Ч.Однасан: “Усан спорт сургалтын төв”-ийг худалдах доод үнэ 10.8 тэрбум төгрөг

“Усан спорт сургалтын төв”- ийг энэ сарын 9-нд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэж буй. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас энэ талаар тодрууллаа.

-Энэ онд нийт хэдэн объектыг дуудлагаар худалдах вэ. 9-нд болох нээлттэй дуудлага худалдаагаар “Усан спорт сургалтын төв”-өөс гадна ямар ямар объектыг хувьчлах вэ?

-2017 онд долоон объектыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болсон. Тэдгээрийн олонх нь Улаанбаатар хотын өмнөх удирдлагуудын үед хувьчлах жагсаалтад оруулсан газрууд юм. Тухайлбал, “Усан спорт сургалтын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 32/29 дүгээр тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Энэ сарын 9-нд “Усан спорт сургалтын төв”-өөс гадна гурван объектыг нээлттэй дуудлага худалдаанд оруулна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XIII хороонд орших, Захирагчийн ажлын албаны хоёр барилга, мөн тус дүүргийн XIV хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга болон Сүхбаатар дүүргийн XIII хорооны хуучин байр, цэцэрлэгийн барилгыг үүнд багтаасан байгаа.

-“Усан спорт сургалтын төв”-ийг дуудлагаар худалдах доод үнэ хэд байх вэ. Ер нь энэ объектыг заавал хувьчлах шаардлага бий гэж үү?

-Энэ төвийн барилга 1986 онд ашиглалтад орсон. Жил бүр засвар, үйлчилгээнд нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулдаг. Их засвар хийхэд 3-4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байгаа. Сүүлийн жилүүдэд дүүргүүд бүгд тусдаа Усан спорт сургалтын төвтэй болсны улмаас энэ байгууллага санхүүгийн хувьд байнга алдагдалтай ажиллаж байгаа юм билээ.

Одоогоор тус төв 28 ажилтантайгаар усан спортын сэлэлтийн үндсэн дөрвөн төрлөөр сургалт явуулж байгаа. Жилд давхардсан тоогоор 80-120 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг ч энэ тоо жил ирэх тусам буурч байгаа гэдэг. Нэг үеэ бодоход Улаанбаатарт хувийн бассейн, усан спортын төвүүд нэмэгдэж байгаа шүү дээ. Тиймээс хотын өмнөх удирдлагууд тус төвийг хувьчлах нь зүйтэй гэж үзсэнийг бид ч дэмжсэн.

“Усан спорт сургалтын төв”-ийг дуудлагаар худалдах доод үнийг 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг гэж тогтоосон байгаа. Дэнчингийн хэмжээ нь 1.08 тэрбум төгрөг байх юм.

-Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг хэзээ бүртгэх вэ. Тэд хаана хандах боломжтой вэ?

-Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн материалыг өнөөдрөөс эхлээд энэ сарын 6-ны 10.30 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 15 тоот өрөөнд хүлээн авах юм. Худалдах барилгын талаарх мэдээлэл болон дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch. ub.gov.mn гэсэн цахим хуудаснаас авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)