“Чимээгүй яриа”-нд нэгдээрэй

“976” галерейд уран бүтээлч Б.Хишигсүрэн “Чимээгүй яриа” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн эл уран бүтээлч голчлон морь болон хүн, байгалийн холбоосыг дүрслэн, тосон будаг, өнгийн харандаа, акрил гэх мэт холимог техник ашиглан бүтээлээ туурвидаг. Эх орондоо 40 гаруй, АНУ, БНСУ, БНХАУ, Япон, Их Британи зэрэг оронд 10 гаруй үзэсгэлэнд оролцож бүтээлээ олон нийтэд үзүүлж байсан юм.

Тэрбээр үзэсгэлэнгийнхээ талаар “Заримдаа зүгээр л чимээгүй сууцгаах нь хамгийн сайхан ярилцлага болдог. Өөр хэл соёл, уламжлал, шашинтай хүмүүс ч сэтгэлээрээ, харцаараа ярилцдаг. Харин адгуус амьтад, жигүүртэн шувууд яадаг бол. Тэд ч бас харилцан ойлголцож ярилцдаг байх. Техник, технологийн хөгжил нь бидний амьдралд олон сайн талуудыг авчирч байгаа ч, хүний дотоод болон гадаад ертөнцтэйгөө харилцах харилцааг улам хөндийрүүлж байх шиг санагдана. Заримдаа амьтад хоорондоо биднээс илүү бие биеэ ойлгодог болов уу гэж бодоход хүргэх юм. Энэ бодлоо би бүтээлээрээ дамжуулан өгүүлмээр санагдсан” гэв. “Чимээгүй яриа” үзэсгэлэнг энэ сарын 20 хүртэл үзэх боломжтой.


Бэлтгэсэн: А.Хангай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)