Ч.Мөнхбаяр: Багануур дүүрэгт "Онц аюултай мега төсөл" хэрэгжүүлж байна

Багануурын 700 Мвт-ын чадалтай цахилгаан станцын концессын шалгаруулалтад БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж болон "Пинггао групп",  түүний 100 хувь охин компани болох "Багануур Пауэр" ХХК-ийг Концесс  эзэмшигчээр бүртгүүлсэн нь онц аюултай, маш нууц мега төслүүд гэж үзэж байгаа талаараа "Нэгдсэн Монгол" хөдөлгөөнөөс хэвлэлд мэдээллээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Багануурын иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн мэдээллэхдээ "Үндэсний аюулгүй байдалд учрах гол аюул нь БНХАУ-ын төрийн өмчит компани эрчим хүчний салбарт 25 жилийн турш ноёлох явдал юм. Багануур дүүргийн ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон. Албан бус эх сурвалжаар Хятадын компани 60 сая долларыг тендерт ялахын тулд зарцуулсан гэж яригддаг. Энэ төсөлтэй болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилыг АТГ шалгаж байгаа. Түүний 16 давхар зочид буудлын барилга бариулсан нь хятад компаниас авлига авсан гэж хардагдахаар бөгөөд барилга дээр нь хятад ажилчид ажиллаж байсан гэдэг. Энэ төсөл мега төсөл гэх ангилалд багтаж байгаа тул эрсдэлээр дүүрэн, сүйрэл дампуурлаар төгсөх магадлал их" гэв. 

"Нэгдсэн Монгол" хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр хэлэхдээ "Энэ гэрээ 2015 оны 8-р сарын 28-нд хийгдсэн. Гэрээнд зааснаар жил бүр 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг худалдан авах үүрэгтэй. Хэрэв энэ хэмжээнд хүрэхгүй бол зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ хэмжээ нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг дангаар нь хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир ДЦС 4, ДЦС 3, ДЦС 2 үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. 3000 орчим хүн ажилгүй болно гэсэн үг. Мөн гэрээнд 1кВт эрчим хүчийг 225 төгрөгөөр худалдаж авах заалт орсон нь ОХУ-аас 2013 онд авч байсан үнэтэй харьцуулахад гурав дахин өндөр үнэ юм" гэв. 

Дэлгэрэнгүй дараах лайваас үзнэ үү

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)