Чиргүүлийн холбоос мултарч хоёр хүн, найман үхэр үрэгджээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, 61-ийн гармаас хойш Дархан-Уул аймаг явах замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдаж, ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Хово Синотрак” маркийн хүнд даацын автомашин зориулалтын бус чиргүүл чирч, Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд буудай зөөж байсан гэнэ. Хэрэг гарсан шөнө уг машин чиргүүлдээ 20 тн буудай ачиж, даваа уруудаж явсан аж. Гэтэл чиргүүлийн холбоос нь мултарч, зөрж явсан “Маити” маркийн автомашиныг мөргөж онхолджээ. Энэ ослын улмаас “Маити”-д явсан хоёр хүн газар дээрээ нас барж, жолооч нь хүнд гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна. Мөн уг ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Маити”-гийн жолооч цагдаагийнханд “Бид Хөвсгөл аймаг руу явж байтал ийм явдал боллоо” гэж ослын дараа тайлбарласан гэнэ.

Ослыг харсан зарим жолооч “Тэнд аймшигтай дүр зураг харагдсан. Нас барсан хоёр хүнийх нь цогцос үхсэн үхэр дундаас олдсон. Осол гараад удаагүй байхад нэг суудлын автомашин асгарсан буудайн дээр тоормос барилгүй гулгаж, онхолдсон чиргүүлийг мөргөж зогссон байсан” гэлээ.

Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Б.Бямбасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 1-ний 01.50 цагт гарсан уг ноцтой осолтой холбогдуулж “Хово Синотрак” автомашины жолоочийг шалгаж байгаа. Тариа будаа хурааж, хүнд даацын ачааны машинууд орон нутгийн замд олноор явж байгаа энэ үед жолооч нар техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаарах хэрэгтэй байна. ЗЦГ-аас Сэлэнгэ, Төв аймгийн замд хяналт шалгалтаа чангатгаад байгаа” гэв.


Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)