Чиг үүргийн гэхээсээ мэдлэгийн эдийн засагт тулгуурласан инновацийн яамтай болмоор байна гэв

УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас томилсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах баг өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллав.

Хэлэлцүүлэгт Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр болон Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын иргэд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн албан хаагчдыг улстөржүүлж ажлаас хоморголон халдаг байдлыг цэгцлэнэ. Хууль шүүхийн байгууллага нэг талд ажилладаг байдал мөн байхгүй болно. Монгол Улс  тусгаар тогтнож, ардчилсан тогтолцоонд шилжсэнээр иргэд хувийн өмчтэй болж, гаднын улс оронд чөлөөтэй зорчдог болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мөн шүүх эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржинэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулиар нийслэл, аймаг дүүрэг хот тосгон болгох заалт туссан. Энэ заалтад тулгуурлан бид Замын-Үүд суманд онцгой ач холбогдол өгч байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн асуудал  гэж ойлгож болно” гэлээ.

Замын-Үүд сумын иргэд УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгож байгаа нь дордуулсан долоон заалтын нэгийг ч болов сайжруулахыг онцолж байсан юм. Цаашид цаг хугацаанд баригдахгүй, хуулийн төсөлд тусгасан заалтуудаас гадна иргэдийн үнэтэй саналыг тусгах ёстой цөөнгүй иргэд хэлж байлаа. Замын-Үүд сумын хувьд 18 мянган оршин суугчтай хэдий ч төмөр зам, гаалийн хяналт шалгалтыг дагаад бүртгэлгүй оршин суугч олон байна. Тиймээс цаашид хотын статустай болох нь тал бүрийн ач холбогдолтойг нутгийн удирдлагууд нь онцоллоо.

Хатанбулаг сумын иргэн Н.Энхцэцэг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай нь илэрхий болсон зүйл. Төрийн алба УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаараад тогтворгүй болсон. Төрийн албан хаагчийг халж, шинээр томилсноор төрийн үйлчилгээ тогтворгүй, муудаж байна гэж хэлж болно. Төрийн хяналт гэж байхгүй болсон. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албан хаагчийн мэргэшсэн байдлаар нь ажиллуулах заалт орж байгааг дэмжиж байна.

Замын-Үүд сумын иргэн Ц.Оюунсүрэн “Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон улсад шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлыг үндэслэл, тооцоо судалгаатай  тусгасан байна. Орон нутгийн харьяалалтай хот гэсэн заалт орж байгаа нь манай Замын-Үүд сумын хувьд ихээхэн ач холбогдолтой. Аж үйлдвэрлэл, дэд бүтэц дагаад хот болон хөгжих боломжтой.

Өргөн сумын иргэн Т.Эрдэнэцолмон “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт ард иргэдээ хамруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь маш үнэтэй санал гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Төрийн албан хаагч улс төрийн харьяалалгүй чадварлаг, тогтвор суурьшилтай, мэргэшсэн байхыг дэмждэг. Мөн хариуцлага их чухал байна. Төрөөс ямар нэгэн тогтоол шийдвэр гаргасан бол эргээд хэрэгжилтэд хяналт тавьдаг баймаар байна” гэв.

Замын-Үүд сумын иргэд Засгийн газрын гишүүн “давхар дээл”-тэй байхыг дэмжихгүй, мөн Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг байх нь Засгийн газрыг байнга огцруулах санал оруулж ирэх нөхцөл бүрдүүлж байна гэх саналыг хэллээ.  Цаашлаад багийн Засаг даргыг шууд томилох нь сайн талтай гэж хуулийн төсөлд тусгаж байгаа ч цэвэр улс төрийн томилгоо болж буйгаараа сөрөг тал бий гэдгийг ч хэллээ. Мөн чиг үүргийн яам гэхээсээ мэдлэгийн эдийн засагт тулгуурласан инновацийн яамтай болмоор байна гэх санал ч гаргав. Хэлэлцүүлэг Сайншандад үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)