“Чингис хаан” музейг арванхоёрдугаар сард барьж дуусгана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар “Чингис хаан” музейн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын нэгдүгээр давхрыг цутгаж эхэлсэн ба 2020 оны арванхоёрдугаар сард дуусгаж хүлээлгэн өгөх боломжтой аж.

Засгийн газраас “Чингис хаан” хаадын музейг байгуулахаар 2019 оны долоодугаар сард шийдвэрлэж, 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурин давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхрын цутгалтыг эхлүүлжээ. 

Барилга угсралтыг “Билгүүн Монгол” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны арванхоёрдугаар сард барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. Барилгын хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилсон инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг чанар стандартын хяналтыг байнга тавьж байгаа гэж албаны хүмүүс мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж буй. Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна" гэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)