero” энтертайнментэд продюсерээр ажилладаг байсан учраас амьдралын дадлагаа ашиглаад энд ажиллаж байна. Түүнээс гадна сурах ч юм их байна. Аль алийг нь хослуулна даа. 

-Урлагийн хандивлагч хэрхэн олох талаарх сургалтын үеэр багш “Хүнээс юм гуйхад хамгийн хялбархан биелж байсан хоёр жишээг тэмдэглэ” гэсэн даалгавар өгсөн шүү дээ. Тухайн үед та дэвтэртээ юу гэж тэмдэглэсэн бэ? (Бид хамтдаа Монголын урлагийн зөвлөлийн сургалтад хамрагдаж байсан болно)
-Урлагийн хандивлагч олох нь миний хувьд тийм ч хүнд зүйл биш. Учир нь оюутан байхаасаа л ямар нэгэн хамтлагийн продюсерээр ажиллаж, тоглолт, клип ивээн тэтгүүлэх талаар хүмүүстэй уулздаг байлаа. Хэрхэн хэн хэндээ ашигтай гарц олж, яаж ярилцах талаар бодохоос биш бусдад нь толгой гашлаад байдаггүй. Тиймээс би тухайн үед ажилтай холбоотой биш найз нөхөдтэйгээ хамаатай хүсэлтийг хэлнэ гэж тэмдэглэж байсан. “Тэр минь ингэж асуувал зөвшөөрөх болов уу” ч гэдэг юм уу сэтгэлийн нарийн асуудлууд найз нөхдийн дунд бишгүй л бий.

-Тэгвэл таны амьдралын зорилго, зорилтоос хамгийн хялбар биелсэн нь...
-Хэр том хүсэл тэмүүлэл, зорилготой байгаагаас амархан бүтэх эсэх нь хамаарна.  Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Анхнаас нь гурав болон таван жилээр сайтар төлөвлөж бага багаар урагшилж байгаа учраас би зорилгоо үргэлж биелүүлдэг. Түүнээс биш жаахан хүүхэд шиг романтикаар төсөөлж, өвлийн өвгөнд хүслээ шивнэхгүй л дээ.

-Таван жилийн дараа Ундрал хэн байх бол?
-Ойрын хоёр жилийн төлөвлөгөөнд гадаадад сурах асуудал багтаж байгаа. Харин таван жилийн дараа өөрийн гэсэн телевизтэй болох зорилго тавьсан. 

-Чөлөөт уран бүтээлч байхдаа олны анхааралд өртөхийн тулд дуулж эхэлсэн гэлээ. Таны хувьд олны анхааралд байх нь их чухал уу?
-Угаасаа сонгосон мэргэжил минь олны анхааралд байхыг шаарддаг учраас хэнд ч танигдахгүй уран бүтээлч байснаас онцгой тэсрэлт хийе гэж бодсон хэрэг. Үдэш бүр урилгагүйгээр айл гэрийн хойморт цэнхэр дэлгэцээр зочилдог болохоор олны анхааралд байхгүй гээд ч яах билээ.

-Түүнээс гадна та их өвөрмөц байдлаар хувцасладаг юм шиг ээ.
-Хэтэрхий даруухан байхыг хүсдэггүй. Гэгээлэг тод өнгийн хувцас надад тохирдог юм. Даруухан хувцасыг нэг сар өмсөөд л уйддаг учраас хувцасны шүүгээгээ ухаж тод өнгөтэй цагаан, ягаан, цэнхэр хувцасаа хайдаг. Байнга олон хүний хараанд байдаг болохоор үзэгчдээ хүндэлж, хувцасаа сонгоод заншжээ.

-Ямар хувцас өмсөх дургүй вэ?
-Би пиджак өмсөх дургүй ч ажлын шаардлагаар байнга өмсдөг. Хамгийн дургүй хувцсаа л хамгийн их өмсөх юм даа.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Ганцаардлаас.

-Айдаг болтлоо ганцаардаж үзсэн юм уу?
-Мэдрээгүй учраас л айдаг.  Ганц бие найзуудын зарим нь “Хавар болохоор хүн болгон хосоороо явж байхад ганцаараа байх хэцүү юм” гэх мэтээр ярьдаг. Тэгээд л ганцаардал их аймаар юм гэж бодох болсон.

- Та хоёрт хоёулхнаа цагийг романтик өнгөрөөх боломж гардаг уу?
-Хийж байгаа ажил маань үргэлж романтик байхыг шаарддаг учраас бодитоор амьдрахыг хүсдэг. Ажил, амьдралаа аль алийг нь романтикаар төсөөлөөд байвал хэтрэх байлгүй.

-Хоол хийх дуртай юу?
-Нөхрийнхөө иддэг хоолыг хийчихдэг ч хоол хийх дургүй. Ямар ч байсан нөхөр, хүү хоёроо хооллочихно оо. 

-Та ах, дүү хэдүүл вэ?
-Дөрвүүлээ.

-Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
-Олон л хүүхэдтэй болохыг хүсдэг.

-Хэрэв энэ амьдралын дараа дахин хүн болж төрөх боломж олдоод, танаас Бурхан “За Ундрал аа чи эрэгтэй хүн болох уу эмэгтэй хүн болох уу, Монголд төрөх үү, өөр ямар нэгэн улсад төрөх үү” гэж асуувал юу гэх бол?
-Дахиад монголдоо эмэгтэй хүн болж төрөхийг хүснэ.

-Тэр үед бас л жүжигчний мэргэжил сонгох уу?
-Тухайн үед ямар ч авьяастай байх юм билээ. Магадгүй жүжигчин бололгүй энгийн амьдрал сонгох байх аа. 

Ж.Солонго

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)