Чили улс зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Чукуикамата нь дэлхийн зэсийн хамгийн том ил уурхай юм

Зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили улсын олборлолт энэ оны эцэст хоёр хувиар нэмэгдэн, зургаа гаруй сая тоннд хүрэхээр байгаа гэнэ. Мөн ирэх жил дөрвөн хувиар өсөхөөр байгаа тухай mining. com цахим хуудсанд мэдээлжээ. Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Antofagasta” компанийн үйлдвэрлэл 1-9 дүгээр сард 21 мянган тонноор багассан бол энэ улиралд нэмэгдэхээр буй аж. Тэд 2018 онд нийт 705- 725 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвтэй бол ирэх жил дээрх тоо 750-790 мянган тоннд хүрэх юм байна. “Fitch solu¬tions”-ын судалгаанд дурдсанаар тус улс дахь ордуудын зэсийн агуулга буурч байгаатай энэ нь холбоотой гэнэ. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү их хүдэр боловсруулах, улам гүнээс олборлолт хийх болж буйгаас шалтгаалж компаниудын зардал нэмэгдэх төлөвтэй аж. “Anglo American” компанийн тухайд энэ оны эхний гурван улиралд үйлдвэрлэл нь 54 100 тонноор өссөн нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар илүү дүн юм. 

Чили улсын зэсийн агуулга (дунджаар, хувиар)

Тэгвэл Чилийн төрийн өмчит, дэлхийд томд тооцогддог, Монголд төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй “Codelco” компанийн зэсийн үйлдвэрлэл 1.7 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөхөөс 2.8 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Чукуикамата ордын далд уурхайн олборлолт тус компанийн үйлдвэрлэлийг цаашид өсгөх гэнэ. 1882 онд нээсэн энэхүү уурхайгаас дахин 50 жил олборлолт хийх боломжтой хэмээн тооцож байгаа аж. Тэгвэл BHP, “Rio tinto”-гийн хамтран эзэмшдэг Эскондида уурхайн үйлдвэрлэл 1-9 дүгээр сард 4.25 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөх мөн үеийнхээс 7.3 хувиар өссөн дүн юм байна. Чили дэх Мичиллагийн ордоос “Haldeman mining” компани 2019 онд олборлолт дахин эхлүүлэх бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд нийт 170 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Ташрамд дурдахад, энэ жил Чилийн зэсийн компаниудад ажилчдын гэрээтэй холбоотой маргаан олон иржээ.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)