Чоно үүрэндээ ӨЛЗИЙТЭЙ

Маржори Жексон бол Америкийн Иниана муж улсын Индианаполис болон өөр хэд хэдэн хотод хүнсний дэлгүүрийн томоохон сүлжээ эзэмшдэг Лафайет Эндрюгийн хүү Честер Жексоны бэлэвсэн эхнэр юм. 1931 онд шоронгоос оргосон хоригдлууд Эндрюгийн нэг дэлгүүрийг хоослоод хөрөнгөө хамгаалах гэж оролдсон эзнийг нь буудаж орхисон аж. Эцгийн үйл хэрэг Честерт өвлөгдөлгүй яах вэ. Честер гэр бүлийн бизнесээ 16 жил эрхэлж, 1947 онд түүний дэлгүүрийн сүлжээг цай үйлдвэрлэдэг компани худалдаж авлаа. Тэр үед Честерийн нийт хөрөнгө 25 сая ам.доллароор (одоо бол 290 сая ам.доллар) үнэлэгдэж байжээ.

Маржори О’Коннели хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа Честертэй анх танилцсан байна. Честер гэр бүлтэй байсан тул тэд нууцаар харилцаж байв. Честер хэдэн жилийн дараа эхнэрээсээ салжээ. 1952 онд Маржори, Честер хоёр хамт амьдрах боллоо. Честер банканд итгэдэггүй тул мөнгөнийхөө ихээхэн хэсгийг гэртээ хадгална. Энэ хачирхалтай дадлыг Маржори ч хадгалж үлдэв.

Честер 60 настай гэргийгээ 14 сая ам.доллартой үлдээгээд 1970 онд нас баржээ. Мань эмэгтэй бараг бүх мөнгөө банканд хадгалуулав. Төрөл садан, үр хүүхэд ч байхгүй саятан Маржори ор ганцаар аж төрнө. Хөршүүдийнх нь ярьснаар бол тэрбээр гэрээсээ ховорхон гарна. Тэгэхдээ эргэн тойронд нь өвс ногоо битүү ургасан тэр гэрт этгээд зантай бэлэвсэн эхнэр амьдардгийг хүмүүс андахгүй. Энэ эхнэр тэжээмэл шувуу болон амьтадтайгаа ярьж, шашны жигтэйхэн ёслол үйлдэж, арьс өнгөөр ялгаварласан агуулгатай үгс хашхирна. Хашаанд нь “Cadillac” маркийн хоёр ч машин байвч хэн ч үл унана.

Банкан дахь хадгаламжаас нь тэндхийн нэг ажилтан 700 мянган ам.долларыг нь хувьдаа авчихсаныг Маржори 1976 онд мэджээ. Үүнээс хойш нэг удаад 500 мянгаас сая ам.доллар авах гэж чемодан юм уу, цаасан уут барьж банк руу явдаг ажилтай болсон байна. Мөнгөө гэртээ авчраад шкаф, багажны хайрцаг, хогийн сав, тоос сорогч дотор нуудаг байж. 1971 оны 1-5 дугаар сард Маржори банкнаас 8.6 сая доллароо авчихсан байна. Маржорийг нас барахад гэрт нь 11 сая ам.доллар байсан гэж үздэг. Ийм их мөнгө гэртээ хадгалах нь амь насанд чинь аюултай гэж банкны ажилтнууд, цагдаа нар, шүүгч, прокурорууд түүнд ойлгуулах гэж хичээсэн ч бусдын явдалд хошуугаа бүү дүр гэсэн хариулт сонсдог байлаа.

Ганц бие саятан эмэгтэй гэртээ асар их мөнгө хадгалдаг гэх чимээ тойрог даяар тархаж, 19 настай Уолтер, Говард хоёр энэ баян айлыг “цэвэрлэхээр” шийджээ. Шөнө уг айлд орсон дээрэмчид авах зүйлээ эрэх шаардлага байсангүй, үнэтэй эдлэл хаа сайгүй хэвтэж байх нь тэр. Хулгайчид өвөр түрийгээ элдэв сайхан юмаар дүүргэчихээд байтал хувцасны шүүгээнээс нь 817 мянган доллар олжээ. Хулгайчид тэр даруйд гарч явав. Замдаа Говард нь машины цонхоор эрдэнийн чулуун шигтгээтэй үнэт эдлэл, бөгж, өндөр үнэтэй цаг... гээд шидээд байжээ. Ийнхүү Маржори цагдаад хандаагүй ч туршлагагүй хулгайчид өөрсдийгөө барьж өгөх үйлдлийг эхнээсээ л хийгээд байв. Тэд мөнгийг хайр найргүй үрж, олзоороо гайхуулж явлаа. Цагдаа нар саятан бэлэвсэн эхнэрийнд ирж, хулгайчдын эсрэг нэхэмжлэл гаргахыг шаардахад Маржори буу гарган тэднийг хөөв. Говард, Бергин хоёр үүнээс хойш нэлээд олон хэрэг өдүүлж байж 1978 онд баривчлагджээ.

1977 оны тавдугаар сарын 2-ны шөнө Маржоригийн гэрт дахин хулгайчид “залрав”. Тэд энэ удаад нэг сая ам.доллар аваад үлдсэнийг нь өөрийн болгохоор хэдэн өдрийн дараа дахин иржээ. Гэтэл гэрийн эзэн сэрж тэдэнд эсэргүүцэл үзүүлэх гэж оролдоод буудуулсан байна. Мөрөө баллахын тулд хулгайчид гэрт нь гал тавьсан ч хөршүүд нь мэдэж дуудлага өгснөөр галыг тэр дор нь унтрааж, Маржори харин амиа алджээ. Гэрээс нь цагдаа нар таван сая доллар олов. Энэ мөнгө хогийн саванд байсан аж. Чухам юу хулгайлагдсаныг цагдаа нар хэлж чадахгүй байлаа. Гэрт өндөр үнэтэй хүнсний зүйл, тансаг чамин хувцас, үнэт зүүлт чимэглэл олон, чухам юу алга болсныг үйлчлэгч нь ч тодорхой хэлж мэдэхгүй байв.

Гэрийг нь нэгжихэд 50 талх, 70 орчим кг кофе, олон зуун боодол жигнэмэг, “Бурхан танаа, Маржоригоос” гэсэн бичигтэй ил захидал олджээ. Түүнчлэн Есүст хаяглаж “Чиний шавь Маржоригоос” гэсэн бичигтэй ил захидал хавсаргасан, боож бэлтгэсэн зүйл олон байжээ. Ширээн дээр нь өндөр үнэтэй шаазан болон болор сав суулга тавьсан байв. Ийм маягаар Маржори бурхантай уулзахаар бэлтгэж байсан бололтой.

Чинээлэг хатагтайн амийг хороосон хэрэгт сэжиглэн цагдаа нар хэд хэдэн хүн баривчлав. Говард Уиллард, Мануэль Л.Робинсон нарыг гол хэрэгтэн гэж үзсэн байна. Тэднийг барихад төвөг байсангүй, тэд мөнгийг олж авмагцаа ёстой л гарынхаа салаагаар урсгаж гарч дээ. Уиллард, Робинсон хоёрыг диллерийн төвийн худалдаачид анх сэжиглэсэн байна. Энэ хоёр залуу хэд хэдэн машины үнийг бэлэн мөнгөөр төлөхийг санал болгожээ. Тиймээс сэжиг бүхий худалдан авагчдын талаар цагдаа нарт хэлж орхижээ. Робинсоныг эхэлж баривчлав. Гэрийнх нь орны доор 1.6 сая ам.доллартой чемодан байсныг илрүүлжээ. Нэрийг нь сайн санахгүй байгаа нэг хүн энэ мөнгийг хадгалж бай хэмээн өгсөн гэж Робинсон мэдүүлсэн аж. Мөрдөн байцаагчдын аргад автсан тэрбээр мөнгөний эзний утасны дугаарыг өгчихжээ. Тэр нь Уиллардын үерхдэг бүсгүйн утас байв. Уиллард, бүсгүй хоёр нуугдах гэж оролдоод чадалгүй баривчлагдлаа.

Маржорийг алсан гэж үзэж Уиллардад насаар нь хорих ял оноов. Уиллард 1987 онд шоронд нас баржээ. Робинсоныг хүний амь хороосон хэрэгт холбогдуулаагүй ч хулгай хийсний учир ял өгчээ. Тэрбээр 1988 онд суллагдсан ч өөр хэрэг үйлдэн хоёр жилийн дараа 10 жилийн ял авсан байна. 1977 онд Маржоригийн гэрээс хулгайлсан мөнгөнөөс нь 450 мянга орчим ам.долларыг эрх мэдэлтнүүд халаасалсан гэж Робинсон үздэг аж. Уиллардтай үерхдэг бүсгүй Маржоригийн хулгайлсан мөнгийг нуусан газарт Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны ажилтнуудыг дагуулж очсон аж. Аризона мужид цөл газар 1.5 метр гүнд 1.7 сая ам.доллар саванд хийгээд булсныг ийн олжээ.

Олз хайсан ангуучдад алдчихгүйн тулд хулгайлсан мөнгөө хэд хэдэн хэсэг болгож нуухыг нэрд гарсан өмгөөлөгч Ли Бейли зөвлөснийг энэ бүсгүй гэрчлэн хэлсэн байна. Бууж өгөөд, мөнгийг буцаасан тохиолдолд л эрх ашгийг нь хамгаална гэж би түүнд хэлсэн. Цагдаа нартай яриа хөөрөө хийж байхдаа Уиллардтай хамт явж байсан хүүхдийн аюулгүй байдлыг бодож, мөнгөө нуухыг зөвлөсөн гэж Бейли мэдүүлжээ. Бейли болон Маржоригийн мөнгийг хулгайсан хэргийг мөрдөж байсан ХМТ-ны ажилтан агсан хоёр хүн амиа алдсан эмэгтэйн хөрөнгөөс “амссан” гэдэгт сэтгүүлчид эргэлздэггүй аж. Индианаполисын өмгөөлөгчдийн нэг Жон Шварц “Уиллард, Робинсон нар хэдий хэр мөнгө хулгайлсан нь тодорхой биш. Бэлэвсэн эмэгтэйн мөнгөний зарим нь олдоогүй байгаа бол бол тэр нь чухам хаана байна гэдэг асуулт хариултгүй үлдсэн” хэмээжээ.

Алга болсон гэх мөнгөний зарим хэсэг нь хэний гарт орсныг таамаглаж буйгаа Аризона мужийн 81 настай сэтгүүлч-мөрдөгч Дон Деверо 2015 онд олны сонорт хүргэсэн байна. Өөрийн нэр хүндийг хамгаалах үүднээс ХМТ уг хэргийн талаарх ноцтой мэдээллийг нууцалсан гэж тэр үзэж байлаа. Түүний таамагласнаар гэмт хэрэгтнүүдийн нэгийнх нь дээрэмдсэн мөнгөний заримыг ХМТ-ны ажилтан байсан хүн авсан аж. Хөгшин сэтгүүлчийн үгийг тэр болгон хүн тоосонгүй. Деверогийн таамаглалыг галзуу хүний үг гэж үзэж байхад үнэн байж болох зүйл гэх хүн ч бас бий.

ХМТ баримтыг нууж байна гэж сэжиглэх үндэслэл Деверод байжээ. Маржоригийн мөнгийг дээрэмдсэн хэргийн талаарх бичлэгүүдийг өгөхийг ХМТ-ноос 2014 онд хүссэн чинь устсан байна гэсэн хариу өгчээ. Ер нь энэ сэтгүүлч янз бүрийн мэдээлэл лавлаж өгөхийг тус товчооноос 50 гаруй удаа хүссэн ч ганц ч удаа бүтэлтэй хариу авч байсангүй.

Деверогийн үзэж буйгаар ХМТ-ны ажилтнуудын нэг нь хэргийн протоколд тэмдэглэснээс хавьгүй илүү доллар бэлнээр олоод нэг хэсгийг нь Швейцарын банканд хадгалуулсан. Тэгээд тэтгэвэрт гарахдаа мөнгөө бүгдийг нь авсан. Энэ мөнгөөрөө Аризона мужийн Финикст өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авч. Үүнийг батлах бичлэг өвгөн сэтгүүлч олжээ. Бэлэвсэн эхнэрийн өв хөрөнгийн зарим хэсэг алга болсон нь тун хачирхалтай. Тэгээд ч нөгөө хоёр гэмт хэрэгтэн мөрдөн байцаагч нартай ихээхэн идэвхтэй хамтарч ажилласан гэж Пулитцерийн шагналд хоёр ч удаа нэр нь дэвшиж байсан ахмад сэтгүүлчид мэдээллийн нэг эх сурвалж хэлсэн байна. Тиймээс Маржоритой холбоотой хэргийн баримтыг олж өгөхийг ХМТ-ноос Деверо дахин хүсжээ.

Лавлах материал үзээд Деверо ихээхэн гайхав. Мөнгөний зарим хэсгийг өөрийн болгосон гэж сэжиглэсэн ХМТ-ны ажилтны нэр яг хэвээрээ байх юм гэнэ. Тэгэхдээ түүний нэрийг бүр зургаан удаа дурдсан байв. Тус товчооны хэд хэдэн ажилтан сэжигтэн этгээдийг бас хардаж, нэрийг нь уг лавлах материалд бичcэн аж. Тэгсэн хэрнээ олон нийтэд хүргэсэн баримтад тэр нэрийг огт оруулаагүй байв.

Маржоригийн мөнгийг дээрэмдсэн хэрэгтэй холбоотой зарим материал алга болсныг ХМТ-ны дээд байгууллага болох Хууль зүйн яамныхны сонорт Деверо хүргэж, үүнийг шалгаж тодруулахыг хүссэн байна. Тэгсэн чинь ажилтнууд нь хууль дүрмээ ноцтой зөрчиж байна гэх мэдээллийн мөрөөр ямар нэг арга хэмжээ авахгүй гэж ХМТ сэтгүүлчид мэдэгджээ.

Одоо чөлөөнд байгаа цагдаагийн ажилтан Стив Керс, Маржоригийн садны Жексон нарын тооцоолсноор дор хаяж 1.6 сая ам.доллар алга болжээ. Харамсалтай нь, үүнд хэн буруутай нь үүрд нууц хэвээр үлдэх бололтой.

Бэлтгэсэн: Р.Жаргалант 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)