“Чингис хаан АН-ын гишүүн байсан”

Бүр байчихаад Их эзэн Чингис хаанаа улс төрдөө татан оролцуулах талцал л дутах болов. Сум, уул ус, анги танхимын нэр тойрч маргах, солих, өөрчлөхөөс өөр хийх ажил манай хууль тогтоогчдод байх л ёстой. Гэтэл үндсэн ажлаа умартчихаад нэг иймэрхүү юмаар оролдож, хамаг бүртгэл, мэдээлэл будлиантуулж суух юм.

АН-ынхан гарч ирээд Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хааныхаар овоглуулсан. Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис хот болгосон. Тэгвэл МАН эрх барьж эхэлмэгц өнөөх талбайн нэрийг буцаагаад хуучнаар нь болгов. Одоо Хэнтий аймгийн төв Чингис хотын нэрийг өөрчлөхөөр УИХ-аар хэлэлцэж сууна.

Төрийн ордонд А, Б хэмээх хурлын хоёр танхим бий. Үүний нэгийг МАН-ынхан “Сүхбаатарын танхим”, нөгөөг нь АН-ынхан “Чингисийн танхим” болгон өөрчлөөд удаж байна. Бас болоогүй, тус тусын танхимдаа “бэлгэдэл”-үүдийнхээ зургийг залчихсан. Хэн нэг нь эрх барьж, ээлж солигдох үед танхимын хаягийг, доторх зурагтай нь хамт зөөж гүйдэг уламжлал тогтчихоод буй.

Энэ бүхнээс үзэхэд, ерөөс Чингис хаан АН-ынх, Д.Сүхбаатар МАН-ынх гээд өмчлөөд авчихаж. Нийгмийн сүлжээнд улстөрчдийн энэ хошин үйлдлийг хараад “МАН-ынхан Чингис хаанд дургүй бололтой. Учир нь их хаан АН-ын гишүүн байсан юм биш үү” гэсэн егөө яриа тархжээ. Юу ч гэх вэ дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)