ЧИНИЙ Л МЭДЛИЙН АМЬДРАЛЫГ ЧАМААС ӨӨР ХЭН Ч СҮЙТГЭЖ ЧАДАХГҮЙ

Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Өнөөдөр солонго татан, нар гарч байхад, маргааш нь тэнгэр харанхуйлан, бороо орох нь ч бий. Гэхдээ л тэр бүхнийг даван туулснаараа амьдрал амттай, үнэ цэнтэй байдаг.

Тийм боловч бэрхшээлийг сөрж чадахгүй, яахаа мэдэхгүй байгаа залууст, зарим тохиолдолд дунд эргэм насныханд тусламж хэрэгтэй болдог. Иймд амьдралд ягштал хэрэгжүүлэх алтан дүрмийг гаргахгүй ч гэлээ ерөнхий барьж явах жанжин шугам гэж байна аа.

ХАНЬДАА ИТГЭ, ӨӨРИЙНХӨӨ БУРУУ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛ

Дэлхий дахинд сэтгэл судлаачдад хандаж буй асуудлын 80 орчим хувийг гэр бүлийн асуудал эзэлдэг гэнэ. Тиймээс энэ сэдэв мөнхийн сэдэв байх нь. Урьд өмнө гэр бүлээ хэрхэн бат бөх, аз жаргалтай болгох вэ, үр хүүхдээ хэрхэн өнчрүүлэхгүй байх вэ, ганцаардлаас хэрхэн гарах вэ, үзэн ядах нь зөв үү гээд ярьсаар л байсан шүү дээ.

Бараг хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас л энэ сэдэв хөндөгдөө биз. Гэтэл өнөөдөр нөгөө проблемууд хэвээрээ л байдаг. Гэр бүлийн асуудлын ихэнхэд “бие биедээ итгэл алдарсан” гэх онош тавьдаг. Үнэндээ тийм ч юмуу, үгүй ч юмуу.
Ихэнх хүн хүрээлэн буй орчин, харилцааныхаа дундаас олж авсан мэдээллүүддээ ухамсартай болон ухамсаргүйгээр ханддаг гэнэ.

“Эрэгтэй хүн бүр эхнэрээ араар тавих сонирхолтой” гэсэн яриаг өөртөө кодлон суулгачихдаг ажээ. Үүнд найз нөхөд, харилцаж байгаа хүмүүс бараг 75 хувиар нөлөөлдөг гэнэм. Тэгэхээр  бидний сайн найзууд үнэндээ зарим тохиолдолд дайснууд байдаг байна шүү. Харин эрчүүд “Эмэгтэйчүүд энгэр султай” гэсэн мэдээллийг бие биедээ маш идэвхтэй дамжуулдаг байна. Тэгээд л энэ төсөөллөөрөө эхнэрээ хараад байх нь тэр дээ.

Авсан мэдээллийнхээ үнэн, зөвийг шүүе гэж боддог ч үгүй бололтой. Ингэхээр “араар тавих” явдлыг хүйсийн хувьд харьцуулан үзэхэд төвөгтэй байгаа биз. Тэгвэл зөв хандлага, ойлголтыг хаанаас бий болгох вэ гэвэл ханьдаа итгэ, өөрийнхөө буруу хандлагыг л өөрчил.

АМЬДРАЛЫН УХААНГҮЙГЭЭР ХОРВООГ ТУУЛНА ГЭЖ ҮГҮЙ

Хүний амьдралд хайр, итгэл чухал ч ухаангүй бол хорвоог хэрхэн туулах. Угтаа бие биеэ өршөөж чаддаг байх хэрэгтэй гэх гээд байна. Алдаа хийж байгаагаа мэдээд, эргээд өршөөл эрээд ирж байгаа нэгнийг дахин бодолцох л учиртай. Хүний амьдралын гол утга учир нь гэр бүл.

Сайхан гэр бүлтэй хүн юунд ч итгэл төгс байдаг. Амжилттай яваа хүмүүсийн ард нөмөр нөөлөг болсон гэр бүл нь л байдаг шүү дээ. Гэтэл “насан туршдаа чамайгаа хайрлана” хэмээн амлаж байсан бүхэн нь хоосон үг болох тохиолдол сүүлийн үед газар авах гээд байна. Товчхон хэлэхэд гэр бүлээ “араар тавина” гэдэг өөрийгөө хуурч, үнэлэмжээ бууруулж байгаа л хэрэг юм.
Гаднынхныг дуурайж, гэр бүлээ хуурах нь тийм ч зөв биш сонголт. Барууны орнуудад эрэгтэйчүүдээ бодвол эмэгтэйчүүд нь өөрөөсөө залуу хүмүүсийг илүүтэй сонирхдог байна.

Тиймдээ ч 30-40 насны эмэгтэйчүүд 10-15 насаар дүү залуустай хосын харилцаанд орох явдал түгээмэл байдаг. Ахимаг насны зарим хүмүүсийн наснаасаа залуу сэтгэлгээ, орчин үеэ мэдэрч чаддаг мэдрэмж, амьдралын идэвх, оргилсон эрч хүч хүчтэй байдал нь тэднийг өөрөөсөө залуу хүн сонирхоход хүргэдэг байж болох юм. Харин Монголд эсрэгээрээ байдаг.

Мөнгөтэй эрчүүд нь залуухан охидоор гоёдог болсон гэсэн. Тиймээс л хорвоог амьдралын ухаангүйгээр туулах аргагүй гээд байна.

ЧИНИЙ Л МЭДЛИЙН АМЬДРАЛЫГ ЧАМААС ӨӨР ХЭН Ч СҮЙТГЭЖ ЧАДАХГҮЙ

Энэ үнэн биз дээ? Гэтэл бид өөрөө өөрсдөө л өөрийнхөө босгосон амьдралыг сүйтгэдэг. Гэр бүл салалт, өнчин хүүхэд, нууц амраг- энэ бол яахын аргагүй нийгэм-сэтгэлзүйн асуудал.  Нэгнийхээ сэтгэл зүй, сонирхол, үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, итгэл үнэмшил, зорилгыг танин мэдээгүйгээс, түүнтэй таарч нийцээгүйгээс шалтгаалан гэр орноосоо, сэтгэлээсээ дайжих хүсэл төрдөг бололтой. Нэг ёсондоо гэр бүлээсээ урвах сонрхол гэсэн үг.

Энэ сонирхол нь хүсэл болж, хүсэл нь бодлогогүй алхам болдог байна. Тиймээс гэр бүлийн тухай сэдэв нь эмзэг сэдэв бөгөөд үүний гадуур байх нэг ч хүн байдаггүй болохоор хүний сонирхлыг ямагт татсаар иржээ. Хүүхэд хүртэл энэ сэдвийн хамгийн том төлөөлөгч нь болдог шүү дээ. Угтаа тэр хүүхэд араар тавиагүй, хайртай гэсэн үгнээсээ урваагүй, аав, ээжээсээ өөр эцэг, эхийг сонирхоогүй хэрнээ л хохирогч нь болчихсон байдаг. Тиймээс бие биеэсээ уйдлаа гэхийнхээ өмнө үр хүүхдийнхээ ашиг сонирхлыг бодох учиртай.

Сүүлийн үеийн Солонгосын олон ангит кинонууд монголчуудад нэгэн сайн зүйл өгч байна гэж боддог. Тэр нь “хань аа” гэх үг. Өөрийг нь гомдоож байсан ч, өвтгөж байсан ч “Миний хайр аа, миний хань аа” хэмээх солонгос эхнэрүүдийн амны уншлага нь бидний амьдралд ч гэсэн нэвтэрч байгаа нь сайн хэрэг. Өнөөгийн залуус энэ үгийг их л халуун дотноор хэлэх болсон байна лээ. Ийм үг сонссон хүний толгойд салах тухай бодол орж ирнэ гэж үү?

Тиймээс гэр бүлийн нандийн харилцаа үнэхээр чухал юм. Тэгээд ч чиний мэдлийн амьдралыг чамаас өөр хэн сүйтгэх билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)