Ч.УЛААН, Н.БАТБАЯР нар СУУДАЛДАА ҮЛДЛЭЭ

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг асуудлыг санаачлан өргөн барьсан МАН-ын гишүүд зүгээр сууж байгаад төсөл нь “унахыг” харахыг хүсээгүй учраас уржигдар хүмүүсээ томилон хүнсний захуудад ажиллаж, үнийн судалгаа хийлгэсэн байна. Энэ тухай мэдээллээ график, зураг, дүрстэйгээр цаасан дээр буулгаад ширээ ширээнийхээ урд олонхид харуулан байрлуулсан юм. Шинэ жил дөхөж байгаа учраас улс төрийн асуудал ярьж буй ч уур амьсгалыг мэдэрч, гацуурын хэлбэрээр зурсан үнийн мэдээлэл ч харагдана лээ. Цагаан будаа, өндөг, махны үнэ Шинэчлэлийн Засгийн газар эрх барьсан нэг жилд хэрхэн өссөнийг тэндээс уншиж болохоор байв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан, УИХ дахь гурван Бүлэг тус тусын байр сууриа эхлээд уншиж танилцуулсан. МАН-ынхан эдийн засгийн “ok” үзүүлэлттэй улс орныг Н.Алтанхуягийн Засгийн газарт өргөн барьсан атал тэд жилийн дотор уруудуулсныг онцлов. Харин АН эсрэгээр ямар хэцүү эдийн засагтай улс хүлээж авч өөд нь татсанаа ярьсан. Шүүмжлэх тал нь эдийн засгийн уруудсан үзүүлэлтүүдийг баримтаар иш татсан бол олонхийн бүлэг өссөн, өөдөлсөн салбараа онцолсон. Сандал, суудал тойрсон асуудал ярихаар манай гишүүдийн ирц өндөр байдаг ёсоор энэ өдөр 65 хүн хуралд ирсэн байв. Бүлгүүд дүгнэлтээ танилцуулсны дараа гишүүд асуулаа.

А.Бакей: -Өмнөх Засгийн газраас Шинэчлэлийн Засгийн газар ямар эдийн засгийг хүлээж авсныг тоймлож хэлэхгүй юү. “Чингис” бонд авах зайлшгүй шаардлага нь юу байв. Хэрэв үүнийг аваагүй бол эдийн засгийн нөхцөл байдал ямар болох байв?

Н.Батбаяр: - Бид эрдэс баялгийн үнэ, гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багассан, дотооддоо өр үүссэн эдийн засаг хүлээж авсан. Дэлхийн эдийн засаг хүндэрсэн үед валютын урсгал болон хөрөнгө оруулалт багасах нь гэж үзээд таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах зөвш өөрлийг УИХ-аас өгсөн. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаалсан байгаа. Хэрэв энэ мөнгө орж ирээгүй бол 2008 оны хямралын үеэр валютын ханш огцом унаж, эдийн засаг хасах тоо руу орж, бүтээн байгуулалт зогссонтой ижил болох байсан. Бид дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьсан ч валютын ханш тодорхой хэмжээгээр алдагдсан. Гэхдээ бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. 1800 км зам ашиглалтад орууллаа. Найман хувийн зээл мөрөөдөл байсан нь бодит болсон. Олон өрх зээлд хамрагдсан. Энэ бүхэн “Чингис” бондын үр дүн.

Ч.Улаан: -Хэрэглээг хөөрөгдсөн, нийгмийн халамжид бүхнээ зориулсан явцуухан бодлоготой эдийн засгийг Шинэчлэлийн Засгийн газар хүлээж авсан. Ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасал болгосон байсан. Үүнийг өөрчилж, халамжийг цэгцлэн, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулсан. Энэ бүх ажлыг эхлүүлэхэд бонд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.

М.Энхболд: -Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тасарсны шалтгаан юу вэ?

Н.Батбаяр: -Өмнө нь төсвийн гүйцэтгэлийн 40 хувь нь хийгээгүй ажил байдаг байлаа. Хуулиар үүнийг өөрчилж, зөвхөн бодит ажлаа гүйцэтгэлд бичдэг болсонтой холбоотой. Я.Содбаатар: -Энд зөвхөн хоёр сайд солих талаар яриагүй. Эдийн засаг хүндрээд байна. Хоёр сайд дөрвөн ч хуулийн 13-14 заалт зөрчсөн байхад Байнгын хороо “Огцруулах үндэслэлгүй” гэж үзсэн. Ямар тохиолдолд огцруулах үндэслэл бүрдсэн гэж үздэг юм бэ. Н.Батбаяр сайд энэ онд 1800 км зам тавьсан гэх юм, надад байгаа мэдээллээр бол 1500 км байна.

Ц.Даваасүрэн (Төсвийн байнгын хорооны дарга): -Би бол зөвхөн хурал зохион байгуулах үүрэгтэй. Шийдвэрийг гишүүд олонхиороо гаргадаг. Тэдний шийдвэрийг би тайлбарлахгүй. Ер нь төсвийн гүйцэтгэл нь 100 хувь гардаг Сангийн сайд өмнө нь байгаагүй шүү дээ. Үүнийг зогсооё гэвэл УИХ төсвийн гүйцэтгэлийг батлахдаа анхаарах ёстой.

Н.Батбаяр: -1800 км замыг энэ онд ашиглалтад оруулсан. “Гудамж” төслийг хүмүүс анхнаас нь дэмжиж, хэрэгжүүллээ. Долларын ханш 1733 төгрөг хүрч өссөн нь үнэн ч одоо 1645 төгрөг болж буусныг та өмнөө тавьсан цаасан дээр бичсэн бол хүмүүс итгэнэ.

Д.Оюунхорол: -УИХ-ын 76 гишүүн амьдралаас тасарчихвал ард түмэн хэнд итгэх вэ. Өчигдөр бид хүнсний захад очиж ажилласан. Баяр болоод орлого сайн байх үе атал жижиглэн худалдаачид өдөрт 50-70 мянган төгрөг арай ядаж олж, түрээсийн төлбөрөө ч өгч дийлэхгүй байгаагаа Ерөнхий сайдад уламжилж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөнийг үгүйсгэж, “Амьдрал сайхан байна” гэх юм. Байнгын хороо энэ асуудлаар судалгаа хийсэн юм уу. Ч.Улаан насаараа Сангийн сайд хийсэн, эдийн засгийн байдал тантай холбоотой. Хөрөнгө оруулалт яагаад 70 хувиар тасарч, орлого нэг их наяд төгрөгөөр дутав. Зорилтот хэсэгт 21.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохыг та яагаад дэмжихгүй байна вэ?

М.Гарамгайбаатар (Эдийн засгийн байнгын хорооны дарга): -Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийж, дүгнэлтээ хүргүүлсэн шүү дээ.

Ч.Улаан: -Би өнгөрсөн цаг хугацаандаа дүгнэлт хийдэг. 10 жилийн өмнө би Монгол Улсын их өрийг яаж тэглэх, 20 жилийн өмнө картын барааг хэрхэн халах талаар судалгаа, тооцоон дээр ажиллаж байсан. 2008 онд үндэслэлгүй амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэх гэж үхэн хатан хөөцөлдсөнөөс л өнөөдөр байдал ийм болсон. Тэр үед би харин Засгийн газарт ажиллаагүй шүү. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг. Нийгмийн хавтгайрсан халамжийг цэгцэлж, зорилтот хэсэгт хүргэхийг дэмжинэ. Бид сайн, муу хэлүүлэн байж хавтгайрсан халамжийг цэгцэллээ, төсвийн зарлагыг таналаа. Алдагдлыг ДНБий хоёр хувиас хэтрүүлэхгүйн төлөө, эдийн засгаа зөв голдиролд нь оруулахын төлөө ажиллаж байна.

Ө.Энхтүвшин: -МАН-ын 26 гишүүн л ийм асуудал тавиагүй. Бид 100 гаруй суманд ажиллалаа, амьдрал хүнд байгааг иргэд хэлж байна. Н.Батбаяр сайд гаднаас зээл, тусламж авахаа л ярих юм. Дараа нь яаж төлөх тухай огт бодохгүй, биднээс хойш галав юүлсэн ч хамаагүй гэсэн байдлаар хандаж байна. Бондын өр төлөөд эхлэх үед та нар амьд байхгүй.

Н.Батбаяр: -Сайн ч, муу ч юм бий. Өмнөх Засгийн газар хэрэглээг, харин бид үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж байна. Тиймээс барилгын салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Валютын ханшийг барьж чадаагүйгээс үнэ өссөн зүйл бий. Бид арга хэмжээ авсан, долларын ханш бууж эхэллээ. Ирэх оны төсөвт бид долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон, үүнийхээ төлөө ажиллана. Зөв бодлого, ажиллагаа хэрэгтэй. Үүний төлөө хамтарч ажиллахыг та бүхнээс хүсье.

Ц.Нямдорж: -АН-ын бүлгийн даргын дүгнэлтийг шимтэн сонсоод “Ерөнхийлөгч, бас Монголын ард түмэн худлаа хэлсэн юм байна. Хариуцлага маш өндөр, амьдрал сайхан байгаа” гэж ойлголоо. Олонхийн 45 гишүүний хэлсэн үг л үнэн байдаг аж. Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” явахыг уриалахдаа “Төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарлаа. Холбогдох сайд нарт хариуцлага тооцох ёстой” гэж хэлсэн. Өртэй, төсвийн орлого нь тасарсан нөхцөлийг “Сайн” гэж үздэг юм байна. Эдийн засаг муу байгааг Ерөнхийлөгч, Олон улсын байгууллагууд хэлээд байгаа юм. УИХ 17 сайдын улаан хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Намайг УИХ-ын дарга байхад гурван ч сайд огцорч байсан юм. Ухаалаг төр байгуулж, иргэдээ эх оронд нь хүн шиг амьдруулна гэсэн чинь энэ үү, асуух ч зүйл алга.

С.Дэмбэрэл: -Хоёр талын аль аль нь туйлширч байна. Төгс, эсвэл адгийн муу байгууллага гэж үгүй. Цөөнх өмнөө бодит тоо баримт дэлгэжээ. Гэхдээ шийдэл нь хаа байна. Энэ хоёр сайдын зөрчсөн гээд байгаа хуулиудыг УИХ баталсан шүү дээ. Засгийн газар нь ч сайн ажилладаггүй. Яагаад гэвэл бид том төр байгуулчихсан. Та хоёрын хэн хэнийх нь эдийн засгийн талаарх арга барил хоцрогдчихжээ. Тиймээс эдийн засаг биш, улс төрөө л сайн ярихаа бод.

Ё.Отгонбаяр: -Огцруулах асуудал хөндөхөөр бонд аваад бүх зүйл сайхан болно, долларын ханш буурч байна гэх юм. Долларын ханшийг буулгаж, иргэдийн амьдралыг сайхан байлгахын тулд хоёр долоо хоног тутамд хэн нэг сайдыг огцруулах асуудал оруулах ёстой юм уу. Бид хоёр хүн огцруулснаар эдийн засаг сайжирна гээгүй, байдал ямар байгааг хэлж, хариуцлага байх ёстойг сануулсан юм.

Н.Энхболд: -Хууль биелэхгүй байна. Сайн ажилласан гээд хууль зөрчиж гүйцэтгэсэн бол хамаагүй гэх логик байх учиргүй. “Гудамж” төслийг хүмүүс дэмжсэн. Гэвч гүйцэтгэсэн барилгын компаниудыг нь тендер зарлахгүйгээр сонгосон байна. Энэ чинь хууль зөрчсөн үйлдэл. Бид эдийн засгаа зөв голдиролд оруулахыг хүсэж байгаа. Бонд авлаа гээд буй ч дараа нь дааж давшгүй их өрөнд оруулахаа тооцохгүй байна. Энэ мэтээр эсрэг, сөрөг тоо ярилцаж, мэтгэсээр УИХ-ын чуулганд ирсэн бараг бүх гишүүн үг хэлсний дараа санал хурааж, олонхийн шийдвэрээр хоёр сайд суудалдаа үлдлээ.


 С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)