Чих зөөлрөх цаг

Үнэмлэхүй олонхын байгуулсан Засгийн газар ажиллаад жил хараахан болоогүй байхдаа эхний сайдаа “үдлээ”. Ажилласан хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх үүргээ сайн биелүүлээгүй, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн “ял” сонссон хүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь. Энэ сарын 25-нд зохион байгуулах байсан ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтын тест задарсантай холбоотойгоор түүнд хариуцлага тооцож, өчигдөр огцрууллаа.

Дэд сайдаасаа муу сайдтай боллоо хэмээн анхнаас нь л түүнийг иргэд шүүмжилсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхэд санаа тавиагүй, үл тоомсорлосон буруу ч түүнд бий. Тиймээс түүнийг огцруулсныг иргэд дэмжив. МАН хариуцлага тооцох улс төрийн зөв жишиг нэвтрүүлж буй нь үнэхээр сайн. Гэвч эргэлзээ, хардлага байна.

НОМХОН ТЭМЭЭГ НООЛОХ АМАРХАН

МАН-ын бүлэг уржигдар ээлжит бусаар хуралдаж, Ж.Батсуурийг огцруулахыг дэмжсэний дараа ажлын цаг дууссан хэдий ч Ерөнхий сайд энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өчигдөр Байнгын хороо, чуулганаар уг асуудлыг оруулаад 12.00 цаг гэхэд шийдэж орхив.

Үнэхээр хурдтай ажиллаж чадаж байгаа юм. Хэдийгээр зарим гишүүн систем нь буруу болохоос сайдад асуудал байхгүй, эсвэл хандив босгож чадаагүй учраас золиосонд явуулж байна гэх мэтээр байр сууриа хэлсэн ч үнэмлэхүй олонхын бүлэг шийдвэрээ гаргасан учраас түүнийг явуулж ядсангүй.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилсон учраас уг албан тушаал эзгүй байгаа. Одоо сайдгүй болов. Түүний оронд сайд болж, хоёрдугаар ээлжийн “хоолонд орох” хүсэлтэй хүн МАН-д олон. Бас тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баярсайхан сайд болно гэх яриа ч гарчээ.

Гэхдээ энэ эрхмийг сайд болж дэвшүүлэх нь бүү хэл, хариуцлага тооцож ч магадгүй аж. Учир нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр “Энэ яаман дээр ажлын уялдаа, удирдлага зохион байгуулалтын менежмент алдагдсан, удирдлагууд нь хоорондоо хэл амтай гэсэн шүүмжлэл ирсэн. Мөн Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж тус яамны газар, хэлтсийн дарга нар Ерөнхий сайдад албан бичиг ирүүлж байсан.

Ийм асуудлууд байгаа учраас ажлыг нь сайжруулж, хариуцлага тооцох хүмүүст нь тооцоод явна” хэмээн ярьжээ. Ерөнхий сайд энэ сарын 1-3-нд ОХУ-д айлчилна. Ирснийх нь дараа орны хүнийг томилох юм байна. Тэр болтол Ж.Мөнхбат сайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг түр орлох юм билээ.

Нөгөө талаар энэ Засгийн газарт Ж.Батсуурийн адилаар хариуцлага тооцох сайд олон. Цэрэг эрс амиа алдаж, ээж, аавын хөвгүүд эрүүл мэнд, амьдралаараа хохирч байхад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ яагаад зүгээр өнгөрнө гэж. Эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлж байгаа атлаа хүүхдэд нэмэгдэл тэжээл өгөхийг хориглох гэх мэт хөрсөн дээр буухгүй асуудлаар оролдож яваа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, байгаль орчны салбарт хангалттай ажиллахгүй байгаа Д.Оюунхорол гээд жагсаалт үргэлжилнэ.

БОАЖЯ-ны удирдлагууд авлига авч байгаад АТГ-ынханд баригдсан хэрэг гарсан нь л сайд огцрох хангалттай шалтгаан болно. Энэ бүхнийг сайд нар гардан хийгээгүй ч салбарт нь алдаа гарвал хариуцлага үүрэх л ёстой. Ганц буруу үг хэлснийхээ төлөө дэлхийн улс орнуудад сайд нар нь огцордог соёл бий. Мөн эдийн засгаа өөд татах талаар дорвитой алхам хийж чадахгүй, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж, татвар нэмэх арга зам л сонгосон Сангийн сайдад ч аль эрт хариуцлага тооцох ёстой байлаа.

Гэтэл тэднийг биш, номхоноор нь Ж.Батсуурийг ноолжээ. Ерөнхийлөгчийн сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа болно. Үүнээс өмнө МАН-ынхан хариуцлага тооцож чаддаг гэдэг имиж бүрдүүлэх “нэр төрийн золиос”-нд түүнийг өргөсөн нь энэ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоо хоногийн өмнө ийм гэнэтийн шийдвэр гаргасныг ингэж хардахаас аргагүй байна.

Сонгуульд зориулсан, нэр хүндээ өсгөх тактик биш л байсан юм бол 29, 110 дугаар сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдсөн тухай шуугих үед нь Ж.Батсуурийг, Тавантолгойд байлдааны сургуулилалт хийж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амь үрэгдсэн даруйд Б.Бат-Эрдэнийг огцруулах байв. Тэгсэн бол МАН гоё харагдах байлаа.

ГОМДООН БАЯРЛУУЛНА

“Эдийн засаг хэцүү байна, ард түмэн та нар бүсээ чангал” гээд л төсвийн тодотголоор долоон төрлийн татвар нэмж орхисон. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд ингэх ёстой гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн “айлдсан”. Гэтэл нөгөөдүүл нь ямар татвар нэмж, аль зардлаа хасах нь Засгийн газрын асуудал гэсэн тайлбар хэлээд мань сайдын “нууц”-ыг задалчихаж байгаа юм.

Гэвч гүрийсээр хадгаламжийн хүүнээс, хүн амын олонхын унадаг хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинаас шинээр татвар авахаар болсон. Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинд өнгөрсөн сарын 1-нээс 50 хувийн татвар тогтоож, 375.000-6.675.000 төгрөг авч буй.

Ингээд “Приус” машины үнэ 2-3 сая төгрөгөөр нэмэгдэж, наймаачид, иргэдийн дунд үл ойлголцол үүсэж эхэлсэн. Уг шийдвэрийг гаргахын өмнө сөрөг хүчин ч, иргэд ч эсэргүүцлээ олон удаа илэрхийлсэн, тэд үл тоосон. Тэгснээ одоо гэнэт тоохоор шийдэв.

Учир нь Сангийн сайд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барилаа. Татвар нэмэхээс өмнө захиалсан болон лизингээр авсан “Приус” автомашины борлуулагч, худалдан авагч нарын дунд үл ойлголцол бий болсон, гааль дээрээс автомашинаа хугацаандаа авч чадахгүй бөөгнөрөл үүссэн зэрэг асуудал гарсныг ойлгосон гэнэ.

Тиймээс дээрх төрлийн автомашинуудад ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор өөрчлөлт оруулж буй аж. Засгийн газар шийдвэрээ гаргах хүртэл тавдугаар сарын 1-нээс хойш төлсөн татварыг нь иргэдэд буцааж олгох юм байна.

Татвар нэмж, иргэдийнхээ сэтгэл зүйгээр тоглоно, тэгснээ “Болилоо, буцааж ав” гэж тавлана. Болчимгүй, бодлогогүй шийдвэр гаргах нь, будлиан үүснэ шүү хэмээн сануулаад байхад тоогоогүй атлаа одоо сонгууль хаяанд ирмэгц татвар буулгасан “баатар” болно л гэж гэнэхнээр тооцсон хэрэг. Гомдсон иргэд төлсөн татвараа буцааж аваад л баярлачихгүй. Сонгогчид тэнэг биш.

Энэ сарын 6-наас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. 26-нд санал хураана. Тэр болтол эрх баригчид тун уян хатан байж, иргэдээ анхааралтай сонсох нь мэдээж. Тэдний чих зөөлөрдөг цаг үе ирээд байна. Тиймээс намынхаа нэр хүндийг өсгөхийн тулд дээрхээс эхлээд цөөнгүй сайхан шийдвэр гаргах биз ээ. Гэвч сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ. Ямар ч шийдвэрийг өөрчилж болдог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)