Чин үнэнчээр хөдөлмөрлөж буй холимог тулааны аварга О.Пүрэв Монголчуудаас тусламж хүсчээ

Монголын холимог тулааны аварга, "Шандас Дожо" клубын тамирчин Отгонжаргалын Пүрэв бол амьдралын төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөж буй Монголын мянга мянган залуусын төлөөлөл. Тэрээр 16 настайгаа холимог тулааны урлагаар хичээллэхийн сацуу гэр бүлээ тэжээхийн тулд Нарантуул захын урд зам дээр ус ундаа, машины үнэртүүлэгч зардаг бөгөөд зуны цагт нарны зам дээр ус ундаа, зайрмаг, жигнэмэг зардаг байна. Монголынхоо дэвжээг дуусгаад дэлхийн тавцанд өрсөлдөхөөр болсон тухай өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Сайн байна уу. Намайг О.Пүрэв гэдэг. Зодооны урлагийн оргил холимог тулаанаар хичээллэдэг, Нарантуул захын урд зам дээр ус ундаа, машины үнэртүүлэгч борлуулж амжиргаагаа залгуулдаг амьдралд хайртай, амжилт өөд тэмүүлж яваа жирийн нэг залуу байна. Би 7-8 настайдаа Амгалангийн вокзал дээрээс хаягдал нүүрс түүж, Нарантуул дээр хар цай, 50-ийн тор заран, муу хүүхдүүдэд дээрэлхүүлж явахдаа боксчин болно гэж шийдсэн. Тэгээд жаахан зав л гарвал тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болсон байна гэж төсөөлөн мөрөөддөг хүү байлаа. Ингээд боломж гарахгүй явсаар 16 настайгаасаа Нарантунгалаг багшийнхаа шавь болон тулааны спортоор хичээллэсэн. Өнгөрсөн хугацаанд би мөрөөдлийнхөө төлөө бэлтгэлээ тасралтгүй хийж, боломжийнхоо хэрээр амжилтаа ахиулж, алхам алхамаар урагшилж, хичээж зүтгэсээр ирлээ. “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг-ын 2008 оны аварга аваргын бүсний эзэн. Монголын UFC гэгддэг торон дотор зодолддог MGL-1-ын 57 кг-ын аварга, ММА-ын дүрмээр жиндээ тоглосон бүх тулаанаа хугацаанаас нь өмнө ялалтаар дуусгасныг маань тулааны урлаг сонирхогчид мэдэх байх. Холимог тулааны спортоор Монголдоо гаргаж болох амжилтуудаа гаргасан гэж бодож байгаа. Тамирчин хүний туйлын зорилго дэлхийн дэвжээнд өрсөлдөх, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгах. Олон улсад гарч өөрийгөө сорихыг маш их хүсдэг. Харин цэвэр бор зүрхээрээ зүтгэж яваа, замын голоор үнэртүүлэгч, ундаахан зардаг, эхнэр хүүхэд, гэр бүлийнхээ хэрэглээнээс илүү гардаггүй орлоготой надад гадаадад гарч тулалдана гэдэг биелшгүй холын мөрөөдөл шиг санагддаг байлаа. Гэтэл мөрөөдөл маань биелж ийм боломж нээгдэж байгаа тухай мэдээг аваад хөл газар хүрэхгүй байна. Энэ мэдээг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм.

Мөрөөдлөө биелүүлж, гадагшаа гарч тоглохын тулд би илүү сайн хичээж, эрчимтэй бэлтгэл хийх хэрэгтэй болж байна. Бэлтгэлээ эрчимжүүлэхэд шаардагдах, бас нааш цааш явах замын зардалын мөнгөө яаж олох вэ гэдэг нь миний хувьд хамгийн том асуудал болоод бна. Тиймээс би олон түмнээсээ мөрөөдөлдөө хүрэхэд минь сэтгэлээрээ туслаач гэж хүсэж байгаа юм. Гэхдээ би зүгээр мөнгө гуйхыг хүсэхгүй байна. Монгол ахандүүс минь ээ миний гаргаж буй нэрийн хуудас календарыг аваарай. 

Хаан банк: 5013091545
Хас банк : 5002607484

Та заавал утасныхаа дугаарыг бичиж явуулаарай. Би таны утсаар холбоо бариад ѳѳрийн биеээр хүргэж ѳгѳх болноо.Монгол түмэндээ Баярлалаа" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)