Чингис хааны нутагт хөгжиж буй спортын шинэ төрөл

Олон зуун жилийн турш үе дамжиж ирсэн уламжлал, ёс заншлаар баялаг улс бол Монгол. Нүүдэлчний соёл, уламжлал ихээхэн түгсэн энэ улсад хүмүүсийн анхаарлыг татах нь барууны ямар ч спортын төрлийн хувьд том сорилт болно.

Гэвч Улаанбаатар хотоос өмнө зүгт орших Чингисийн хүрээ жуулчны баазад, шагай няслах, морин дээрээс бай харвах зэрэг уламжлалт наадаан дунд нэгэн эр рагбигийн спортыг Монголд дэлгэрүүлэхээр чармайж байгаатай таарч болно.

Ганболдын Хосбаяр ихэнх монгол хүүхдийн адил ирээдүйд бөх болох мөрөөдөлтэй байв. Гэвч олон удаагийн гэмтэл нь түүнийг тус улс дахь хамгийн түгээмэл спортыг орхиж рагбиг сонгоход хүргэжээ. “2003 онд би үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Гэмтлийн улмаас эмнэлэгт олон удаа хэвтэж, хүнд үеийг туулсан. Тухайн үед яаж спортдоо эргэж ирэх вэ, энэ бүхнийг яаж даван туулах вэ гэж боддог байлаа. Нэг удаа найз минь намайг эргэж ирэхдээ рагбигийн сэтгүүл авчирсан юм. Түүн дээрх хүчтэй, эрүүл тамирчдын зургийг тэр харуулаад энэ спортоор оролдоод үзье, энэ бол жинхэнэ эрчүүдийн спорт гэж хэлсэн. Гэвч би ахин эрүүл, хүчтэй болж чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Гэсэн ч би мөрөөдлөө дагаад бэлтгэл хийх болсон” хэмээн тэрбээр дурсав.

Энэ бол монголчууд рагбигийн олон улсын тэмцээнд анх удаа оролцохоос зургаан жилийн өмнөх явдал. Г.Хосбаяр мэргэжлийн тамирчин болохоор Хонгконгийг зориод эргэж ирэхдээ энэ спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхээр сэтгэл шулуудсан байв.

Монголчууд анхны албан ёсны тэмцээндээ оролцсоноос хойш 10 жил өнгөрөхөд мэдэгдэхүйц ахиц гарчээ. Гэвч бэрхшээл байсаар. “Ямар ч спортод амжилт гаргахад бэлтгэл тун чухал. Гэвч өвөл нь зургаан сар үргэлжилдэг Монголд байнгын бэлтгэл хийх хэцүү. Хэчнээн дуртай ч өвөл -30 хэмийн хүйтэнд цасан дээр тоглох амаргүй” гэж Г.Хосбаяр хэллээ.

Гэвч энэ жил хавар эрт ирснээр жил бүрийн гуравдугаар сард болдог “цасны рагби” тэмцээнд олон баг оролцжээ. “Рагби бол Монголд тун эрчимтэй хөгжиж байгаа спортын төрөл. Одоогоор эрэгтэй найм, эмэгтэй таван багт 300 гаруй тамирчин хичээллэж байна” гэж тэр өгүүллээ. Түүний хэлснийг батлах “гаднын хүмүүсийн” нэг бол Монголд аж төрдөг, АНУ-ын армийн эмэгтэй багийн дасгалжуулагч асан Леланд Бернард Стеж юм. Тэрбээр “Монголчууд рагби тоглохоор төрсөн, төрөлхийн бие бялдар сайтай хүмүүс. Тэд цохих, мөргөлдөх, барилдах дуртай, бас их хурдан” гэв. Харин Монголын рагбигийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Гансүх “Соёл, түүхийн талаас авч үзвэл монголчууд тулааны спортод их сонирхолтой, дуртай. Рагби бол багийн тулааны спорт. Үүгээрээ олон хүний сонирхлыг татаж байна. Рагбигийн дэлхийн цомын тэмцээн энэ жил Азид болох гэж байгаа нь Монголд уг спортыг сонирхогчдын тоог нэмэхэд хувь нэмэр болно гэдэгт найдаж байна” гэлээ.

Мөн тэрбээр эл спорт нь зөвхөн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх эсвэл онцгой хэдэн тамирчин амжилтад хүрдэг мэргэжлийн спорт төдий биш гэж үзэж буйгаа илэрхийлэв. “Зарим залуу тамирчин маань багадаа их хүнд амьдрал туулж, буруу шийдвэр гаргаж байсан. Тэд амьдралын хатуу хөтүүг үзэж, зарим нь хүнд гэмтсэн. Гэвч рагбигийн спорт тэднийг өөрчилж чадаж байна. Энэ спорт тэдэнд итгэл найдвар, эр зориг өгсөн” хэмээн тэрбээр нэмж хэллээ.

Монголд рагбигийн спорт хэрхэн хөгжиж буй талаар CNN-ийн сэтгүүлч Йоган Макгуайрын бичсэн нийтлэлийг товчлон орчуулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)