Чингэлтэй дүүргийн VII хороонд “мөсөн гулгуур” үүсжээ

Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг, Хувьсгалчдын гудамжны хэсэг газар мөстсөний улмаас оршин суугчид халтирч, гэмтэх болжээ. Үүний дагуу нөхцөл байдлыг сурвалжиллаа. Тус гудамжинд өчигдөр 12.00 цагийн үед очиход ойр хавийнх нь зам мөстөж, халтиргаа үүсэн, машин зорчих, хүн явахад бэрх болсон байв. Энэ нь ямар шалтгаантайг оршин суугчдаас тодруулахад “Ойролцоох газарт булгийн ундарга бий. Дөрвөн жилийн өмнөөс халиа үүсэх болсон. Зундаа шавар шавхайтай зууралдана, өвөл нь унаж, бэртчих гээд байх юм. Энэ жил харьцангуй гайгүй. Өнгөрсөн жил “аймшигтай” байсан. Бид өөр замаар тойрч гэр, ажлынхаа хороонд явдаг. Хүүхдүүдэд бүр хэцүү. Учир нь тойрч явдаг тэр хэсэг нь явган хүний замгүй. Машинд дайруулах уу, халтирч унаж бэртэх үү гэсэн сонголт л байна. Хорооноос арга хэмжээ авах нь ховор. Хааяа бодис асгасан тухай мэдээлэл сонсдог л юм. Гэхдээ дээрдсэн шинж алга” гэлээ. Машин зорчих, хүн явахад бэрх болсон энэ газарт хэн анхаарал тавих ёстой вэ. Ийм нөхцөл үүсээд байхад адаглаад хашаа татах, эсвэл анхааруулах самбар байрлуулмаар. Гэтэл тийм зүйл алга.

Чингэлтэй дүүргийн VII хорооны Засаг дарга Ц.Дуламжаваас энэ талаар лавлахад “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан энэ сарын 6-нд нөхцөл байдалтай танилцсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хорооныхон дээд шатны байгууллагуудад мэдээлэх л үүрэгтэй. Үүнийг шийдвэрлэх төсөв хороонд байхгүй. Ер нь оршин суугчид өөрсдөө болгоомжтой явах бус, бидэнд л бурууг үүрүүлэх юм. Ундраад байгаа усыг бид яах билээ. Газрын албаныхантай хамтран ирэх зун тухайн хэсэгт амьдарч буй айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Бэлтгэсэн: Э.Азжаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)