"Чингис хаан" дуурийг тайзны шинэчилсэн найруулгатайгаар дахин тоглоно

“Чингис хаан” дуурийг 2003 оны тавдугаар сарын 03-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа анх тавьж байсан билээ. Дуурийн хөгжмийг Б.Шарав /ТС, УГЗ/, Цомнолыг П.Бадарч/УГЗ/, Найруулагчаар Л.Эрдэнэбулган /УГЗ/, Ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх /АЗ/ нар ажиллаж байж. “Чингис хаан” дуурьт Бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол улсаа сэргээн мандуулж, их Монгол улсын тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис /бага насны нэр-Тэмүүжин/ Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн /1171-1189 /он хүртэлх амьдрал, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааны түүхийг өгүүлсэн байдаг.

Тус дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш монголчуудын аж байдал, XIII зуунд яаж амьдарч байсан, ямар зөрчил, тэмцэл тэнд явагдаж байсан юм бэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Дуурь гэдэг бол өвөрмөц урлаг бөгөөд тайзнаа зөвхөн дуулдаг, ярьдаггүй учраас “Чингис хаан” гэдэг том түүхэн сэдвийг хөндөж дууриар илэрхийлэхэд хэцүү байсан аж. “Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш УДБЭТ-ын урын сангийн байнгийн бүтээл болж тайзнаа тасралтгүй тоглогдож байсан бөгөөд 2016 онд буюу 13 жилийн дараа тайзны шинэчилсэн найруулга хийгдсэн. Дуурийн тайзны шинэчилсэн найруулгийг УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж хийсэн. Ийнхүү шинэчилсэн найруулга хийгдсэний дараа 2017 оны нэгдүгээр сарын 21, 22-нд 3, 4 дахь удаагаа тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж, гол ба туслах дүрүүдэд Тэмүүжин-Ч.Энхтайван /СТА/, Э.Бумхүү /СТА/, Өүлэн эх-Р.Доржхорол /СТА/, М.Дариймаа /СТА/, Бөртэ үжин-Ш.Наранчимэг /СТА/, Б.Энхнаран, Жамуха-Б.Батжаргал, Г.Шижирболд /СТА/, Ван Хан-О.Хүрэлбаатар /СТА/, С.Бат-Эрдэнэ, Хасар-Ч.Түмэндэмбэрэл /СТА/, Ч.Түмэндэмбэрэл /СТА/, Билгүтэй-Л.Бүүвэйбаатар, Боорчи-С.Бат-Эрдэнэ, Э.Амарсайн, Сохатай-М.Дариймаа /СТА/, Ц.Цэрэнчунт, Орбай-Э.Адъяасүрэн, С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Хадаан-Б.Одонзаяа, Чирхай-О.Анхбаяр, Т.Одбаяр, Мэнлиг эцэг-Э.Мөнхтөр, Сочигэл-М.Толхын, Эргүүлийн ахлагч-М.Намнанбаатар, А.Наранбаатар, Эргүүлийн туслах-Г.Тулга, Эргүүлийн цэрэг-Эрэгтэй найрал дуучид, Дорой хөвгүүн-Б.Гантөмөр, Жарчуудай-Б.Мөнхтөр, Цотон-Б.Эрдэнэтуяа, Зэв-Ц.Пүрэв, Зэлмэ-Г.Дашчанрав, Мэдээч-Д.Энхбилэг, УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид, симфони найрал хөгжим оролцон тоглоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)